Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Г.Мөнхтулга: Ёжлолыг ойлгоно гэдэг аливааг тунгааж бодно гэсэн үг


Сошиал контент бүтээгч “Молпедиа ТВ”- г мэдэхгүй хүүхэд залуус үгүй биз ээ. Байсхийгээд л видео бичлэгүүд нь трэнд болж, хөгжилтэй ёжлолоороо анхаарал татдаг тэд саяхан л гэхэд байгууллага, хувь хүмүүст чиглэл өгч, нийгмийн сүлжээнд хэдэн өдрийн сэдэв болсон. Үе тэнгийн залуус нийлж байгуулсан энэ продакшны арын албыг сахиж, зохион байгуулах гол ажлыг нь хариуцдаг продюсер Г.Мөнхтулгатай ярилцсан юм.


- Продюсер гэхээр яг юу хийдэг хүн юм бол гэж уншигчид маань бодож байж магадгүй. Чи Молпедиад ямар үүрэг хүлээсэн хүн болохоо хэлж өгөөч. 

- Продюсер дотроо олон байдаг байх. Киноны ерөнхий болон туслах продюсераас авахуулаад хийх ажил нь өөр өөр байдаг болов уу. Миний хувьд бол үнэндээ жүжиглэхээс бусдыг л хийдэг. Контентын санаа оноо гаргах, ярилцах, найруулах, зохион байгуулах, зураг авах, эвлүүлэх гээд бүгдийг л хийнэ дээ. Гэхдээ бид хэд бүгдээрээ л зохиол бичих, найруулах ажилд гар бие оролцдог юм дөө. 

- Та нарыг яг ямар ажил мэргэжилтэй хүмүүс гэж нэрлэх вэ? Дэлгэцийн уран бүтээлчид биш, бас нийгмийн сүлжээг сувгаа болгодог гэхээр оноож нэрлэх нэр байна уу? 

- Контент бүтээгчид, видео мэйкерүүд л гэх байх даа. 

- Аан зөв зөв. Тэгвэл Монголд сошиал хэрэглэгчдэд зориулж контент бүтээснээр мөнгө олж, амьдрах боломжтой юу? Та хэд нэг ярилцлагадаа давхар ажил хийдэггүй, “Молпедиа”-д бүтэн цагаар ажилладаг гэж ярьсныг уншсан юм. 

- Боломжтой гэх үү дээ. Өөр бусад сошиал видео хийдэг хүмүүс зөндөө бий шүү дээ. Gremix, Mesmerism, Tippy top бүгд л бидэнтэй адилхан ажил хийж байна. Гол нь сайн хийх нь л чухал байх. Орлогын эх үүсвэр нь сурталчилгаа, захиалгын ажлууд байдаг болохоор бүх л контентоо хүнд хүрэхээр хийж байж орлоготой байна. 

- Молпедиа ч байна уу, сошиал инфлүүнсэрүүд ч байна уу ялгаагүй, ер нь олны танил хүмүүс сурталчилгаа хийхэд үзэгчид таатай хүлээж авдаггүй. Сонгуулийн үеэр сурталчилгаа хийвэл бүүр үзэн ядна. Худалдагдсан гэдэг цол гуншин өгнө. Үүнд яаж ханддаг вэ?

- Одоо харин ч гайгүй болчихоод байгаа юм шиг санагдаж байна. 4-5 жилийн өмнө тиймэрхүү хандлага их байсан. Одоо бол энэ хүмүүс яаж орлого олдог вэ гэдгийг толгойтой бол ойлгох л ёстой.  Сонгуулиар харин нэлээн хурц шүүмжилдэг байх. Тэр нь ч аргагүй. Монголд сонгууль гэхээр цаана нь нам байдаг учраас нам дэмжих нь үзэл бодлоо худалдаж байгаатай ижил санагддаг юм болов уу. Тэгээд бас улстөрчид эх сурвалж нь тодорхойгүй баахан мөнгө цацаад сурталчилгаа хийгээд байдаг учраас хүмүүсийн эгдүү хүрдэг байх. 

Зүгээр байгууллагын сурталчилгаа бол хүмүүс тайван хүлээж авдаг. Гол нь үзүүштэй хийх ёстой. Уйтгартай реклам хэн үзэх вэ дээ. 

- Та хэд нээрэн сонгуулиар яасан? Сурталчилгаа энэ тэрийн санал авсан уу?

- Яагаа ч үгүй шд. Д.Энхбат гуайг л зүгээр сэтгэлээрээ дэмжсэн. 

- “Молпедиа ТВ”-ийн ижил төрлийн контент хийж буй хүмүүсээс ялгарах зүйл юу вэ?

- Ёжлол болон элэглэл. Бид дууг өөрчилж дуулах пароди ковер хийдэг. Дээрээс нь Молсүх гэх мэт дүр бүхий зохиолтой контент хийдгээрээ ялгаатай гэж боддог. 

- Ингэхэд тэр Молсүх, Молдорж, Молжамц дүрүүдийн санааг хаанаас олов оо?

- Канадын Жон Лэжуа гээд комедиан бий. Түүний цувралуудыг үздэг юм л даа. Тэр маш олон дүрд хувирдаг жүжигчин. Тэрнээс санаа аваад гэх үү, ер нь нэг ийм дүртэй болъё гэж бодоод 2017 онд Молжамцын дүрийг гаргасан. Тэр нь явсаар одоо Молсүх болоод байна. Дараа нь Эрээпэр Ганаа гэж дүр бодож олсон. 

- Дүртэй болсноор хүмүүст сайн хүрч эхэлсэн үү?

- Тэгсэн шүү. Дүрүүдээ өөрийн гэсэн онцлогтой байх ёстой, наанадаж имижийн хувьд гэж бодож хичээсэн болохоор хүмүүст хурдан танигдсан байх. 

- Ер нь хэзээнээс та нарыг хүмүүс таньдаг, хүлээж үздэг болсон бэ?

- “Mollove” гэдэг дуу гарснаас хойш юм болов уу.

- Та хэд нэг ток шоунд орохдоо жижиг контентууд дээр ажиллаад туршлагатай болсон болохоор одоо кино хийж үзэхээр зорьж буй тухайгаа ярьсан байна лээ. Ямар кино хийх гэж байгаа юм бэ?

- Цуврал ситком хийх гээд одоогоор зохиолоо бичиж дуусгаад байна. Хөрөнгө зардлаа босгох ажил үлдсэн. Бид дангаараа биш, мэргэжлийн найруулагч, зураглаач, эвлүүлэгчидтэй хамтарч ажиллаж байгаа. Нэг улирал нь 10-аад анги бүхий хэд хэдэн улиралтай цуврал хийх төлөвлөгөөтэй байна.

- “Молпедиа” улс төрийн сэдэв нэлээд хөнддөг. Шог хошин ёжлолоор дамжуулж тодорхой агуулга хүргэх гэж оролддог. Энэ хугацаанд та нар үзэгчдэдээ ер нь юу өгсөн гэж боддог вэ? Тэдэнд ямар нэг байдлаар нөлөөлж чадаа болов уу?

Яг үнэндээ тэр талаар нэг их бодож байгаагүй юм байна. Одоо жаахан бодоодхоё. Нэг их нөлөөлж чадсан эсэхээ мэдэхгүй л байна. Гэхдээ сарказм буюу ёжлолоор дамжуулж үзэл бодол, шүүмжлэлээ хэлж байхдаа хүмүүст ёжлол гээч зүйлийг хүлээж авч, ойлгох, тунгаах дохио өгсөн байж болох л юм. 

- Ойлгохгүй хүмүүс байгаад байна уу?

- Залуучууд ч яах вэ гайгүй. Гэхдээ бас гайхмаар хүмүүс байдаг шүү. Жишээ нь, Молсүх гишүүн “Хэд юм бэ”-д орсон чинь үзэгчдийн 30-аад хувь нь үнэхээр ийм хүн байдаг гэдэгт итгэчихсэн байсан. Ёжлолыг ойлгоно гэдэг нь юмыг жаахан тунгааж бодно гэсэн үг шүү дээ. Сүүлд чиглэл өгөх ажил хийлээ. Эндээс хүмүүс улстөрчдийн хэлдэг маш утгагүй, хэнд ч хэрэггүй үгсийн тухай бодож үзсэн болов уу. Чиглэл өглөө, ажилтай танилцлаа, санамж бичигт гарын үсэг зурлаа ч гэх шиг. Нэг тийм тэдний хийж чадаагүй ажлаа эвтэйхэн тайлбарлах хөнгөн мэх маягийн зүйл шүү дээ. Энэ тухай бодож, ёжлолыг маань ойлгоход л үр дүн гарах юм болов уу. За тэгээд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр нөлөө байхгүй учраас хэлэхэд хэцүү юм. 

- Чиглэл өгөх санаа ингэхэд яаж төрсөн юм бэ?

- Зүгээр л санаа оноогоо ярилцаж, brainstorm хийж олсон л доо. Би бас улс төр сонирхдог болохоор иймэрхүү санаа бодож явах нь их. Чиглэл өгөх гэдэг үг анхнаасаа шал утгагүй хий хоосон үг шүү дээ. Тэгээд энийг утгагүй дээр нь бүүр утгагүй болгоё, нэмээд бүүр маазраа болгочихъё гээд л хийсэн юм. 

- Энэ сэдэв нэлээд газар авсан. Хүмүүс чиглэлээ аваад баярлаад, сүүлдээ байгууллагууд мөнгө төлж чиглэл авах шиг болсон уу? Гоё санаа байсан болохоор арга ч үгүй байх. Нууц биш бол хэдэн төгрөг олсон бэ?

- Тэр нь бол нууц. Ерөнхийдөө 4-5 байгууллагатай л бизнесийн утгаар хамтарч ажилласан байгаа шүү. 

- Контентын санаа үргэлж бодож, хайж явах хэцүү юу?

- Санаа бол хүний тархинд байнга эргэлдэж байдаг шиг санагддаг. Тэрийгээ барьж авч сурах нь чухал. Би бол санаа ороод ирэнгүүт шууд тэмдэглэж авдаг зуршилтай. Дараа нь тэрийгээ бодож, хөгжүүлнэ шүү дээ. Тэгсээр байгаад хүн сүүлдээ санаа гаргаад сурчихдаг юм дөө. 

- Та нартай адилхан сошиал контент хийх хүсэл сонирхолтой, авьяастай хүүхдүүд бий л байх. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөөч.

Мөнгө олоход амархан биш шүү л гэж хэлмээр байна. Дор хаяж хагас жилээс нэг жилийн хугацаанд мөнгө олохгүй, цалингүй ажиллана. Тэрний дараачаас орлого олж МАГАДГҮЙ. Хэрэв ажилтай бол ажлынхаа хажуугаар хийсэн нь дээр байж магадгүй. Бас бүх юмаа өөрөө хийж сурах шаардлагатай. Жүжиглэх, видео хийх, эвлүүлэх гэх мэт. Эхэндээ бүгд л тэгэх шаардлагатай байдаг. За тэгээд хэр удаан тэсч, цаашдаа амжилттай байх эсэхийг хүний сонирхол л мэднэ дээ. Гол нь мөнгө аймаар олдог гэж бодож ажил хийвэл тэрэн шиг дэмий юм байхгүй. 

- Та нарыг хүмүүс "аймаар" мөнгө олдог гэж боддог болов уу?

Үгүй байх аа, бид нар угаасаа тийм баян харагддаггүй ш дээ. Тэгж харагдахыг ч хүсдэггүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
4 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.07 202.9.40.41

Мундаг юмаа

0 Хариулах