Digital Nation 2021 | Мэдээлэл технологиор өөрчлөлт бий болгож буй 6 СТАРТ-АП
Цахим шилжилтэд түүчээлэх "Digital Nation 2021" үндэсний арга хэмжээ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мэдээлэл технологиор дамжуулан хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, ялгаатай байдлыг арилгаж, нийгэмд өөрчлөлт бий болгож буй старт-апууд бол уг арга хэмжээний хамгийн том ач холбогдлын нэг юм. Эдгээрээс дараах 6 старт-апыг Ub.life онцолж байна.
#1 Нойр хамгийн чухал - "Noir" аппликейшн
Зураг | Тайлбар |
Тогтмол нойр авах, унтлагын зөв дэглэмтэй байх нь бидний өдөр тутмын амьдралын үр бүтээмжид шууд нөлөөлдөг. Тэгвэл монгол хэлээр ашиглаж болох "Нойр" аппликейшн бясалгал, сэтгэл зүйг хослуулан уг асуудалд хариулт өгөх чухал технологийг нэвтрүүлжээ.
#2 Хүүхэд хөгжлийн монгол аппликейшн - Hello baby
Зураг | Тайлбар |
"Pregnancy tracker" аппликейшнээр нь бидний сайн мэдэх уг хамт олон 0-2 насны хүүхдийн хөгжилд зориулан хэрэгцээтэй бүхий л мэдээллийг авах боломжтой "Hello baby" аппликейшнийг хөгжүүлжээ. Хүүхдийн нойр, хоол, хөгжил гэх мэтийг нэг дор хөтлөх бөгөөд мэргэжлийн эмч нарын зөвлөлийн шүүлтүүрээр гарсан мэдээ нийтлэл, хүүхдийн эмч, амралт сувиллын мэдээлэл ч бий.
#3 Сонсголын бэрхшээлийг технологийн шийдлээр - Deaf.mn
Дохионы хэлний толь бичгийг цахимжуулан мэдээлэл технологийн шийдлээр Deaf.mn сайт болон аппликейшнийг бүтээжээ. Монгол Улсад 12 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй хүн байдаг. Улс нийгэм, хүрээлэлдээ өөрийн дуу хоолойг хүргэх гүүр нь байх болно. Хэлмэрч шаардлагатай бол утасны дугаарын бүртгэл ч бий.
#4 Intelmind - "Энгийн мөрөөдөл" төсөл
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 6000 гаруй хүүхэд байдаг бөгөөд хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бионик гарыг бага өртгөөр Сим Биониокс компани үйлдвэрлэж эхэлжээ. "Хүүхдийн энгийн мөрөөдөл" ТББ хамтран зорилтот бүлгийн 500 гаруй хүүхдэд бионик гарыг хандивын санхүүжилт татан бэлэглэх (эхний жилд 50 хүүхдэд) "Энгийн мөрөөдөл" төслийг санаачлан эхлүүлж, өнөөдрийн арга хэмжээний үеэр танилцууллаа.
#5 Тоглонгоо үсгээ сурах - Тоби аппликейшн
Монгол хүүхдүүдэд зориулсан тоглоом хэлбэрээр үсгээ сурах боломжтой аппликейшн. Хүүхдийн хөгжилд тохирсон сонирхол татам дүрслэл, шинэлэг өнгө загвар нь тоглоом тоглонгоо л эх хэлнийхээ үг үсгээс гадна англи, хятад хэлний цагаан толгойг тогтоох боломжийг олгоно.
#6 Харааны бэрхшээлийг хамтдаа - Дэлгэц уншигч програм
Технологийн тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдарч, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооныхон онцолсон юм. Энэхүү үзэсгэлэнд тэд ярьдаг компьютер, вэб сайтын хүртээмж, дэлгэц уншигч програм, хүртээмжит цахим ном, брайль технологи зэргийг танилцуулж байна.