Японоос Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара “Мобиком Корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Очигийн хамт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзалт хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд М.Игавахара Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн улмаас ноцтой хохирол учирсан асуудалд анхаарлаа хандуулан, санаа зовниж, маш ихээр сэтгэл өвдөж байгаагийн зэрэгцээ Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт холбоотой ажиллаж, хохирол амссан бүс нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллах бодолтой байгаагаа мэдэгдэв.
"Мобиком Корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Очи уг түймрийн улмаас Монголын нийт ард түмэн болон холбогдох бүх талуудад ихээхэн төвөг учруулж, санаа зовоосон явдалдаа чин сэтгэлээсээ уучлалт гуйхын зэрэгцээ түймрийг унтраах болон цааш тархахаас сэргийлэхэд хүчин зүтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлэв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь ховор амьтан, ургамал, унаган байгальтай чухал бүс нутаг боловч харамсалтай нь ихээхэн хохирол амссан болохыг дурдаад, цаашид хохирлын хэмжээг үнэн зөв тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй нөхөн сэргээлт хийхэд дэмжлэг, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд М.Игавахара өдийг хүртэл хоёр талын хамтын хичээл зүтгэлээр цогцлоож ирсэн найрсаг харилцаа, итгэлцлийг эрхэмлэн, цаашид Монголын ард түмэнтэй хамтран ажиллах замаар хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.
