Энэ сарын 4-нд Азербайжаны Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Өчигдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг жингийн барилдаан болж, эмэгтэй 48 кг –д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга МУГТ Бавуудоржийн Баасанхүү хүрэл медалийн төлөө Франц улсын тамирчин Ширин Боуклитэй барилдаж, ялагдлаа. Тэрээр шагналт тавдугаар байр эзэлсэн амжилттай. Өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг жингийн барилдаантай.
Эрэгтэй 66 кг

Энэ жингийн гол онцлог бол хоёр япон бөх. Алдарт Абэ Хифүмид эн тэнцүү өрсөлдөгч гараад ирсэн. Хифүми Абэ, Такэши Такэока хоёрын хэн нь 2028 оны олимпод оролцох вэ гэдэг өрсөлдөөн энэ ДАШТ-ээс эхэлж байна. Тун сонирхолтой.
Нурали Эмомали бол өнгөрсөн ДАШТ-ий мөнгөн медальт. Гол асуудал нь Азийн наадмын ядаргаа гарсан эсэх.
Хориг цуцлагдсан ОХУ-аас Европын аварга Мурад Чопанов, Рамазан Абдулаев хоёр ирсэн.
Азербайжанчууд хүчирхэг гурван эрийг сойсон нь Руслан Пашаев, Туран Байрамов, Низами Имранов.
Битүү мориор Финландын Лукас Саха, Болгарын Боян Йотов, Молдавын Раду Изворяну тооцогдож байна.
Монгол улсаас эрэгтэйчүүдийн 66 кг жинд 2026 оны Унгарын их дуулгын мөнгөн медальт Ө.Бямбасүрэн барилдана. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Тайван, Киприйн бөхчүүдийн ялсантай барилдана.
D хэсэгт МУГТ Ё.Басхүү мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Унгар, Их Британийн бөхчүүдийн ялсантай барилдах оноолттой байна.
Эмэгтэй 52 кг

Мэдээж хамгийн түрүүлэх боломж өндөр нь Японы Үта Абэ.
Абэгийн дараа нэрлэгдэж байгаа нь дэлхийн чансааны 2 дугаарт бичигдсэн Италийн Одетт Жуффрида.
Испаниас хоёр сайн жүдоч ирсэн нь Аюми Лейва Санчез, Ариана Торо Солер нар.
Баллхаус эгч дүүсийн нэг Маша Баллхаус медалийн төлөө үзэлцэнэ.
Битүү морьд – АНЭУ-ын Б.Хорлоодой, Унгарын Роза Гёрташ, Река Папп нар.
Энэ жинд манай улсаас В хэсэгт Б.Уранзаяа эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Канадын бөхтэй учраа таарсан. Харин D хэсэгт Ази тивийн аварга М.Нандин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхтэй барилдах оноолттой байна.
