UBLife Logo
Дэлхий

Дональд Трампын хүү Монголд төөржээ

Дональд Трампын хүү Монголд төөржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд, Казахстаны аяллын влогчин Дастан Мухамедрахимтай хамт наймдугаар сарын сүүлээр  Монголд аялжээ. Тэрээр 2019 онд мөн Монголд ирж байсан билээ. Энэ удаад түүний аялал тун сонирхолтой, эрсдэлтэй болсон талаар Дастан Мухамедрахим инстаграм хуудсандаа мэдээлсэн байна.

Казах залуу “Ийм явдал Холливудад ч болж байгаагүй. Трампын хүү бид хоёр Монголын ууланд төөрсөн. Зам хайгаад олдохгүй, яаж уул давах, гол гатлахаа мэдэхгүй гацаад хэцүү байдалд орсон. Нэг үгээр хэлэхэд богино хэмжээний кино” гэж бичсэн байна. Гэхдээ тэдэнд монголчууд морь авчирч өгснөөр аялал нь эсэн мэнд өндөрлөжээ. Трамп аяллаа дуусгаад хувийнхаа онгоцоор Эстони улс руу ниссэн байна.

Дональд Трампын хүү Дональд, Эрик нар Казахстанд уул уурхайн бизнестэй тул Казахстанд байнга очдог. Харин Монголд ирэхдээ тэд Баян-Өлгий аймгийн Жандос Конторбайн гэрт зочилдог. Жандос хэдэн жилийн өмнө гадаадын жуулчдыг гэртээ хүлээн авч, хөдөө аялуулдаг үйлчилгээ нээжээ. Гэхдээ тэр жирийн нэг гадаад хүмүүсийг хүлээж аваад байдаггүй. Түүний гэрт Америк тэргүүтэй барууны орнуудын алдартнууд, баячууд зочилдог.

Жандос зочдодоо хээр талын амьдралыг танилцуулж, морь унуулан, байгалийн үзэсгэлэнт газруудаар дагуулж явдаг. "Би казах хүн, Улаанбаатарт амьдардаг. Багаасаа бизнес эрхэлсэн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хотын хөл шуугианаас холдож, сайхан амрах гэсэн гадаадууд надад ханддаг. Тэд гар утсаа хааж, хээр талаар аялж, малчин ардуудын амьдралыг үзэхийг хүсдэг. Нүүдэлчин амьдралын хэв маяг тэдний сонирхлыг татдаг ч дэлхий дээр жинхэнэ нүүдэлчин ард түмэн ховор. Монгол, казахууд бол жинхэнэ нүүдэлчид. Гадаадын улстөрчид, одод тансаг сайхан зочид буудалд байрласаар уйдсан хүмүүс байдаг. Харин бид тэдэнд гэрт амьдарч, морь унан, шонхрын ан хийх боломж олгодог” гэж ярьжээ.

Жандос Туркт дээд боловсрол эзэмшсэн, турк, англи, казах хэлтэй. Ихэнх алдартан тэднийд хувийн онгоцоороо ирдэг бол заримыг нь Өлгийгөөс нисдэг тэргээр угтдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...