Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа хар тамхины хэргээр Каир хотын шүүхээс цаазын ял сонсоод байгаа билээ. Түүнийг синтетик хар тамхи бэлтгэх, зарж борлуулах сүлжээ үүсгэж, санхүүжүүлсэн хэрэгт буруутгасан.
Сара бол “Al-Mehwar” хувийн телевизийн гэмт хэргийн тухай өгүүлдэг “Mission Impossible” нэвтрүүлгээрээ алдаршсан сэтгүүлч. Өнгөрсөн Бямба гарагт түүнд бүлгийн 11 гишүүний хамт ял оноосон юм. Тэднээс 9 нь бүх насаараа хоригдох ял авч, хоёр нь цаазын ял сонссон.
Харин Сарагийн өмгөөлөгч Мохамед Эль-Генди Дээд шүүхэд давж заалдаж байгаа, хэрэг дуусах болоогүй гэж мэдэгдлээ.
Эхлээд хэвлэл мэдээллээс Сара Халифа синтетик гашиш бэлтгэсэн гэж мэдээлж байсан ч мөрдөн байцаалтаар илүү хүчтэй, хүний тархинд нөлөөлдөг синтетик каннабиноид гэдэг бодис болж таарсан. Гэхдээ энэ бодис Египет улсад хориглогдсон мансууруулах бодисын жагсаалтад байдаггүй ажээ. Тиймээс өмгөөлөгч нар Сарад ийм хүнд ял оноох ёсгүй гэж заалдаж байгаа юм.
Хэргийг сануулахад 2025 оны дөрөвдүгээр сард Египетийн цагдаа нар хар тамхи үйлдвэрлэдэг том сүлжээ илрүүлснээ зарласан. Каир хотын хоёр байршилд нэгжлэг хийж, 750 кг хар тамхи хураан авчээ. Гэмт бүлэглэл түүхий эдээ гадаадад худалдан авч, гоо сайхны бараанд нуун, хилээр оруулж ирээд лабораторид үйлдвэрлэдэг байсан нь тогтоогдсон. Харин Сара энх бүх ажиллагааг санхүүжүүлж, гадаадын түншүүдтэй нь холбож өгдөг байжээ.
Египетэд онц хүнд гэмт хэрэгт цаазын ял оноодог хэвээр байгаа. Өнгөрсөн 2025 онд 23 гэмт хэрэгтнийг цаазалжээ.
