АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сард Хятадад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин нартай уулзаж, гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Ирэх сар Шэнжэнд болох Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалт тэдний уулзах талбар байх нь.
Сэтгүүлчид түүнээс “Украины асуудлыг Путин, Ши Жиньпин нартай ярилцах уу гэж асуухад Трамп “Би үүнийг Украины төлөө хиймээр байна. Үнэнийг хэлэхэд Орос улс Украинд зүгээр хандаж байгаа. Тэд нэг их юм хийхгүй байгаа. Бид уулзаад цөмийн зэвсэг хураах талаар ярьж болох юм. Би дайныг зогсоохын тулд өөрийн чадах бүхнээ хийнэ” гэж хариуллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Төрийн гурван тэргүүн нэгэн уулзалтад оролцох болбол уулзаж ярилцах нь зүйн хэрэг. Гэхдээ одоо ямар ч тодорхой зүйл байхгүй” гэж мэдэгдсэн. Харин Бээжингээс ийм уулзалт хийх талаар хэн ч санал гаргаагүй, ажлын хөтөлбөрт ороогүй гэдгийг тодотголоо.
Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалт нь 11 дүгээр сарын 18-19-нд БНХАУ-ын Шэнжэнд болох юм. АНУ, ОХУ, БНХАУ бүгд энэ байгууллагад хамрагддаг билээ.
Украины ГХЯ-ны сайд Андрей Сибига “Украингүйгээр Украины тухай ярилцаж болохгүй. Гурван төрийн тэргүүн уулзах нь Путинийг дайнаа үргэлжлүүл гэж өөгшүүлсэн хэрэг болно. Путин бол дэлхийн лидер биш дайны гэмт хэрэгтэн” гэжээ.
