Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Фүкүокад явагдаж байна. Эхний 4 өдрийн байдлаар ёкозүна Хоошёорюү 2 давж, 2 унаад байна. Сүүлийн хоёр өдөр маэгаширад өвдөг шороодож, дараалан кинбоши алдлаа. Өчигдөр Үрад хоёрхон секундын дотор түлхүүлээд ялагдсан нь шүүмжлэлийн бай болох гол шалтгаан байв.

Хоошёорюү хоёр башё дараалан голоос нь гарч, өнгөрсөн Намрын тэмцээнд бүтэн барилдаагүй. Долоодугаар сарын сүүлээр өвдгөндөө хагалгаа хийлгэсэн. Ёкозүнагийн зөвлөл түүнийг 11 сард заавал барилдах шаардлагагүй, гэмтлээ бүрэн эдгээгээд барилдах хэрэгтэй гэж зөвлөж байсан. Харин манай бөх барилдахаар шийдсэн билээ.
Ёкозүна болсноосоо хойш 10 тэмцээн өнгөрөхөд нэг ч түрүүлээгүй байгаа. Хэрэв энэ башёд түрүүлж чадахгүй бол ёкозүна цолтой 11 башё түрүүлээгүй Асашио, Кашивадо, Ваканохана нарын түүхэн сөрөг амжилттай зэрэгцэнэ. Гэхдээ энэ маягаар бол тэмцээний голоос гарах магадлал өндөр байна. Өнөөдрийн барилдаанд ялагдвал гурван кинбоши дараалан алдсан хэрэг болно.
Түүний багш Тацүнами ояката “Хэрэг алга. Тун хэцүү боллоо. Зүгээр, зодоглоно гээд өөрөө гарсан башё болохоор үр дүн гаргах хэрэгтэй”
Асакаяма ояката “Ялагдах нь яах вэ гэхэд ялагдаж байгаа байдал нь үнэхээр эвгүй байлаа. Өвдөг өвдөөд хөдлөхөд хэцүү байвал тэмцээнээс гарах талаар бодох хэрэгтэй. Үгүй бол өнөөдрөөс эхлэн давж эхлэх ёстой”
Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү “Энэ башёд Хоошёорюүгээс зөвхөн ялалт хүлээж байлаа. Хэт ялахыг хүсээд байгаа шиг харагдлаа. Барилдааны агуулга сайн байх ёстой”
