2026 оны Нобелийн энх тайвны шагналын эзнээр ӨАБНУ-ын хуульч Наванетхем Нави Пиллэй тодорлоо. Цэрэг, дайны гэмт хэрэг, бөөнөөр хоморголон устгах гэмт хэргийн эсрэг түүний үйл ажиллагааг ийнхүү үнэлсэн байна. Пиллэй НҮБ-ын хүний эрх хариуцсан комиссар, Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр олон жил ажилласан эмэгтэй юм.
Нобелийн хорооны мэдэгдэлд “Энэ жилийн Энх тайвны шагналын эзэн олон улсын эрх зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, өргөжин тэлэхэд нь тус болсон. Олон түүхэн шүүх хуралд оролцохдоо дайн, хүчирхийллийг эрх зүйн хүчээр зогсоож болно гэдгийг харуулсан. Мэргэжлийн ур чадвар, зарчмынхаа ачаар тэр орчин үеийн хамгийн алдартай, хүндэтгэл хүлээсэн хуульчдын нэг болжээ” гэж дурдсан байлаа.
Нави Пиллэй ӨАБНУ-д 1941 оны есдүгээр сарын 23-нд төрсөн. 1967 онд тэрээр Натал мужид хууль зүйн контор нээсэн анхны хар арьст эмэгтэй болж байлаа. Удалгүй Нави Нельсон Манделагийн үнэнч дагагч болсон юм. Хуульч хүний хувьд Нави арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэж, засгийн газар, цагдаа нар эрүү шүүлт тулгаж байгааг илчилж байлаа. Нави Пиллэй ӨАБНУ-ын Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж, Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч, НҮБ-ын Хүний эрхийн комиссар, саяхныг болтол НҮБ-ын Палестины эзлэгдсэн нутаг дээрх гэмт хэргийг мөрдөх тусгай хорооны даргаар ажиллаж байв. Одоо Пиллэй Мьянмар дахь хоморголон устгах гэмт хэргийн шүүгчээр ажиллаж байна.

Энэ жил Энх тайвны шагналд нийт 287 хувь хүн, байгууллага нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн нэрийг 50 жил нууцалдаг тул Дональд Трамп үнэхээр өрсөлдсөн эсэхийг бид 50 жил хүлээх болно. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч найман дайн зогсоосон гэж өөрийгөө зарлаж байгаа ч Ослод түүнийг Ираны дайн, Гренландыг булаан авах гэж оролдсон, дүрвэгчдийн эсрэг харгис бодлого явуулсан, Олон улсын Эрүүгийн шүүхийг хаах гэсэн зэрэг олон үйлдлүүд нь энх тайванч биш гэдгийг нь харууллаа гэж үзсэн билээ. Нобелийн Энх тайвны шагналыг диплом, алтан медаль, 1,2 сая ам.доллар дагалддаг.
Сүүлийн жилүүдэд авсан эрхмүүд:
2025: Мария Корина Мачадо (Венесуэл)
2024: Цөмийн зэвсэг хураахын төлөө “Nihon Hidankyo” байгууллага
2023: Наргиз Мохаммади (Иран)
2022: Алесь Беляцкий (Беларусь), хүний эрхийг хамгаалах “Мемориал” төв (ОХУ), Иргэний эрх чөлөөний төв (Украин)
2021: Дмитрий Муратов (ОХУ), Мария Ресса (Филиппин)
2020: НҮБ-ын Хүнсний хөтөлбөр
2019: Абий Ахмед Али (Этиоп)
2018: Денис Муквеге (Ардчилсан Конго Улс), Надя Мурад (Ирак)
2017: Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил
2016: Хуан Мануэль Сантос (Колумби)
2015: Үндэсний эвлэрлийн зуучлагч нар (Тунис)
2014: Кайлаш Сатиартхи (Энэтхэг), Малала Юсуфзай (Пакистан)
