Сүүлийн үед ОХУ-ын Буриадад баавгайн аюул ихсэж байна. Өчигдөр гэхэд хөдөө тосгонд баавгай 55, 80 настай хоёр хүний аминд хүрчээ. Түнхэний Үндэсний хүрээлэнд энэ намар 10 баавгай агнажээ. Аялал жуулчлалыг зогсоохгүйн үүднээс жуулчлалын маршрутаар буутай хамгаалагч гаргаж байгаа ч хамгаалагчийн цалин нэг цагт 2500 рубль байгаа тул аяллын салбар хүнд байдалд оржээ. Мөн энэ намар нийт 37 сургууль их бага хугацаагаар баавгай үзэгдсэн, халдсан явдлаас болж, зайн хичээлд шилжээд байгаа гэнэ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов “Японд ч баавгайн аюул нэмэгдэж байна. Тэнд энэ жилийн 4-9 дүгээр сард 6 хүн баавгайд бариулж, амиа алджээ. Буриадад бид байдлыг хяналтад байлгаж байгаа. Сүүлийн хоёр өдөр гэхэд баавгай суурин газарт орж ирсэн 14 дуудлага хүлээн авлаа. Дуудлага болгонд тусгай анчин очиж байгаа. Энэ жил 356 баавгай агнасан ч тоо толгой нь цөөрөхгүй байна. Хоол ундны хомсдолд орсон баавгай ичдэггүй тул өвөл улам аюултай болно” гэж анхаарууллаа.
Буриадын тэргүүн Алексей Цыденов нэг баавгай агнасан шагналд 7000 рубль олгодог байсныг 15 мянгаар нэмж, 22000 рубль (922000 төгрөг) болгосон байна.
