“Гүрү медиа”-гийн шинэ уран бүтээл, найруулагч С.Бямбын “Зогсоол” Бусаны олон улсын кино наадмаас Олон улсын шүүмжлэгчдийн шагнал (The International Critics Prize), Ази номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний шагнал (NETPAC), Хайлайф Вишн (Hylife Vision), Жисокын Вишн (Vision of Jiseok) гэсэн дөрвөн шагнал хүртэж, Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ мөрийг бичлээ.
“Уг кино ёжлол, зүйрлэл, кино хэлний уран хослолоор дамжуулан цар тахлын үеийн хүмүүний зовлон зүдгүүрийг нээн харуулж, бусдыг ойлгон энэрэх сэтгэл, итгэл найдварын тухай гүн гүнзгий сэтгэл хөдөлгөсөн эргэцүүллийг бэлэглэж байна” хэмээн шагналд тодотгожээ.

Найруулагч С.Бямба шагналаа гардан авахдаа “Би итгэл найдваргүйгээр кино бүтээж чадахгүй. Тийм болохоор илүү сайхан ертөнцийн төлөө итгэл найдвараа алдаж болохгүй шүү” хэмээсэн. Тэрбээр хүртсэн дөрвөн шагналынхаа тухайд“Нэлээдгүй урт хугацааг туулж бүтсэн бүтээл маань эцэст нь үр шимээ хүртэж байгааг харах сайхан байна. Кино бүтэх үйлсэд оролцсон хүн бүрд талархсанаа илэрхийлье. Нийт дөрвөн шагнал хүртсэнээс Жисеокын нэрэмжит шагнал сэтгэлийг маань илүүтэй хөдөлгөлөө. Энэ бол Бусаны олон улсын кино наадмын үүсгэн байгуулагч, дэд захирал асан, энэ кино наадмыг Азийн шилдэг кино наадам болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан Ким Жисеок гэж хүний нэрэмжит шагнал юм. Харамсалтай нь тэрбээр 2017 онд Каннын кино наадамд оролцож байхдаа зуурдаар таалал төгссөн. Тэр үед би бас Каннын кино наадмын Ателье хэсэгт “Хэвтрийн хүн” төслөөрөө сонгогдон оролцож байсан юм. Ийм их өв үлдээсэн хүний нэрэмжит шагналыг хүртсэн нь сэтгэлийг минь их хөдөлгөлөө” хэмээн онцолсон.
Найруулагч С.Бямба Бусаны кино наадамд нийт 7 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өмнө нь анхны бүрэн хэмжээний бүтээл болох “Алсын удирдлага”-аараа Шинэ давлагаа (New Current) хэсгийн тэргүүн шагналыг хүртэж байсан билээ.