АНУ-ын Дээд шүүхээс Теннесси муж улсад 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлах шийдвэр гаргасан нь ихээхэн шуугиан тарьсан билээ. Тэгвэл тэр цаазлуулсан 50 настай Криста Пайк хэмээх эмэгтэй нь хоёр үхлийн тариа хийлгээд амьд үлдсэн нь улам их дуулиан болсон. Пентобарбитал хэмээх бодисыг хоёр удаа судсанд нь хийгээд тэр үхээгүй, амьсгалсаар байсан юм.
Хэргийг сануулахад Пайк 30 жилийн өмнө 18 настай байхдаа ангийнхаа охины амь насыг бүрэлгэсэн хэрэг үйлдэж, цаазын ял сонссон. Хэргийг буцааж, дахин мөрдөж, давж заалдсаар 30 жил өнгөрсөн байсан билээ.
Бүтэлгүйтсэн цаазын ялын дараа түүнийг түргэн тусламжийн тэргээр шоронгоос эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал хүнд байгаа. Кристагийн өмгөөлөгчдийн Мягмар гарагт мэдээлснээр тэрээр ухаан орж, ярьж чадаж байгаа гэнэ. Эмч нар түүний биеэс пентобарбитал бодисыг гаргахаар ажилласаар байна.
АНУ-ын хууль ёсоор цаазын ялаар шийтгэгдсэн хэрэгтэнд ердөө хоёр л удаа үхлийн тариа хийх ёстой гэнэ. Хэдийгээр биеийн байдал нь хүнд байгаа ч эмнэлэгт түүнийг гав, ортой нь холбосон дөнгөтэй эмчилж байгаа ажээ. Өмгөөлөгч нарын мэдээлснээр тэд цаазын ялын өмнө Пайкийн судасны өвөрмөц бүтэц цаазын ялын гүйцэтгэлд хүндрэл учруулж, хэрэгтэнд маш их өвдөлт авчирна гэдгийг анхааруулж байжээ. Криста Пайк цаашдаа урт хугацааны сэргээх эмчилгээнд орох болно.

Энэ бол АНУ-ын түүхэнд анх удаа цаазын ялтан хоёр үхлийн тарианы дараа амьд үлдсэн тохиолдол болсон. Харин цаашдаа юу болох нь тодорхойгүй. Теннесси мужийн дарга 2026 онд гүйцэтгэхээр төлөвлөөд байсан бүх цаазын ялыг цуцлаад байгаа бол ялыг гүйцэтгэсэн шоронгийн дарга ажлаа өгөхөө мэдэгдсэн.
Өмгөөлөгч Пайк Стивен Феррелл “Криста амьд үлдэж магадгүй. Гэсэн ч тэр хэзээ ч бүрэн эдгэрэхгүй. Түүний тархи гэмтсэн байх магадлал өндөр. Теннесси мужийн амбан захирагчид хандан би цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар солихыг уриалсан. Тэр үхлийн тариа хийлгэн, маш их зовж, шаналсан. Криста шоронд 30 жил болохдоо ихэнх хугацааг ганц хүний камерт өнгөрөөсөн. Ямар их зовсныг нь хэн ч хэлж чадахгүй” гэж ялыг нь хөнгөлөхийг уриалаад байна.
Засгийн газар, шүүхээс 50 настай Пайкийг дахин цаазлах эсэх талаар ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Мөн яагаад цаазын ялыг гүйцэтгэж чадаагүй талаар тайлбар өгөөгүй хэвээр байна.
