Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлттэй холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно” гэж заажээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
