ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр (10.07.2026) үндэсний шигшээ багуудын (эрэгтэй) чансааг шинэчлэн гаргалаа. ФИФА-ийн гишүүн 211 холбооноос Монгол 190-д бичигдэв. ДАШТ-ий дараа гаргасан чансаагаар байсан байрандаа хэвээрээ гэсэн үг.
Энэ удаагийн чансааны оноонд есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын зургааныг хүртэл үргэлжилсэн ФИФА-ийн шигшээ багуудын тоглолтод зориулсан "цонхоор" хийсэн тоглолтын үр дүнгээс шалтгаалсан оноонууд орсон.
Шигшээ багууд энэ хооронд 2-4 тоглолт хийсэн бөгөөд 211 орноос гарын 10 хуруунд багтах тооны, тодруулбал ердөө найман орны шигшээ баг л нэг ч тоглолт хийсэнгүй. Тэр наймын нэг нь Монгол. Уг нь шигшээ баг нь тоглолт тогтмол хийдэг байх нь тухайн орны хүүхэд, залуусыг хөлбөмбөгөөр хичээллэх хүсэл мөрөөдлийг төрүүлэх, эх орныхоо нэрийн өмнөөс ногоон талбайд гардаг тоглогчдод зорилго, нэр хүнд, бахархал бий болгох, туршлага суух , үзэгч хөгжөөн дэмжигчид өөрийн шигшээ багийнхаа тоглолтыг үзэх , хөлбөмбөгчдөө таньдаг, мэддэг болох гээд олон эерэг үр дүнтэй. Тоочиж үл барагдам.
Хожих, хожигдох бол тусдаа асуудал. Монголд маань хөлбөмбөг сонирхдог, бусад орны шигшээ багуудыг дэмждэг фанатууд хэдэн арван мянгаараа бий. Тэдний дэмждэг ямар ч багтай Монголын маань шигшээ тоглоход бүгд огтхон ч эргэлзэлгүйгээр эх орныхоо шигшээ багаа дэмжинэ гэдэг нь тов тодорхой. Харамсалтай нь Монголын шигшээ баг "ичээндээ орсон" мэт таг чиг болоод удлаа. Хамгийн сүүлд хэзээ, ямар багтай тоглосныг ч санах хүн ховор боллоо.
Дэлхийг чансааны хамгийн сүүлд, "баян ходоод" буюу 211-д бичигддэг , 30-хан мянган хүн амтай Сан Марино гэхэд шигшээ баг нь тоглож л байна. Чансаагаар хойноосоо "айргийн тавд" жагсдаг Ангилын арал (16 мянган хүн амтай), Британий Виржинийн арал , Бахамын арал, Лихтенштэйн ч шигшээ баг нь тоглолт хийлээ. Нөгөө ядуу зүдүүгийн туйл, далайн дээрэмчдийн үүр гэгддэг муу нэртэй, луу данстай Сомаличууд шигшээ багаа хараад сууж байна. Бүүр дайн самуунтай, амиа яая гэж буй Палестинчууд шигшээ багийнхаа тоглолтыг үзээд түр ч болов зовлон бэрхшээлээ мартаж, баяр хөөр болж л байна.
"Айлын хүүхдүүд" алаг бөмбөгөө тоглоод байдаг, манайх л байдаггүй.
2024 оноос хойш манай "Талын хөх чононууд" (Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хоч нэр) ердөө хоёрхон удаа л нөхөрсөг уулзалт тоглолт хийсэн байх юм. Энд ямар нэг уралдаан тэмцээн, наадмын урьдчилсан, сонгон шалгаруулах тэмцээний тоглолтууд биш зөвхөн нөхөрсөг уулзалт тоглолтыг хэлж байгаа юм шүү!
Тив, ДАШТ-ий урьдчилсан шатнаас л ихэнхдээ "мултардаг" болохоор шигшээ багаа тогтмол харахын тулд нөхөрсөг уулзалт тоглолт хэрэгтэйсэн. 2000 оноос хойш 26 жилд Монголын шигшээ баг 14 удаа л нөхөрсөг тоглолт (2 хожиж, 3 тэнцэж, 9 хожигджээ) хийжээ.
Дунджаар бараг хоёр жилд л ганц нөхөрсөг тоглолт хийдэг гэсэн үг. Хожсон ч хожигдсон шигшээ багаа хармаар байна, тив дэлхийд тоглохыг нь ойрын 10-20 жилдээ л лав харж чадахгүйгээс хойш.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
