ОХУ-ын Хабаровск хотод боссон нэгэн хөшөө Япон орны ард түмэн, засгийн газрын дургүйцлийг ихэд хүргэж байгаа юм. 1945 онд милитарист Японыг ялсны ойд зориулсан хөшөө бөгөөд Оросын цэрэг, түүхийн нийгэмлэгээс бүтээжээ. Зөвлөлтийн автомат буутай цэрэг хагарч сүйдсэн хилийн чулуун дээр гишгэж байх бөгөөд чулуун дээр Япон улс, Эзэн хааны гэр бүлийн бэлгэ тэмдэг болсон хризантем буюу шиваантиг (Японоор Kiku буюу Кикү) цэцэг байх ажээ. Энэ цэцэг нь Японд гадаад паспорт, Элчин сайдын яамдын хаяг, 50 иений зоос, мөн төрийн дээд шагнал болох "Хризантемийн одон"-д дүрслэгдсэн байдаг ариун цэцэг юм.

Японы ГХЯ, дараа нь Ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгдэл гаргаж, хөшөөг өөрчлөхийг албан ёсоор шаардлаа. Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Энэ бол салхинаас үлээхгүй байхыг, нарнаас гэрэлтэхгүй байхыг шаардсан мэт зүйл байна” гэж хариуд нь мэдэгдсэн юм.
Энэ хоёр улс одоо болтол Энхийн хэлэлцээр байгуулаагүй байгаа. Курилын дөрвөн арлын асуудал маргаантай хэвээр байдаг.
Энэхүү маргаанд БНХАУ-ын тал Японыг буруутгаж, ГХЯ-ны сайд Мао Нин “Япон улс түүхээс сургамж авч, цэрэг дайны бодлогоо зогсоож, үйлдлээрээ хөрш орнуудынхаа итгэлийг олж авах ёстой” гэж мэдэгдсэн байна.
