УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Ингээд төсвийн тодотголын онцлох хэдэн зүйлийг танилцуулья.
1. 435 мянган ахмад настан. Суурь тэтгэвэр - 196.3 тэрбум төгрөг
435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ. Тэтгэвэр авагч бүрд сар бүхэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно.
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдад 29.7 тэрбум төгрөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмж, сард 600 мянган төгрөг боллоо. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмж, 370 мянган төгрөг болсон байна.
3. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд - 170.1 тэрбум төгрөг, багш, боловсролын ажилтны цалинг санхүүжүүлэхэд - 674.5 тэрбум төгрөг
Нэмэгдсэн цалингаас нь нэмэгдэл хөлсийг тооцох нэгдсэн системд бүрэн шилжлээ.
4. Мах, гурил, ногоо, шатахууны нөөцөд - 140.9 тэрбум төгрөг
Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. Гурван сарын шатахуунаа хадгалах савтай болно.
5. Эрчим хүчний шинэчлэлд - 186.2 тэрбум төгрөг
Импортын цахилгаан, үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд оногдуулахгүй байлгахад 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг хуваарилжээ.
6. Шатахууны импортын татвар тэглэснийг үргэлжлүүлнэ
Монгол Улс өнөөдөр шатахуун үйлдвэрлэдэггүй, өрөөл бусдаас 100 хувь хамааралтай. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэлээ.
