“Айчи – Нагояа” Азийн наадмын жүдо бөхийн барилдаан эхэллээ. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн 4 жингийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулах юм.
Эрэгтэй 66 кг жинд “Будапешт-2025” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк эхний барилдаандаа Афганистаны Хикматулла Рахманиг торгуулиар ялсан. Шөвгийн наймд өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2026 оны Ази тивийн аварга Тажикистаны Нурали Эмомалиг ялж, хагас шигшээд Парисын олимпын хүрэл медальт, Казахстаны Гусман Кыргызбаевыг барилдааны төгсгөлд үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялснаар ийнхүү Азийн наадмын аваргын төлөө шалгарлаа. Финалын өрсөлдөгч нь Узбекистаны Нутфуллоев Абдурахим Шухратович. Астана, Улаанбаатарын Их Дуулга тэмцээний аварга бөх. Медалийн барилдаанууд үдээс хойш 16:00 цагаас эхлэх юм.

Харин эрэгтэй 60 кг жинд барилдсан Монгол улсын гавьяат тамирчин Энхтайваны Ариунболд шөвгийн наймд Казахстаны бөх Олимп, Дэлхийн аварга Елдос Сметовт даралтаар цэвэр ялагдлаа. Улмаар дагах барилдаанд ялагдсанаар Азийн наадмаа дуусгалаа.

Эмэгтэй 48 кг-д ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, 52 кг жинд Баянмөнхийн Уранзаяа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.


Фото: Д.Бямбажаргал Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
