Японы Айчи мужийн Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам энэ сарын 18-нд эхлэх юм. Долоо хоног үргэлжлэх тус наадамд спортын 18 төрөлд 45 орны 4000 тамирчин оролцоно. Манай улсаас спортын 10 төрөлд 44 тамирчин өрсөлдөх болно.
“Айчи-Нагоя-2026” Азийн пара V наадмын Монголын багийн ахлагчаар МҮПХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Одонбаяр, ажиллана. Харин багийн тугчаар паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, хөдөлмөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээг томилсон бөгөөд тэрбээр нээлтэд мандуулах төрийн далбаагаа гардан авчээ.

Монголын пара тамирчид 2010 оны Гуанжогийн Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан. “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт юм. Тус наадамд Монгол Улсын баг тамирчид дөрвөн удаа оролцоод нийт 29 медаль хүртжээ.
