UBLife Logo
Дэлхий

БНСУ-д дээрэлхэгчдийг их, дээд сургуульд авсангүй

БНСУ-д дээрэлхэгчдийг их, дээд сургуульд авсангүй

Өмнөд Солонгос улс их, дээд сургуулийн элсэлтийн нэгдсэн шалгалтад маш их ач холбогдол өгдөг. Эцэг эх нар хүүхдээ шалгалтад бэлтгүүлж, хүүхэд нь том их сургуульд тэнцвэл тэнгэрийн умдаг атгасан мэт баярладаг уламжлалтай. Энэхүү шалгалт нь жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь пүрэв гарагт улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагддаг бөгөөд сурагчдын ирээдүйн амьдрал, нийгмийн байр суурийг тодорхойлох өндөр ач холбогдолтой.

Харин энэ жил шалгалт өгсөн 45 сурагч бүх шалгалтаа амжилттай өгсөн ч Өмнөд Солонгосын шилдэг 6 их сургууль тэдэнд татгалзсан хариу өглөө. Энэ их сургуулиудын дунд Азид дээгүүрт тооцогддог Сөүлийн их сургууль байлаа. Эдгээр 6 их сургууль дээрх 45 хүүхдэд дунд, ахлах сургуульд байхдаа үе тэнгийнхнээ гадуурхаж, дээрэлхэж байсан нь тогтоогдсон хэмээн үзэж зөвшөөрсөнгүй.

БНСУ-д сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас амиа хорлолт нэмэгдсэн тул шуурхай арга хэмжээ авч байгаа. Сургуульд авахгүй байх, хасахаас гадна алдарт жүжигчин, дуучин нар багадаа дээрэлхэлт хийж байсан бол ажилгүй болгож байгаа билээ.

Энэ удаад Kyungpook National University их сургууль тун хатуу байр суурьтай, хувийн хэрэг дээр нь дээрэлхэлт хийж байсан гэж тэмдэглэсэн 22 сурагчид хаалгаа нээсэнгүй. Мөн энэ шалтгаанаар Бусаны их сургууль найман сурагчид татгалзлаа.

БНСУ-д үе тэнгийн дээрэлхэгчдэд ийм хатуу арга хэмжээг 2025 оноос эхлэн авсан. Хэчнээн мэдлэгтэй, шалгалтаа онц өгсөн ч дунд сургуульд ангийнхаа хүүхдийг дээрэлхдэг байсан бол дээд боловсрол эзэмшиж чадахгүй болжээ.

Нэг талаас хэт хатуу мэт санагдав ч Өмнөд Солонгост “Олон жилийн турш үеийн хүүхдээ дээрэлхэж, зодож, доромжилж байсан хүүхэд ухаантай гээд том их сургуульд орж болохгүй” гэсэн үзэл нийтлэг болоод байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...