UBLife Logo
Ном

Нобелийн утга зохиолын шагналын эзэн - Энн Карсон

Нобелийн утга зохиолын шагналын эзэн - Энн Карсон

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналын эзнээр Канадын яруу найрагч Энн Карсон тодорлоо. Нобелийн шагналын зохион байгуулах хорооноос “Маш зоригтой, бүтээлч уран бүтээлд нь олголоо. Карсон сонгодог уламжлалыг эгэл яриатай хослуулан, орчин үеийн утга зохиолын шинэ хэлбэрийг үүсгэн бий болгосон. Энн Карсон замналынхаа турш утга зохиол, уран бүтээлээ орчуулга, сурган хүмүүжүүлэх ажилтай хослуулж байлаа. Түүний бараг бүх уран бүтээл хэл шинжлэлч хүн, яруу найрагчийн шинэ утга учрыг олох хүсэлтэй холбоотой байдаг” гэжээ.

Энн Карсон бол сүүлийн арван жилийн англи яруу найргийн хамгийн тод төлөөлөгч. Тэрээр Т.С.Элиот, Аллен Гинзберг, Фрэнк О'Хара нарын алдарт найрагчдын уламжлалыг хөгжүүлсэн орчин үеийн агуу яруу найрагчдын нэг юм.

Энн Карсон 76 настай, 1950 оны зургаадугаар сарын 21-нд Торонтод төрсөн. Карсон амьдралынхаа турш хэл шинжлэлтэй холбоотой байж, эртний грек хэлнээс орчуулга хийж, латин хэл заан, ер нь үг, өгүүлбэрт дэндүү хайртай нэгэн юм. Тэрээр 2018, 2019, 2020, 2022 онуудад шагнал авах хамгийн боломжтой эрхмээр нэрлэгдэж байлаа. Нобелийн утга зохиолын шагналыг 12 сая швед крон (1,2 сая ам.доллар) дагалддаг.

“Би бичсэн бүх зүйлдээ тайлбар хийх зай үлдээдэг. Харин тухайн зохиолын утга учрыг хайх ажлыг уншигчдад үлдээж, даатгадаг. Миний шүлгийг цээжлэх нь ямар ч утгагүй” Карсон

Нобелийн академийн нарийн бичгийн дарга Ингрид Карлберг “Албан ёсоор зарлахаасаа өмнө би түүнд утсаар мэдэгдсэн. Карсон Исландад салхи, шуурганы чимээ сонсож байна гэж хэлсэн. Шагнал авснаа мэдээд их гайхсан. Гэхдээ их аз жаргалтай, баяртай байгаа нь дуугаар нь мэдэгдэж байсан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Энэ жил нэр дэвшсэн зохиолчид

Албан ёсоор нэр дэвшигчдийн жагсаалт гэж байхгүй, Зохион байгуулах хорооноос нэр дэвшигч, шүүгчдийн саналыг 50 жилийн хугацаанд нууцалдаг. Тиймээс мэргэжилтэн, шинжээчид төдийгүй бооцооны газрууд ч таамаг дэвшүүлдэг юм.

Энэ жил Латин Америкийн эмэгтэй зохиолчид өгөх байх гэсэн таамаглал газар авсан байлаа. Учир нь ихэнхдээ энэ шагналыг Европын эрэгтэй зохиолч хүртэж байлаа. Антигуад төрсөн америк зохиолч эмэгтэй Жамайка Кинкейд, Хятадын зохиолч эмэгтэй Цань Сюэ нарын нэр гарч байв. Цанийн авангард бүтээлийг Франц Кафкагийн бүтээлтэй адилтгаж байлаа. Мэдээж Японд Мүракамигийн фэнүүд уламжлал ёсоор шагналын эзнийг зарлах мөчийг хамтдаа хүлээн сууж байсан. Удаан хугацааны дараа том бүтээл туурвисан тул энэ жил Мүраками заавал авна гэж байсан ч бараг “уламжлал” ёсоороо авсангүй.

1901 оноос хойш Нобелийн утга зохиолын шагналыг 118 удаа олгоход 122 зохиолч хүртсэн. Хамгийн залуу шагналтан нь Редьярд Киплинг бөгөөд 1907 онд 41 настайдаа авч байв. Хамгийн ахмад нь 2007 онд 87 настайдаа авсан Дорис Лессинг. Утга зохиолын шагналыг долоон удаа буюу 1914, 1918, 1935, 1940, 1941, 1942, 1943 онуудад олгож байгаагүй. Хоёр хүн шагналаас татгалзсан нь 1958 оны Борис Пастернак, 1964 оны Жан-Поль Сартр нар юм.

Сүүлийн 20 жилийн шагналтнууд

2025: Ласло Краснахоркаи (Унгар)

 2024: Хан Ган (БНСУ)

2023: Юн Фоссе (Норвеги)

2022: Анни Эрно (Франц)

2021: Абдулразак Гурна (Танзан)

2020: Луиза Глюк (АНУ)

2019: Петер Хандке (Австри)

2018: Ольга Токарчук (Польш)

2017: Казүо Ишигүро (Их Британи)

2016: Боб Дилан (АНУ)

2015: Светлана Алексиевич (Беларусь)

2014: Патрик Модиано (Франц)

2013: Элис Манро (Канад)

2012: Мо Янь (Хятад)

2011: Томас Транстремер (Швед)

2010: Марио Варгас Льоса (Перу)

2009: Герта Мюллер (Герман)

2008: Жан-Мари Ле Клезио (Франц)

2007: Дорис Лессинг (Их Британи)

2006: Орхан Памук (Турк)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...