Ертөнц мөхөхдөө огтоос чимээ гаргадаггүй. Харин тэрхүү ертөнцөд амьдарч байсан хүмүүсийн сэтгэлд л хагарлын чимээ нь сонсогддог.
Наран жаргана аа гэдэг нь гэрэл үгүй болж буй хэрэг. Гэвч жаргаж буй нарны тухай бодохуй бид зөвхөн төгсгөлийг төсөөлдөггүй. Тэнгэрийн хаяанд зүүгдсэн улбар туяа, өдөржин амьдарсан ертөнцийн нам гүм, харанхуй нөмрөхөөс өмнөх агшныг л сананам. Энэ нь төгсгөл төдийгүй, нэгэн ертөнц өөрийнхөө тухай сүүлчийн удаа өгүүлж буй мөч билээ. Японы зохиолч Дазай Осамүгийн “Жаргаж буй нар” романыг уншихад дайны дараах Японы нийгэм хуучин дэг журмаа алдаж, өчигдрийн үнэт зүйлс өнөөдрийн амьдралд багтахаа байсан цаг үе тодрон үзэгдэнэ. Нэгэн цагт язгуур угсаа, ёс суртахуун, уламжлалын түшиг тулгуур болж байсан ертөнц нуран унаж, түүний туурин дээрээс амьдралынхаа шинэ утга учрыг эрэн бэдчих хүмүүсийг олж харна. Гэвч Дазай зөвхөн нэгэн нийгмийн давхарга мөхөж буй тухай бичсэнгүй. Тэрбээр хуучин ертөнцийн хамт хүний дотор юу нуран унадаг, юуг нь авч үлдэж болдог, амьдралын утга учир нь үгүй болсон мэт санагдах үед хүн цааш хэрхэн оршин тогтнох тухай хүүрнэжээ. Түүний романд жаргаж буй нар бол Японы дайны дараах нийгмийн бэлгэдэл төдий бус, хүн өөрийнхөө амьдралын өмнө зогсоод өнгөрсөн рүүгээ эргэж харах мөч бөгөөд өөрийн эрхэмлэж ирсэн зүйлс нь үнэ цэнээ алдахад үлдэх хоосон орон зай, эцэст нь тэрхүү хоосон орон зайд нь ямар нэгэн шинэ зүйл ургаж болох эсэх тухай асуултыг хөндсөн юм. Дазай Осамүгийн амьдрал, уран бүтээл хоёрын хооронд ч ийм нэгэн бараан туяа татсан бөлгөө.
Дазай Осамү хэмээх нэрийн цаана орхигдсон Цүшима Шүжи гэгч хүн 1909 онд Японы Аомори мужид чинээлэг газрын эзний гэр бүлд төржээ. Нийгмийн дээд давхаргын амьдрал, гэр бүлийнх нь байр суурь түүнд бусдаас дутуугүй боломж олгож болох байсан ч тэрээр өөрийнхөө оршихуйтай эвлэрэхэд бэрхшээлтэй нэгэн байж. Токио дахь их сургуульд францын уран зохиол судлахаар элсэн орсон ч сургуулиа төгсөж чадсангүй. Амьдралынхаа турш сэтгэлийн хямрал, архины хамаарал, өөрийгөө сүйтгэх хүсэлтэй тэмцэж, хэд хэдэн удаа амиа хорлохыг завдсан түүний амьдрал эмгэнэлт төгсгөлд хүрч байж “жаргасан” юм. 1948 оны зургаадугаар сарын арвангурванд, 39 нас хүрэхээсээ хэдхэн хоногийн өмнө Дазай Осамү нас баржээ. Түүний сүүлчийн жилүүддээ бичсэн “Жаргаж буй нар” болон “Хүн байх эрхгүй” зэрэг бүтээл нь дайны дараах Японы уран зохиолын хамгийн чухал бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэгээд ч зохиолчийн амьдралыг түүний эмгэнэлт төгсгөлөөр тайлбарлаж болохгүй. Дазайг зөвхөн өөрийгөө сүйдэлсэн, амьдралаас залхсан, сэтгэлийн шаналлаа зохиол болгосон хүн гэж үзвэл түүний уран бүтээлийн нарийн чанарыг анзааралгүй өнгөрнө. Учир нь тэр өөрийнхөө сул дорой байдлыг нуун далдлаагүй шигээ түүнийгээ бахархал болгон өргөмжлөөгүй юм. Хүний доторх ичгүүр, айдас, зөрчил, бусдад таалагдах гэсэн хүсэл, өөрийнхөө дүр төрхийг хамгаалах гэсэн оролдлогыг ёжтой, эмзэг, бараг тэвчихийн аргагүй үнэнээр дүрсэлнэ. Түүний зохиолын дүрүүд өөрийгөө ойлгодоггүйдээ бус, өөрийгөө ойлгож эхлэхээс айдагтаа төөрөлдөх нь бий. Өөрийнхөө тухай үнэнийг мэдэхийг хүсэх атлаа мөнөөх үнэнийг мэдсэн хойноо амьдрах аргагүй болохоос эмээнэ. Бусдад ойлгогдохыг хүсэх хэр нь бусдад өөрийгөө бүрэн харуулж чаддаггүй. Хүн өөрийгөө нуухын тулд бусдын өмнө дүр бүтээдэг. Гэтэл тэр дүрдээ удаан амьдарсаар байгаад жинхэнэ төрхөө танихаа болих нь ч бий. Дазай ийм л хүний тухай өгүүлсэн юм.
Түүний бүтээлүүдэд гуниг бий. Гэхдээ тэр гуниг дандаа уянгын, гоо сайхны шинжтэй байдаггүй. Заримдаа өөрийнхөө сул доройг мэдсэн хүний ичгүүр, амьдралын өмнө хүлээх ёстой хариуцлагаасаа зугтаж буй хүний айдас, өөрчлөгдөхийг хүсэвч өөрчлөгдөж чадахгүй байгаадаа шаналах нэгний дотоод мухардал болон илэрнэ. Тэрээр хүнийг өрөвдөхдөө ч өршөөлийн бэлэн хаалга нээсэнгүй, хүний зовлонг харуулахын зэрэгцээ тэр зовлон бусдад ямар шарх үлдээж байгааг ч орхигдуулсангүй. Энэ бол Дазайн уран бүтээлийн чухал чанар. Хүний сул дорой байдлыг ойлгох нь түүний бүх үйлдлийг зөвтгөхтэй адилгүй. Харин хүн яагаад өөрийнхөө амьдралыг сүйтгэх хэмжээнд хүрдэг, яагаад өөрийгөө хамгаалах чадвараа алддаг, яагаад амьдрахыг хүсэх атлаа амьдралтайгаа тэмцэлддэг тухай асуултад хөтөлдөг.
Нурж буй ертөнцийн хүмүүс

“Жаргаж буй нар” роман 1947 онд хэвлэгдсэн бөгөөд дайны дараах Японы нийгмийн хямрал, язгууртны давхаргын доройтол, хуучин ёс суртахуун ба шинэ амьдралын мөргөлдөөнийг дүрсэлсэн бүтээл. Романы амжилт нь тухайн үеийн нийгмийн өөрчлөлтийг илэрхийлэхээс гадна нар жаргах агшныг бүхэл нийгмийн хувь заяаг төлөөлөх бэлгэдэл болгосонд оршино. Зохиолын төвд Казүко, түүний эх болон дүү Наожи нарын амьдрал бий. Нэгэн цагт чинээлэг, нэр хүндтэй байсан сурвалжит гэр бүл дайны дараах шинэ нөхцөлд байр сууриа алдаж, амьдралын хэв маягаа өөрчлөхөөс аргагүйд хүрчээ. Эд хөрөнгө, угсаа гарвал, ёс жаяг нь тэднийг урьдын адил хамгаалж чадахааргүй болж. Энэ бол зөвхөн хөрөнгөө алдсан гэр бүлийн түүх биш. Харин өөрсдийгөө хэн болохыг тодорхойлж ирсэн бүх зүйл нь үнэ цэнээ алдахад хүн өөрийгөө хэрхэн таних тухай түүх юм. Хүн өөрийгөө нэрээрээ, угсаагаараа, ажил мэргэжлээрээ, эд хөрөнгөөрөө, бусдын хүндлэлээр тодорхойлж болно. Гэвч тэдгээр нь нэг нэгээрээ үгүй болоход өөрийнхөө тухай юу хэлэх хэрэг вэ? Өчигдөр эрхэмсэг явсан хүн өнөөдөр ядуу зүдүү амьдралдаа дасах хэрэгтэй болно. Өчигдөр ёс суртахууныг дээдэлж байсан хүн өнөөдөр амьд үлдэхийн тулд урьд нь жигшдэг байсан сонголтуудынхаа өмнө тулж очно. Өчигдөр ирээдүй нь тодорхой мэт санагдаж байсан хүн өнөөдөр маргаашдаа итгэх үндэслэлээ эрж хайна. Гэвч Дазай хуучин язгууртны ертөнцийг бүхэлд нь ариун сайхан, түүнийг нураасан шинэ цагийг бүхэлд нь харгис муухай гэж дүрсэлсэнгүй. Харин нийгмийн нэгэн давхарга мөхөхөд түүний доторх хүмүүс өөр өөрийнхөөрөө ямар хариу үйлдэл үзүүлж буйг харуулжээ.
Казүко бол мөхлийн дундах шинэ амьдрал. Түүний тэмцэл цэвэр ариун, өө сэвгүй байсангүй. Сонголтууд нь ч маргаан дагуулна. Хайр дурлалын харилцаа нь уламжлалт ёс суртахууны хэм хэмжээнд баригдахгүй. Гэвч амьдралын шинэ зам дандаа зөвшөөрөгдсөн, бусдын сайшаасан сонголтоос эхэлдэггүй. Иймээс энэ дүрийн утга агуулга өнөөдөр ч үнэ цэнтэй.
Наожи бол романы хамгийн эмзэг, бас хамгийн эмгэнэлтэй дүрүүдийн нэг. Тэр дайнаас буцаж ирсэн ч урьдын амьдралдаа эргэн орж чаддаггүй. Түүний доторх зөрчил нь зөвхөн нийгмийн байр сууриа алдсантай холбоотой гэхээсээ өөрийгөө хэн болох, ямар амьдралд хамаарах, өөрийнхөө оршин байгааг хэрхэн зөвтгөх тухай асуултуудад хариулж чадахгүй байгаагаар илэрнэ. Хүн өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч, хариуцлагаа ухамсарлах ёстой. Гэвч өөрийгөө буруутгах явдал хэтэрвэл хүн өөрийгөө засах боломжтой оршихуй гэж үзэхээ больж, өөрийгөө бүхэлд нь яллахад хүрдэг ажээ. “Би алдаа гаргасан” гэдэг бодол нь “Би бол алдаа” гэсэн итгэл үнэмшил болж өөрчлөгдөнө. Энэ бол Дазайн хүний сэтгэлийг дүрслэх чадварын нэгэн илрэл.
Эхийн дүрийг нэг өгүүлбэрт багтаа гэвэл би хувьдаа “Мөхөж буй ертөнцийн сүүлчийн гоо сайхан” гэж хэлнэ. Өнгөрсөн ертөнцийн хамгийн эмзэг дүрслэл. Түүний амьдралын хэв маяг, биеэ авч явах байдал, гоо сайхны мэдрэмж, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд хуучин язгууртны ертөнцийн ул мөр хадгалагдана. Гэвч тэр ертөнцийн түшиг тулгуур нь үгүй болжээ. Тэр шинэ цагийн шаардлагад дасан зохицох гэж хичээж байгаа ч хуучин ертөнцөөсөө бүрэн салж чадсангүй. Учир нь түүний хувьд өнгөрсөн бол зүгээр нэг цаг хугацаа биш. Тэр бол өөрийнх нь хэн байсныг тодорхойлж ирсэн бүхэл бүтэн оршихуй билээ. Түүний доройтол, өвчин, үхэл нь гэр бүлийн хувийн эмгэнэл төдий биш. Эхийн дүрд хүний эрхэмсэг байдал, энэрэл, эмзэглэл, амьдралын хүндрэл бэрхшээлийг чимээгүй туулах тэвчээр агуулагдана. Зарим ертөнц мөхдөг. Гэвч тэдгээр ертөнцөд хайрлаж, зовж, амьдарч байсан хүмүүсийн үнэ цэн тэр чигтээ үгүй болдоггүй байх нь.
Дайны дараах нийгмийн өөрчлөлт, эд хөрөнгө, хуучин үнэт зүйлсийн задрал зэрэг нь романы дүрүүдэд бодит гарз авчирна. Тэд бүгд өөр өөрийнхөөрөө цаг үеийн хохирогчид. Хохирогч болсон хүн заавал сайн хүн байдаггүй. Зовсон хүн заавал бусдад энэрэнгүй ханддаггүй. Өөрөө шархалсан хүн бусдыг шархлуулахгүй гэсэн баталгаа ч үгүй. Зарим хүн зовлонгоо даван туулахын тулд бусдад ойртдог. Зарим нь өөрийгөө хамгаалахын тулд бусдаас холддог. Зарим нь өөрт тохиолдсон бүхнийг ойлгохыг хичээдэг бол зарим нь зовлонгоо амьдралынхаа цорын ганц үнэн болгон хүлээн авдаг. Энэ асуудал өнөөдөр ч бидний өмнө байна. Бид өөрсдийнхөө зовлонг бусдад ойлгуулахыг хичээдэг. Бидэнд тохиолдсон шударга бус явдал, алдаа бүтэлгүйтэл, сорви шархыг бусад хүн хүлээн зөвшөөрөөсэй гэж хүснэ. Энэ бол хүний ойлгогдох гэсэн зүй ёсны хүсэл. Гэвч бид зовлонгоо тайлбарлах явцдаа заримдаа өөрийнхөө бүх үйлдлийг зовлонгоороо зөвтгөж эхэлдэг ч байж мэднэ. Өөрийгөө хохирогч гэж үзсэнээр бусдад учруулсан хор хөнөөлөө анзаарахгүй өнгөрөх тохиолдол ч бий. Хохирогчийн байр суурь үнэн байж болох ч тэрхүү үнэн хүний тухай бүх үнэнийг өөртөө багтааж чадна гэж үү? Дазайн дүрүүдийг уншихад бид тэдний зовлонг ойлгохыг хүсэхийн зэрэгцээ сонголтыг нь эргэцүүлэх хэрэгтэй болдог. Тэднийг өрөвдөхдөө үйлдлийг нь шүүмжлэх боломжоо алдахгүй байх, тэдний алдааг харахдаа хүн чанарыг нь үгүйсгэхгүй байх шаардлагатай ч тулгарна. Хүн зовлонгийнхоо нийлбэр төдий амьтан биш шигээ алдааныхаа ч нийлбэр биш ээ.
Дазайг өнөөдөр ч уншихын учир

Дазай Осамүгийн бичсэн нийгэм өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмтэй адилгүй. Гэвч хүний дотоод ертөнцөд тавигддаг зарим асуулт цаг хугацаагаар хязгаарлагддаггүй. Нийгэм өөрчлөгдөхөд хүн яаж өөрчлөгддөг хэрэг вэ? Урьд нь зөв гэж итгэж асан зүйлс үгүй болоход юунд итгэх хэрэг вэ? Өөрийнхөө амьдралын утга учрыг бусдын тогтоосон дүрмээс хайж ирсэн хүн тэдгээр дүрмүүд үгүй болсны дараа өөрийгөө хэрхэн таних ёстой вэ? Эдгээр асуулт өнөөдөр ч бидний өмнө байсаар байна. Бидний нийгэм ч бас өөрчлөлтийн дундуур туучин буй нийгэм. Дазай хүний зовлонг том онолын хүрээнд уусган алга болгоогүй. Харин түүнийг хувь хүний дуу хоолой, дотоод зөрчил, жижигхэн сонголт, өөрийнхөө тухай хэлж чадахгүй байгаа үнэнээр дамжуулан мэдрүүлж чаджээ. Тиймээс түүний зохиолыг унших явцдаа бид зөвхөн дайны дараах Японы тухай мэдлэг олж аваад зогсохгүй өөрийнхөө амьдралд тохиолдсон гарз, өөрчлөлт, эргэлзээ, алдааг хэрхэн ойлгож буйгаа эргэн харж болох нь ээ. Зарим ном бидэнд ертөнцийг тайлбарлаж өгдөг. Харин зарим ном бидний ертөнцийг тайлбарлаж ирсэн аргыг өөрчилдөг. “Жаргаж буй нар” хоёр дахь төрөлд хамаарна.
Зохиолчийн амьдрал, зохиолынх нь гуниг хоёр хоорондоо хэрхэн холбогддогийг Дазайн жишээн дээр дурдалгүй өнгөрч боломгүй. Түүний намтарт өөрийгөө сүйтгэх хүсэл, сэтгэлийн шаналал, амьдралын олон зөрчил сүлэлдэнэ. Тэрхүү туршлага уран бүтээлд нь ул мөрөө үлдээсэн нь тодорхой. Гэвч зохиолыг зөвхөн намтар болгон уншвал уран зохиолын бие даасан үнэ цэнийг нь багасгах аюултай. Зохиолч өөрийнхөө амьдралаас санаа авч болох ч уран зохиолын дүр бол зохиолчийн өөрийнх нь хуулбар биш. Уран зохиол бодит туршлагыг хувиргаж, өөр хүний амьдрал, өөр цаг үе, өөр сонголт болгон дахин бүтээдэг. Дазайн хувьд энэ хувирал онцгой чухал. Түүний өөрийнх нь амьдрал эмгэнэлт төгсгөлд хүрсэн ч дүрийнх нь амьдралын зам түүнийхтэй адилгүй; Казүко өөрийнхөө ирээдүйг хайсаар үлддэг. Зохиолчийн амьдрал нэг замаар төгссөн байхад түүний бүтээсэн дүр өөр замыг сонгох боломжтой. Үүнийг л уран зохиолын нууц увдис гэлтэй. Уран зохиол бол амьдралын хуулбар биш, харин амьдралд байж болох байсан өөр боломжуудын орон зай билээ. Дазай өөрийнхөө зовлонгоос зугтаж чадаагүй байж болох ч тэр зовлонгоо бусдын амьдрал сонголтын тухай асуулт болгон хувиргаж чадсан юм. Тиймээс түүний нас барсан тухай баримтыг уран бүтээлийнх нь эцсийн утга учир болгон үзэх хэрэггүй. Бид Дазайг зөвхөн эмгэнэлт хувь тавилантай зохиолч гэж дурсах уу, эсвэл хүний өөрийнхөө тухай нууж яваа үнэнийг, нийгмийн өөрчлөлтийн дундах дотоод зөрчлийг, амьдралын утга учрыг алдаж буй хүний эмзэг байдлыг уран зохиол болгон хувиргасан авьяасыг таних нь чухал уу? Миний хувьд хоёр дахь нь илүү чухал. Дазай Осамүгийн амьдралд гэрэл гэгээ бага байсан байж болно. Гээд түүний зохиолууд гагц харанхуйг өвлүүлсэнгүй. Тэдгээр бүтээлүүд бидэнд харанхуйг харах нүд, хүнийг ойлгох асуулт, өөрийнхөө тухай эргэлзэх зориг, боломжийг тээн иржээ.
Жаргаж буй наран цаана

Тус зохиолыг редакторлахдаа эх зохиолын утга санаа, дүрүүдийн сэтгэлзүйн нарийн хөдөлгөөнийг алдагдуулалгүй, монгол хэлний уран сайхны боломжийг бүрэн ашиглахыг зорилоо. Уран зохиолын редакторын ажил үг үсэг, өгүүлбэр засахаас хальж, зохиолчийн хэлээгүй үлдээсэн нам гүм, дүрийн дотоод шаналал, өгүүлэмжийн эмзэг хэмнэлийг хадгалах нарийн ур дүй шаарддаг. Ялангуяа Дазайн зохиолын гуниг хэлсэн үгэндээ төдийгүй хэлэлгүй орхисон үгтээ ч орших тул түүний ертөнцийг өөрийн хэлээр амилуулахдаа эх зохиолын мөн чанарыг гээхгүй байхыг хичээв. Редакторын хөдөлмөр уншигчдад үл анзаарагдах нь, номын хамгийн сайхан хувь заяа нь илүүц тайлбаргүйгээр уншигчид хүрэхэд оршино. “Жаргаж буй нар” ч бас тийм замаар уншигчдын сэтгэлд хүрээсэй.
Эцэст нь хэлэхэд Дазай Осамүгийн эл зохиол бидэнд хуучин ертөнцийг буцаан авчрахгүй. Наран шингэж нэгэн цаг үе төгслөө. Бидний итгэж явсан үнэт зүйлс нуран унаж өчигдөрхөн өөрсдийг минь тодорхойлж асан зүйлс өнөөдөр биднийг хамгаалж хүчрэхээ болив. Гэвч жаргаж буй нарны гэрэл бүрэн арилж амжаагүй байхад хүн өөрийнхөө тухай шинэхэн асуулт тавьж чадна. Эдгээр асуултад Дазай Осамү бэлээхэн хариулт оноосонгүй. Харин тэдгээрийг асууж болохуйц амьд ертөнцийг бүтээжээ. Магадгүй бидний өнгөрсөн үе ч бас тийм. Буцааж авчрах боломжгүй ч бидний дотор ул мөрөө үлдээнэ, тэр ул мөр биднийг урагшлахад саад болно. Заримдаа хаашаа явахаа ойлгоход тусална. Дазай Осамүгийн зохиолын үнэ цэн энэ хоёрын ялгааг бэлэн тайлбарлаж өгдөгт бус, биднийг өөрсдөө эргэцүүлэхэд хүргэдэгт бий. Тэрбээр 1948 онд хорвоог орхисон ч түүний бүтээлүүд бидний цаг үед уншигдсаар байна. Учир нь хүний дотоод зөрчил, өөрийгөө таних гэсэн оролдлого, өнгөрсөн ба ирээдүйн хоорондох тэмцэл ямар ч нийгэмд бүрэн алга болдоггүй ажээ. Дазайн амьдрал жаргажээ. Харин түүний бүтээсэн ертөнцийн нар хараахан жаргаагүй байнам. Номыг нь ахин шинээр нээх бүрд тэрхүү ертөнцийн наран дахин мандаж, хүний сэтгэлийн хамгийн эмзэг, хамгийн харанхуй, басхүү хамгийн амьд хэсэгт илч гэрлээ тусгасаар байх нь дамжиггүй.
Бичсэн: Б.Батзаяа