UBLife Logo
Спорт

Санширо Мүрао босоо, Ай Цүнода ирээдүй гэдгээ баталлаа

Санширо Мүрао босоо, Ай Цүнода ирээдүй гэдгээ баталлаа

Азербайжаны нийслэлд жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй 90, эмэгтэй 70 кг жингийн барилдаанууд явагдлаа. Энэ хоёр жинд манайхаас тамирчин оруулаагүй юм.

Эмэгтэй 70 кг жинд Испанийн Ай Цүнода Рустан анх удаагаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга боллоо. Ийнхүү тэрээр бүх насны ангилалд дэлхийн аварга болж байгаа юм.

Түүний аав Цүнода Го нь жүдо бөхийн дасгалжуулагч бөгөөд урьд нь Их Британи, Португал, Оросын эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулж байсан, одоо Испанид өөрийн жүдогийн дожог ажиллуулдаг. Харин ээж Селин Рустан нь  Испанийн шигшээ багт  57 кг болон 63 кг жинд барилдаж, 2011 оны Испанийн аварга болж байсан жүдоч. Ийнхүү Ай Цүнода нь япон аав, франц ээжийн удирдлага дор Испани улсыг төлөөлөн дэлхийн дэвжээнд цахиур хагалж буй тамирчин юм.

“ДАШТ-ий шөвөгт шалгарна гэдэг үргэлж гайхамшигтай байдаг. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулалт үнэхээр сайхан байна” Ай Цүнода Рустан

Эрэгтэй 90 кг жингийн финалд Японы дуэль болсон. Отгон дэлхийн аварга  Санширо Мүрао эвгүй өрсөлдөгч Лаша Бекауриг иппон ялаад алтан медалийн төлөө нутаг нэгт Гоки Тажиматай таарсан. 2025 оны ДАШТ-ий финал давтагдлаа гэсэн үг. Хэн хэн нь дэлхийн хошой аварга болох гэж үзэлцсэн ч энэ үдэш Мүраог зогсоох хүн байсангүй.

“Би энэ ДАШТ-д эрэгтэй 90 кг жингийн тасархай лидер гэдгээ харуулах гэж ирсэн. Дэлхийд хоёр дараалан түрүүлсэн тул харуулж чадсан гэж бодож байна”  Санширо Мүрао

Сонирхолтой нь Санширо Мүраогийн аав нь япон, ээж нь америк хүн. Аав Мүрао Хидэтоши нь хүүгээ жинхэнэ япон эр хүн болгон хүмүүжүүлэхээр “Сүгато Санширо” киноны Санширогийн нэрийг өгсөн гэдэг. Ээж Дебора Энн Гроу жүжигчин, дуучин мэргэжилтэй бөгөөд одоо Японд амьдардаг, англи хэлний багш, номын зохиолч хийдэг.

Ингэхээр өчигдөр Ай Цүнода, Санширо Мүрао гэсэн хоёр япон жүдоч түрүүлжээ гээд хэлэхэд буруудахгүй.

Эрэгтэй 90 кг

1. МҮРАО Санширо (Япон)

2. ТАЖИМА Гоки (Япон)

3. ФАТИЕВ Мурад (Азербайжан)

3. РУТОВИЧ Борис (Серби)

Эмэгтэй 70 кг

1. ЦҮНОДА РУСТАНТ Ай (Испани)

2. ПОЛЛЕРЕС Микаэла (Австри)

3. СКОЧЧИМАРРО Жованна (Герман)

3. ТАЙМАЗОВА Мадина (ОХУ)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...