Дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Нүдээ хайрлая” уриан дор “Хараа хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдөр нь нийгэм, иргэдийн анхаарлыг хараа муудах, сохрох болон нүдний элдэв өвчинд хандуулах зорилготой. ДЭМБ-ийн мэдээллээр дэлхийд 2,2 тэрбум харааны бэрхшээлтэй хүн байдаг бөгөөд тал хувь нь урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой байжээ. Тэдний дунд олон алдартан бий. Зарим нь төрөлхийн харааны бэрхшээлтэй байсан бол нэг хэсэг нь замналынхаа оргил үед энэ өвчинтэй нүүр тулгарчээ.
Стиви Уандер

Алдарт соул дуучин, хөгжмийн зохиолч Стиви Уандер төрөөд л хараагүй болсон. Стиви хугацаанаасаа 40 хоногийн өмнө төрсний улмаас нүдний бүрхүүл нь гэмтсэн байлаа. Юу ч харахгүй болсон ч тэрээр тун идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байв. Найман настайдаа төгөлдөр хуур, бөмбөр, аман хуурыг гарамгай эзэмшиж, 11 настайдаа анхныхаа том гэрээг байгуулж байв. Уандер 25 Грэмми шагнлатай, 1985 онд “Улаан хувцастай эмэгтэй” киноны “I Just Called to Say I Love You” дуугаар Оскар хүртсэн юм.
Рэй Чарльз

Стивигээс ялгаатай нь соул хөгжмийн домог Рэй Чарльз дэлхий ертөнцийг харж, дурсамжтай үлдсэн. Таван настайгаас нь түүний хараа муудаж, нүдний даралт ихсэх өвчний улмаас 7 настайдаа бүрэн сохорсон байна. Түүний ээж Арета Робинсон хүүгээ хайрлаад өрөвдөөд суусангүй, гэр дотуураа бусдын тусламжгүй явж сургаж, тусгай сургуульд элсүүлсэн юм. Рэй сургуульд төгөлдөр хуур, орган, саксофон тоглож суран, Брайлийн үсгээр ноот уншиж чаддаг болжээ. Хөгжмийн авьяас нь түүний амьдралын зам болсон. Тэрээр XX зууны хамгийн нөлөөтэй хөгжимчдийн нэг болж, 17 Грэмми шагналтайгаар Рок-н-роллын Алдрын танхимд заларсан түүхтэй.
Андреа Бочелли

Италийн алдарт тенор Андреа Бочелли төрөлхийн харааны согогтой, маш муу хардаг байв. 12 настайдаа хөлбөмбөг тоглож байгаад бөмбөгөөр нүүрэндээ цохиулаад бүрэн хараагаа алдсан гэдэг. Гэвч тэр уйлж, унжиж суусангүй. Хуульчийн мэргэжил эзэмшиж, өмгөөлөгчөөр ажиллан, орой үдэш баар, ресторанд хобби болгон дуулдаг байв. 1990 оны эхээр тэр дуучин Зуккеротой танилцсанаар хувь заяа нь өөрчлөгдсөн юм. Зуккерод зориулан “Miserere” гэдэг дуу зохиож дуулсныг нь алдарт Лучано Паваротти сонсоод хоолойг нь биширсэн байна. Удалгүй тэрээр шүүхийн танхимаа театрын тайзаар сольж, дэлхийд алдартай тенор болсон билээ.
Хосе Фелисиано

Пуэрторикогийн дуучин, гитарчин Хосе Фелисиано төрөлхийн нүдний даралтны улмаас хараагаа бүрэн алдсан байлаа. Гэвч байгаль түүнд онцгой сонсгол хайрласан байв. Багаасаа л нэг сонссон аялгуугаа алдаа мадаггүй даган тоглож чаддаг байжээ. 9 настайд нь аав нь түүнд анхны гитарыг нь худалдан авч өгөв. Фелисиано өдөрт 14 цаг хичээллэж, гэр бүлдээ туслахын тулд Нью-Йорк хотын клуб, цэнгээний газарт тоглодог болжээ. “Feliz Navidad” дуу түүнийг дэлхийн хэмжээний од болгосон.
Диана Гурцкая

Дуучин Диана Гурцкая төрөлхийн хараагүй. Багаасаа хөгжим оролдож, 7 настайдаа Гүржийн Тбилисийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд элсжээ. Тэнд тэр төгөлдөр хуур тоглож сурсан. 10 настайдаа Тбилисийн филармонид тоглолт хийж, сургуулиа төгсөөд Москва хотод ирж, Гнесинкийн эстрад-жаз хөгжмийн ангид элслээ. Гурцкая “Евровидение” наадамд Гүрж эх орноо төлөөлж, 2022 онд ОХУ-ын Гавьяат жүжигчин болжээ.
Дэвид Бланкетт

Их Британийн улс төрч Дэвид Бланкетт маш ховор тохиолддог удамшлын өвчнөөр хараагүй төрсөн. Гэр бүл нь тун ядуу байсан тул хүүгээ 4 настай байхад нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд оруулсан байна. Бланкетт шантарсангүй, хичээл номдоо шамдсаар Шеффилд их сургуулийг төгсөж, улс төрийн замналаа эхлүүлсэн. 1997 онд тэр Их Британийн түүхэнд анхны хараагүй сайд болж, 4 жилийн дараа Их Британийн ДХЯ-ыг удирддаг болсон байв.
Эрик Вайхенмайер

Америкийн уулчин Эрик Вайхенмайер нүдний хүнд өвчинтэй төрж, 13 настайдаа хараагаа бүрэн алдсан юм. Залуу хүү удалгүй хаданд авиралтаар хичээллэж, дэлхийн өндөр оргилд авирдаг уулчин болж чаджээ. 2001 оны тавдугаар сард Вайхенмайер Эверест оргилд гарсан анхны хараагүй хүн болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн. Хэдэн жилийн дараа дэлхийн хамгийн өндөр 7 оргилыг эзэлж, дуусгасан байна. Уулын спортоос гадна цана, завиар хичээллэж, 2014 онд Колорадо голоор 21 өдрийн аялал хийж байлаа.
Ральф Титор

Америкийн инженер, зохион бүтээгч Ральф Титор таван настайдаа ослын улмаас хараагүй болжээ. Гэсэн ч хүү техник, машинд тун сонирхолтой, тэмтрээд л ямар эд анги болохыг нь мэддэг байв. Титор Пенсильваны их сургуулийг инженер-механик мэргэжлээр төгссөн. Машин техникийн салбарт ажиллаж, хэдэн арван зохиогчийн эрх эзэмшдэг болсон байлаа. Түүний хамгийн алдартай бүтээл тун санамсаргүй төржээ. Нэгэн андтайгаа машинаар явж байтал найз нь юм ярихдаа машинаа удаашруулж, чимээгүй болохдоо хурдаа нэмээд байжээ. Ядарч цуцсан Титор тэр дороо бодлогшрон, тогтоосон хурдыг автоматаар хадгалах боломжтой төхөөрөмжийг зохион бүтээжээ. Одоогийн хурдны хяналтыг хэзээ ч машин жолоодож байгаагүй, машин харж байгаагүй хүн бүтээсэн байна.
Жуди Денч

Их Британийн жүжигчин Жуди Денч нас ахисан хойноо хараа нь эрс муудсан. Эмч нар түүнд насжилттай холбоотой торлог бүрхэвчийн өвчин гэж онош тавьжээ. Оскарын шагналт жүжигчин маань кино зохиолтойгоо танилцаж чадахгүй болж, анд найз, хамаатан садан нь зохиолыг нь уншиж өгдөг болов. Зураг авалтын талбайд хамтран тоглогчоо харж чадахаа байж, дуугаар нь хаана байгааг нь мэдэрдэг болсон байна. 91 нас хүрсэн ч Жуди мэргэжлээ орхиогүй. Телевизийн төсөл, хөтөлбөрт оролцсоор байна.
Жонни Депп

Холливудын од Жонни Депп 2013 онд сэтгүүлчдэд анх харааны бэрхшээлтэй гэдгээ хэлж байлаа. Зүүн нүд нь төрөлхийн хараагүй, баруун нүдний хараа нь маш муу гэнэ. Тэр ярилцлагын үеэр Депп өөрийгөө “сарьсан багваахай мэт сохор” гэж хэлж байлаа. Тэрээр эд зүйлсийг нүдэндээ бараг тулгаж байж ялгаж чаддаг. Түүний олон янзын өнгийн линзтэй нүдний шил бол гангараа биш харааны шил байжээ. Зураг авалтын үеэр харааны шил зүүж болохгүй тохиолдолд Депп хамтрагчийнхаа дуу чимээгээр барагцаа авч, бараг сохор тоглодог гэнэ.
