UBLife Logo
Спорт

К.Ёолк Азийн наадмын аварга боллоо

К.Ёолк Азийн наадмын аварга боллоо

“Айчи – Нагояа” Азийн наадмын жүдо бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Монголчуудын гол найдвар тавьж байгаа төрөл бол яах аргагүй жүдо бөх. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн 4 жингийн барилдаанууд явагдаж, эрэгтэй 66 кг жинд “Будапешт-2025” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Финалын өрсөлдөгч нь Узбекистаны 24 настай Нутфуллоев Абдурахим Шухратович. Астана, Улаанбаатарын Их Дуулга тэмцээний аварга бөх. Харин манай К.Ёолк 25 настай. 2025 онд анх удаагаа ДАШТ-д зодоглож, шууд хүрэл медаль хүртэж, шуугиан тарьсан эр.

ОУХМ Казирбекийн Ёолк эхний барилдаандаа Афганистаны Хикматулла Рахманиг торгуулиар ялсан. Шөвгийн наймд өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2026 оны Ази тивийн аварга Тажикистаны Нурали Эмомалиг ялж, хагас шигшээд Парисын олимпын  хүрэл медальт, Казахстаны Гусман Кыргызбаевыг барилдааны төгсгөлд үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялснаар ийнхүү Азийн наадмын аваргын төлөө шалгарлаа.

Аваргын барилдаан эхлээд тун удалгүй К.Ёолк узбек залууг хутгаж унагаан, даралтад оруулан, дарсаар иппон цэвэр яллаа.

К.Ёолк өнгөрсөн жил анх удаагаа ДАШТ-д ороод хүрэл медаль авч байсан бол энэ удаад анх удаагаа Азийн наадамд ороод түрүүлж чадав. Монголын багийн алтан медалийн эхлэл энэ байлаа.

Гэрэл зургийг Ч.Ганбат

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...