Иранд Голамреза Тахти шиг алдартай тамирчин байхгүй гэж хэлэхэд болно. Чөлөөт бөхийн олимпын аварга, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга түүнийг Иранд шүтэн биширдэг. Түүнд зориулан хөшөө босгож, гудамж талбайг нэрээр нь нэрлэн, түүний тухай ном бичиж, кино бүтээжээ. Тахти нэр хүндээ спортын амжилтаас гадна жинхэнэ тамирчин, эр хүний зан чанараараа олж авсан юм. Одоо ч иранчууд Тахтиг Үндэсний баатар хэмээн үздэг билээ.

Тахти Ираны нийслэл Тегеран хотод 1930 оны наймдугаар сарын 27-нд төржээ. Гэр бүл нь ядуу байсан тул дөнгөж есдүгээр анги төгссөн. Гэвч дунд сургуулийн сурагч байхдаа л тэр жинхэнэ тамирчин болсон байлаа. Тахти жижигхэн зааланд хичээллэж байгаад нефтийн үйлдвэрт ажиллахаар Тегеранаас явжээ. Дараа нь цэрэгт татагдаад тэр чөлөөт бөхтэй гүнзгий танилцсан юм.
Тахти 1950 онд Ираны УАШТ-д түрүүлж, 1951 онд Хельсинкийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, гадаадын тэмцээнээс медаль хүртсэн анхны иран бөх боллоо. Дараа нь Хельсинкид олимпын мөнгөн медаль авсан билээ. Тахти Ираны баатрын спорт гэгддэг үндэсний наадам Варзеше-Зурханегийн хамгийн алдартай дэмжигчдийн нэг байлаа.

Дөрвөн жилийн дараа Тахти Мельбурнд 87 кг-ийн жинд олимпын аварга болж, Иран улсад анхных нь олимпын алтан медалийг авч өгөв. 1959, 1961 онд дэлхийн аварга болж, 1962 онд ДАШТ-ийн мөнгөн медаль авлаа.
Гэхдээ энэ олон медалиас гадна хүнлэг, тусч зан чанар нь Тахтиг ард түмний баатар болгосон юм. Тэр 1964 оны Токиогийн олимпод ялагдаад зодог тайлсан. Сүүлийн хоёр тэмцээнд түрүүлж чадаагүй ч Ираны ард түмэн түүнийг шүтэн биширсээр байлаа.
1962 онд Буин-Захра хотод хүчтэй газар хөдлөлт болж, 45 мянган хүн амь насаа алдахад Тахти ард түмэндээ туслахаар хамгийн түрүүнд ирсэн юм. Тэр Тегераны гудамжаар хохирогчдод хандив өргөхийг уриалан явж байлаа. Бусад аваргуудад ч мөн адил өөрийн жишээгээр хандив өргөхийг хүссэний дагуу маш их мөнгө цуглуулж чадсан юм.

1956 оны олимпод түрүүлээд Тахти ивээн тэтгэгчдээсээ шинэ мерседес машин авчээ. Ядуу айлаас гаралтай иран залуугийн хувьд маш үнэтэй бэлэг байв. Долоо хоногийн дараа Голамреза төрөлх тосгондоо очтол аймшигтай мэдээ угтах нь тэр. Хөрш айлынх нь эхнэр нөхөр хоёр мод түүхээр ууланд яваад осолджээ. Гэрт нь дөрвөн хүүхэд өнчин үлдэж, ах дүү, хамаатан садан байсангүй. Тахти машинаа зараад тэр 4 хүүхдийг асрах газарт оруулж, 18 нас хүртэлх бүх зардлыг нь төлсөн байна.
Нэг удаа Тахти Москвад болсон тэмцээнд ЗХУ-ын дэлхийн аварга Анатолий Албулыг ялжээ. Албулын ээж сэтгэлээр унасан байхыг хараад очиж, “Надад харамсалтай байна. Гэхдээ хүү чинь агуу бөх” гэж хэлсэн гэдэг. Албулын ээж энэ үгийг сонсоод тайтгарч, Тахтиг үнсэн, амжилт ерөөж байлаа.
Мөн ЗХУ-ын Александр Медведьтэй чухал тэмцээнд таарч барилдахдаа жинхэнэ эр хүний чанар гаргасан байдаг. Медведь барилдааны өмнө баруун өвдгөө гэмтээсэн байлаа. Үүнийг мэдэж байсан Тахти гэмтэлтэй хөл рүү нь огт дайрсангүй. Ингээд эцэст нь Медведид ялагдсан ч тамирчин хүний ёс суртахууныг харуулаад тэр дэвжээнээс буусан юм. Тахтиг хүндэлдэг Медведь олон жилийн турш Тегеран хот дахь Тахтигийн булшийг эргэж, цэцэг өргөдөг байжээ.
1951 онд Ираны Ерөнхий сайдаар Мохаммед Мосаддык томилогдлоо. Тэр өмнө нь нефтийн бүх орлого Англид очдог байсныг зогсоож, Иранд үлдээх шийдвэр гаргасан. Ард түмэн түүнийг хайрладаг байв. Гэвч 1953 онд Ираныг ЗХУ-д алдахаас айсан Англи, Америк хоёр Мосаддыкийг засгийн эрхнээс буулгасан юм. Шах Мохаммед Реза Пехлеви засгийн эрхэнд гарав. Түүний хүлээн авалтад оролцсон хүн болгон гарыг нь үнсэж, үнэнч гэдгээ харуулах ёстой байв. Харин Тахти гарыг нь үнсэхээс татгалзсан юм. Тахти шахыг нефтийн орлогоо гадаадад гаргаж, ард түмнээ хууран мэхэлсэн гэж үзэж байв. Засгийн газар үүнийг нь өршөөсөнгүй. Түүнийг цагдаа мөрдөж, шигшээ багаас хасан, цалингүй болголоо. Төмөр замд ажилладаг байсан аавыг нь ч ажлаас нь хөөсөн байна. Тахти амьдралын сүүлийн жилүүдээ ядуу, өлсгөлөн нөхцөлд өнгөрөөсөн. Учир нь тэр байсан хөрөнгөө хүмүүст тарааж өгчихөөд өөрөө төмөр замд ажиллахаар явсан байна.

1968 оны нэгдүгээр сарын 7-нд Тахти зочид буудалд амьсгал хураасан байхыг буудлын ажилтнууд олсон юм. 37 настай байлаа. Ираны Засгийн газраас түүнийг амиа хорлосон гэж албан ёсоор зарласан ч ард түмэн итгээгүй. Дарангуйлагч засгийн эсрэг тэмцсэн түүнийг Ираны нууц цагдаагийн алба хороосон гэж одоо болтол ярьсаар байдаг.
Ираны ард түмэн үндэсний баатраа Тегераны өмнөд хэсгийн оршуулгын газарт хүндэтгэлтэйгээр оршуулсан. Одоо ч тэнд спорт сонирхогчид цуглан, агуу бөхөд хүндэтгэл үзүүлсээр байгаа. Тахтигийн төрсөн өдөр болох наймдугаар сарын 27-ныг “Ираны үндэсний бөхийн өдөр” болгон тэмдэглэж, “Тахтигийн Цом” нэртэй олон улсын тэмцээн зохион байгуулж байна.
Олон жилийн дараа түүний хүү Бабак Тахти аавынхаа үхлийг мөрдөн шалгаж үзээд амиа хорложээ гэдгийг нь баталсан юм. Цогцосны дэргэд эм болон гэрээслэл хэвтэж байжээ. Амиа хорлохоос өөр арга Тахтид үлдээгүй бололтой. Сүүлийн үед түүнийг байнга мөрдөж байцаан, бөхөөс холдуулж, тэмцээн үзэхийг ч зөвшөөрдөггүй болсон байв. Хайртай, дуртай бүхнээ алдсан алдарт аварга амиа егүүтгээд тэнгэрт халин оджээ.
2022 онд Тахтиг ХХ зууны Ираны шилдэг тамирчнаар тодруулсан юм.
