UBLife Logo
Ерөнхийлөгч

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор толилуулж буй “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендер нар Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд угтан авч, Берлиний Улсын музейн Өвөг болон эртний түүхийн музейн захирал Маттиас Вемхофф хүндэт зочдод үзэсгэлэнгийн үзмэрүүдийг тайлбарлан танилцууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэн болохыг онцоллоо. Эдгээр дурсгалууд нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлж, дэлхийг үндсээр нь өөрчилсөн “Монголын зуун” хэмээн нэрлэгддэг Их эзэнт улсын түүхийг тод харуулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хэлсэн үгэндээ, Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг гэдгийг онцоллоо.

 Өргөн уудам газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулж, төрийн удирдлага, засаг захиргааг бүрдүүлэн хүчирхэг армийг бий болгосон Чингис хааны түүхэнд үлдээсэн тод мөр өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байгааг тэмдэглэлээ.

АНУ-ын “Вашингтон пост” сонин 1995 онд Чингис хааныг мянганы хүнээр нэрлэсэн бөгөөд монголчуудын ертөнц Чингис хаантай салшгүй холбоотой гэж үздэгээ хэллээ.

Тэрбээр 1999 оноос эхэлсэн Монгол, Германы археологийн салбарын нягт, үр бүтээлтэй хамтын ажиллагааг онцлон дурдаж, үзэсгэлэнг ажил хэрэг болгохын төлөө тууштай, идэвхтэй ажилласан профессор Маттиас Вемхофф, “Чингис хаан” үндэсний музейн захирал, профессор С.Чулуун нарт талархал илэрхийлэв.

“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй толилуулна.

Берлин хотын Музейн арал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн түүх, соёлын үнэт цогцолбор юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...