Хятадын Шэньжэн хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр өндөр нуруулаг, эрхэмсэг Хятадын Тэргүүн хатагтай зочдоо хэрхэн угтаж байгааг дэлхий харсан. Өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 64 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэж байна. Түүнийг харизм, авьяас, гоо үзэсгэлэн гэсэн гурван үгээр тодорхойлдог.

Пэн Лиюань бол ард түмний хайртай дуучин, Ардын чөлөөлөх армийн генерал эмэгтэй. Түүнийг эрхэмсэг төрх, хүмүүнлэгийн ажлаар нь “Хятадын нэрийн хуудас” гэж нэрлэдэг. Гадаад оронд айлчлал хийхдээ Ши Жиньпин төрийн ажлаа хийж байхад Пэн эмнэлэгт очиж, их сургуульд зочлон, хоёр орны хооронд соёл, хүмүүнлэгийн ажлын гүүр болон явдаг. Тэрээр нөхрөөсөө илүү алдартай байсан үе бий. 1980-аад онд Пэн сайхан хоолой, ганган хээнцэр байдлаараа Хятад улсад алдаршиж байв. Түүнийг төрийн тоглолтод урьж, ард түмэн “алтан гургалдай” гэж нэрлэдэг байлаа.

Пэн Лиюань 1962 оны 11 дүгээр сарын 20-нд Шаньдун мужийн Хэцзэ хотод дуурийн дуучин ээж, төрийн албан хаагч аавын гэрт төржээ. Багаасаа л бүжиг, дуу хөгжимд сонирхолтой. 16 настайдаа Шаньдун мужийн Урлагийн академид элсэж, гурван жилийн дараа Бээжингийн консерваторид суралцлаа. Оюутан байхаасаа л ардын дуугаараа алдаршиж байв.

18 настайдаа тэр цэрэгт явсан юм. Цзинань цэргийн тойргийн Дуу бүжгийн хамтлагт орж, цэргийн ангиудаар тоглолт хийнэ. Хятад, Вьетнамы дайны үеэр фронтын шугам дээр тоглолт хийж байсан түүхтэй. 1982 оны Шинэ жилээр төв телевизийн шууд нэвтрүүлэгт ороод тэр жинхэнэ од болсон.
Цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулж, олон төрлийн тэмцээн уралдаанд түрүүллээ. Түүний хоолойг алмааз эрдэнэ, өөрийг нь цээнэ цэцэгтэй зүйрлэдэг байв. Хятадад энэ цэцэг гоо үзэсгэлэн, эрх мэдэл, баялгийг бэлэгддэг. Урлагийн тайзан дээр маш их амжилт олсон ч Пэн консерваторийн хичээлээ орхисонгүй, 1991 онд дуулах урлагийн магистр хамгааллаа.

1985 онд Пэн Лиюань Коммунист намд элсэж, Хятадын хөгжимчдийн холбооны орлогч дарга болсон байна. Аялан тоглолт, бэлтгэл, тайз гээд хувийн амьдралдаа гаргах зав байхгүй. Энэ үед найзууд нь түүнийг 1986 онд Ши Жиньпинтэй танилцуулсан юм. Ши тэр үед Сямэнь гэдэг жижигхэн хотын орлогч дарга байжээ. Пэн Лиюань эхлээд болзоонд явахаас эрс татгалзаж байсан ч Ши-г жирийн хүн биш гэж магтахыг сонсоод уулзахаар шийдсэн гэдэг.

Пэн Лиюань 24 настай, харин Ши Жиньпин 33 настай, нэг удаа гэр бүл салсан түүхтэй. Анхны болзоондоо гангалж будсангүй, цэрэг хувцастайгаа очжээ. Шууд л бие биедээ татагджээ. Олон жилийн дараа Пэн Лиюань “Анх хараад л миний ирээдүйн нөхөр гэж бодогдоод зүрх сонин болсон” гэж бичсэн бол Ши Жиньпин уулзаад 40 минутын дараа ирээдүйн эхнэр нь гэж ойлгосон гэдэг.
Нэг жилийн дараа гэрлэлээ. Анд найз, хамаатан саднууддаа илгээсэн урилгадаа тэд “Оройн 7 цагт манайд ирээрэй. Хоол хийлээ” гэж бичсэн байсан гэнэ. Зочдын хэн нь ч ирээдүйн Хятадын дарга ард түмний хайртай, үзэсгэлэнт дуучинтай гэрлэнэ гэж санаагүй байжээ.

Хуримын дараах эхний хэдэн жил бараг хамт байсангүй. Пэн Лиюань байнга аялан тоглолттой бол Ши төрийн алба гээд завгүй. Хэчнээн нэг нэгнээсээ хол байсан ч тэд гэрлэлтээ хамгаалсаар 1992 онд охинтой болсон юм. Охинтой болсон хойно ч аялан тоглолт үргэлжилсээр, гадаад, дотоодод дуулсаар л. “Мулан” дуурийн гол дүрд сонгогдож, завгүй хэвээр.
2007 оноос Ши Жиньпин албан тушаал ахисаар 2012 онд Коммунист намын Төв хорооны дарга болж, ирэх жил нь БНХАУ-ын тэргүүн боллоо. Ингээд Пэн Лиюань тайзаа орхиж, өөрийгөө гэр бүлдээ бүрэн зориулсан юм. Залуу бүсгүй нөхрөө дагалдан, албан ёсны айлчлалд явж, түүний хувцаслалт Хятадын улс төрийн элитийн нэгэн ёсны даган дууриах зүйл болсон байв.

БНХАУ-ын албан ёсны бүх айлчлал европ костюмтэй явагддаг байсан бол Пэн Лиюань албан ёсны ч үндэсний шинж чанарыг илэрхийлсэн, хэзээ ч давтагдахгүй, өвөрмөц стилийг гаргаж ирсэн билээ. Тайзан дээр гялалзаж явсны хувьд тэр дэлхийн улс төрийн тавцанд ч өөртөө итгэлтэй, ганган хээнцэр харагдаж чадаж байв.
Тэргүүн хатагтайн тун чухал нэгэн үйлс нь буяны ажил, ДОХ өвчинтэй тэмцэх хүсэл байлаа. Олон жилийн турш энэ өвчний талаар Хятадад дуугарах хориотой байв. Харин Пэн Лиюань энэ талаар нээлттэй ярьж эхэлсэн. ДОХ өвчний эмнэлэгт очиж, 2012 онд ДОХ-той хүүхдүүдийн тухай богино хэмжээний кино бүтээлээ.

Пэн Лиюаниас өмнө Хятадын дарга нарын эхнэр олны өмнө гардаггүй, хэн ч мэддэггүй байв. Барууны маягаар хэт олны өмнө гараад байвал ард түмэнд таалагдахгүй, хэт хаагдмал байвал БНХАУ-ын нэр хүндэд муу. Пэн энэ хэцүү байдлыг маш ухаалаг шийдэж, одоо Хятадын нэгэн бэлгэ тэмдэг нь болжээ.
2013 онд Пэн “Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөөтэй 100 эрхмийн нэгд сонгогдсон. Түүнийг нөхрийнхөө сүүдэрт үлдээгүй Жаклин Кеннедитэй адилтгаж байв. Зарим мэргэжилтэн түүнийг англи хэл мэдэхгүй гэж шүүмжилж байтал АНУ-д айлчлахдаа цэвэр англиар ярьж, олныг гайхуулсан түүхтэй. Мелания Трамп, Их Британийн Хатан хаан, ямар ч алдартантай уулзсан тэр барьц алдахгүй, өөртөө итгэлтэй.

Хятадуудаас яагаад Пэнд хайртай вэ гэж асуухад ихэнх нь “Эрх чөлөөтэй”, “Бие даасан”, Өөртөө итгэлтэй” болохоор гэж хариулна. БНХАУ-ын зөөлөн хүчний бодлогын хамгийн чухал хэсэг нь Тэргүүн хатагтай байж болох юм.
