Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ФОТО | "Ажил хийлгэхгүй байгаа юм чинь энд хэчнээн жагссан ч чадна"


Төр засгаас удаа дараалан гаргасан буруутай шийдвэрийг эсэргүүцэн төв талбай дээр сайн дураараа жагсаж буй иргэдийн түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна.

"Эгч нь Солонгос улсад ажиллаж амьдардаг хүү дээрээ хоёр сарын хугацаатай очоод зургаан сар гацсан. Тийм удна гэж мэдээгүй тул даралтын эмээ багадуулаад халуун газар их зовсон. Буцах тасалбараа 700 мянган төгрөгөөр аль хэдийн авчихсан байтал буцах үед тэр нь хоёр дахин нэмэгдсэнийг ёстой ойлгоогүй. Нэг дэх өдөр нисэхээр болсныг тав дахь өдрийн орой утасдаж хэлсэн. Гэтэл хагас бүтэн сайнд PCR шинжилгээ авдаг эмнэлгүүд хаалттай тул хотоор нэг өдөр шөнөгүй эмнэлэг хайж давхиад арай гэж 250 мянган воноор шинжилгээгээ өгсөн. Монголд ирээд өнөөх хаана ч байхгүй 21+14 хоногийн тусгаарлалтад орсон. Агаар багатай жижигхэн эмнэлэгт даралт 200 гаргаад савж байхад эмч нь эм солихоос өөр арга хэмжээ аваагүй. Гэрийн хорионд орсны дараа ч даралт 200 хэвээрээ түргэн тусламж дуудахад ирээгүй, ирэх боломжгүй гэсэн. Арга ядаад бие муудаад өрхийн эмнэлэг ортол намайг нэг вирус ороод ирчихсэн шинжтэй эмч нар нь хөл хорио зөрчлөө гээд бөөн юм болсон. Гэтэл би энэ хугацаанд 4 удаа PCR өгчихсөн байсан шүү дээ." - Л. Отгончимэг, 56 настай

"Хоёр хүн ярьж байхыг сонссон. Нэг нь ханиалгаад зогсохгүй байтал нөгөөх нь "Хүүе чи өвчин авчихсан юм биш үү, би бас нэг хэсэг халуураад үхэхээ шахсан шдээ, содтой усаар сайн утаад бай" гэж хэлсэн. Өнөөдөр гэхэд 2485 коронавирусийн халдвар шинээр илэрсэн ч цаана нь шинжилгээ өгч чадахгүй байгаа, боломжгүй хүмүүс зөндөө бий. Гэтэл наадмаа хийхийн тулд Хүй долоо худаг дээр байрлах 3500 хүнээс өдөр болгон PCR авах юм гэнээ. Тэрийгээ болиод зүгээр бүх хүнээс үнэгүй ав л даа. Тийм тэнэг төр байж болох юм уу?" Б. Наранбаатар, 27 настай

"Угаасаа ажил хийлгэхгүй байгаа юм чинь энд хэчнээн удаан жагссан ч чадна" Г. Номин, 33 настай

"Эд нар угийн ард иргэдээ юман чинээ тоохгүй байгааг нь үйлдэл болгоноос нь харж болно. Энэ наадам хийнэ гээд зүтгээд байгаа нь ч тэр цаанаа дарга нарын ашиг сонирхолтой л хамаатай. Цар тахлыг зүгээр л өөрсдийн хүссэн шийдвэрийг гаргахын тулд зөндөө ашигласан. Тэрнээс биш энд хүн үхэж байна уу, тэнд эмч нар зовж байна уу, эд нарт хамаагүй л дээ. Өөрсдөө энэ өвчнөө тусаад бүгд үхээсэй. Гэхдээ хэзээ ч тэгэхгүй л байхгүй юу. Ард иргэд л зовно." М. Отгонбаяр, 24 настай

"Би хувиараа бизнес эрхэлдэг. Өмнө нь өчнөөн олон хөл хорио тогтооход бид чимээгүй л байсан. Гэтэл одоо ингээд 8 дугаар сарын 30 хүртэл сунгачихлаа. Тэр хариуцлагын гэрээ нь биднийг коронавирусийн халдвар тархахад буруутгасан маш хүнд нөхцөлтэй. Төр засаг өөрсдийн буруугаас болж тархсан өвчний хариуцлагыг шууд биднээс нэхэж байна." - Д. Хоролмаа, 31 настай

"Аж ахуй нэгжүүдийг хорьж хавчиж ханахгүй байгаа хэрнээ бидний төлсөн татварын мөнгөөр өөрсдийн зугаа цэнгэлээ хөөн наадам хийж болохгүй шдээ. Үнэхээр эмнэлгийн салбартаа зарцуулсан бол бид юу ч хэлэхгүй шдээ" - Н. Батбаяр, 35 настай

“Ураг эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн жам ёсоор олгогддог хүний эрх гэж бий. Тэрийг нь төр өгдөг юм биш. Харин тэр эрхийг нь хуулиараа сайн хамгаалж өгөх ёстой. Гэтэл түүнийхээ эсрэг хуулиудыг гаргаад, тэрүүгээрээ дамжуулж бидний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс ард түмэн ажлаа хийхгүй байгаа энэ төрд хариуцлага тооцох ёстой. Залуучууд тэр дөрвөн жилийн хугацаанд очиж хариуцлагатайгаар саналаа өгч төлөөллөөрөө дамжуулан хариуцлага тооцох хэрэгтэй.” – М. Цолмон, 25 настай

“Манай компани нийслэлийн шинэ захиргааны байгууллагын барилгын ажлыг хийсэн. Бүтэн жилийн турш хүлээгээд одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байна. Тэрнээс болж зээлийн хүүнд гэхэд 40 сая төгрөг явчлаа. Биднийг үнэхээр эдийн засгаар сөхрүүлж чадаж байна" - Л. Гэрэлтуяа, 35 настай
“Би өөрөө жижиг дунд бизнес эрхэлдэг. Бидэнд угаасаа л хэцүү байгаа. Гэхдээ өнөөдөр бол миний хувьд амжиргааны төвшин доогуур, маш хэцүү байдалд орсон ард иргэдийнхээ өмнөөс дуу хоолойгоо хүргэх гээд ирсэн. Төр бол маш олон хүмүүсийг өлсгөлөнд хамруулж байна. Маш олон бяцхан үрсийг өлсгөлөн хонуулж байна. Тэдний буруугаас л болж энэ өвчин энэ хүртлээ тарсан. Машин барьж болохгүй автобусаар явна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэдний гаргасан утгагүй шийдвэрүүдээс болж маш олон хүн амь насаа алдаж байна.” Э. Жавхлан, 32 настай

"Сүүлийн хоёр жил бол монголчуудыг хамгийн ихээр туйлдууллаа. Монгол улсад үйлчилдэг гамшгийн эсрэг хууль байсаар байтал Ковидын эсрэг хууль гэж гаргаж ирээд тэрүүгээрээ далайлгаж өөрсдөө маш олуулаа сонгуулиа хийлээ. Тэгсэн хэрнээ сургууль цэцэрлэг орох дөхөж байхад энэ цар тахлын нөхцөл байдлыг бууруулах ёстой байтал наадам хийнэ гэж байгааг би үйлдлээрээ эсэргүүцэж байна. Дээрээс нь аж ахуй нэгжүүдийн үүд хаалгыг бариулснаар төрд төлөх татварын хэмжээ буурч байна, нийгэмд хамгийн үнэ цэнэтэй дундаж давхаргынхны амьдрал орвонгоороо эргэж байна. Залуучууд маань өнөөдөр үзэл бодлоо илэрхийлээд тэмцэж байгааг хараад бас арай дарангуйлалд орчихгүй юм байна гэсэн итгэл найдвар төрж байна." - П. Эрхэмбаяр, 30 настай"


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
13
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.