Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Уйлмаар байвал уйлчхаж байгаарай


Сайн байна уу. Алисагийн тэмдэглэл нийтлэлүүдээрээ уулзаагүй удсан байна. Энэ удаад та бүхэнд сайхан уйлж авах тухай өөрийн олж мэдсэн хэд хэдэн зөвлөгөөгөө хуваалцах санаатай. Мөн "Алисагийн тэмдэглэл" группт нэгдээрэй.

Сүүлийн үед би өөрийгөө ирээдүйд болох хэдэн үйл явдал дээрээ л найдан өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж, тэр нь болоод дуусангуут асар их хоосорч, утга учиргүй, гунигтай байдалд орж байгаагаа анзаарах болов. Уншаад судлаад үзтэл "За ирэх баасан гарагт л тэр үйл ажиллагаа гоё юм болно оо, тэр болтол яаж тэснэ дээ, за яах вэ тэсье" гээд яваад байх нь маш хортой гэнэ. Өдөр хоногууд зүгээр л эгэл, гэхдээ аз жаргалтай өнгөрөхгүй болчхож байгаа юм. 

Гэтэл төсөөлж байгаагүй зүйл болж, би асар их залхаж, бүх зүйлээс уйдаж, тэсэхийн аргагүй болж эхэлсэн юм. Уйлаад л баймаар, ганцаархнаа баймаар, зугтаад явчихмаар. Цээжин дээр асар их зүйл тээглээд, уйлах гээд оролдовч өөрийгөө хүчээр болиулаад, чимээгүй байх гэж хичээнэ. Тэгье гэж бодоогүй байтал, уйлмаар байсан ч өөрийгөө болиулах гээд цаанаасаа бүр тийм үйлдлүүд гаргаад байгаа юм. 

Тэгэхээр, уйлахгүй гээд хичээсээр байгаад, нулимсаа барьж тэвчсээр байгаад нэг мэдэхэд та уйлж ч чадахаа больж мэдэх юм байна. Тиймээс таныг уйлмаар байвал хамаагүй уйлчхаж байгаарай хэмээн энэ нийтлэлээрээ зөвлөх гэсэн юм. Уйлна гэдэг ямар их эрх чөлөө вэ. Бүх хэцүү зүйлсийг гадагшлуулаад, өөрийгөө анагааж буй нэг хэлбэр байж. 

Гэтэл түүнийгээ ч мэдэлгүй уйлах эрхээ өөрөөсөө авч хаяад, сүүлдээ бүр "How to cry?" буюу "Хэрхэн уйлах вэ?" гэж анх удаа гүүглээс хайж үзлээ. Хэрхэн сайхан дотроо онгойтол уйлж болох тухай тэрхүү зөвлөгөөг та нартай ч бас хуваалцах гэж байна. 

https://buddingoptimist.com/ сайтад гарснаар бол "Ханатлаа сайхан уйлахыг хүсвэл":

1. Тухтай, зөв газрыг ол 

Тэнд та яг хүссэнээрээ байж, өөрийн бүх хамгаалалт, хана хэрмээ нурааж болох боломжтой байх ёстой. Аюулгүй санагдах тийм газрыг сонго.

2. Өөрийн мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөр 

Мэдрэмжүүдээ зөвөөр танин мэдэх хэрэгтэй. "Би ч тэсэх аргагүй хэрэггүй амьтан юм даа" гэх мэт бодлоо авч хая. Ичиж, санаа зовж эсвэл өөрийгөө үзэн ядах хэрэггүй. Зүгээр л бүгдийг нь гарга.

3. Кино, дуу хөгжим, дурсамж ашигла 

Уйлмаар байвч зүрх сэтгэлийн шаналал өвдөлтөөс болж ганц дусал ч нулимс урсахгүй байна уу? Яг л дөжрөөд, юу ч мэдрэхээ байчихсан юм шиг? Тэгвэл өдөөгч ашигла. Гунигтай, дурсамж агуулсан кино, дуу сонсож эсвэл үргэлж таныг эмзэглүүлдэг дурсамжаа эргээд бод. Эсвэл бүр жаргалтай дурсамж байсан ч болно. 

4. Барьж хорих хэрэггүй, чангаар уйл!

Мөн уйлж байхдаа өөрийгөө бүү хорьж цагд. Орилмоор байвал орил, хашхир, чангаар уйл! Амаа дарж, биеэ чангалж, нулимсаа урсахыг зогсоох гэж оролдох хэрэггүй.

5. Нулимсаа хүссэн хугацаагаар гарга 

Хүмүүс дунджаар бол 5-6 минут уйлдаг гэнэ. Гэхдээ үүнээс илүү удаан байсан ч зүгээр. Та нулимсаа шавхах хэрэгтэй. Дотроо өчүүхэн хэлтэрхий ч үлдээж болохгүй. Биеэ сонс.

6. Урт амьсгал ав 

Уйлж байхдаа бас гүнзгий сайхан амьсгал авах хэрэгтэйгээ бүү март. 4 секунд амьсгалаа авч, 4 секунд барьж, 4 секундэд аажмаар гадагшлуулах аргыг хэрэглээд үзээрэй.

7. Шингэний дутагдалд орж болохгүй 

Уйлж дууссаны дараа толгой өвдөх, бие эвгүйтэх шинж илэрч магадгүй тохиолдлууд байдаг байна. Дараа нь сайн ус уух хэрэгтэй. Мөн булчингуудыг сулруулан тайвшруулж, аажмаар сайхан нойр авахад ч тусалдаг байна. 

8. Сунгалтын дасгал 

Булчин, шөрмөсөө сунгаж, сунгалтын дасгал хийх нь биеийг үнэхээр сайхан амраадаг. Уйлсны дараа биеэ жаахан сунгаад өгөхөд сэтгэл улам тэнийж, дотор онгойдог. 

9. Энэ цагт иллэг хий 

Яг энэ зураг дээр улаанаар тэмдэглэсэн хэсэгт зөөлөн дарж, иллэг хийх нь таны биед мэдрэгдэж буй уйлсны дараах тэр тайвшралыг улам нэмэгдүүлж, таатай мэдрэмж төрүүлэн амраах болно. 

Энэ арга танд бага ч атугай тус болно гэж найдаж байна. Надад тус болсон эсэхийг хэлэхэд арай эрт байгаа учир туршиж үзээд, болж байвал та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцана аа. Тэр дороо нулимсаа урсгаад л уйлчихдаг байсан Алисаг ямар их санаж байна аа... Уйлаад л байвал уйлаад, инээмээр байвал инээгээд, ерөөс ямар ч хүлээсгүй, хүчилсэн зүйлгүй л байхыг хичээгээрэй та нар минь.

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
2022.11.02
Алисагийн тэмдэглэл: Энэ жил, эцэст нь би чамайг тавьж явуулж чадах нь
2
2022.10.24
Алисагийн тэмдэглэл: Өгөөд л байхаас өөрийг мэддэггүй хайрын тухай
3
2022.10.12
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгнийг санаж бэтгэрэхийн тухайд
санал болгох
1
4 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.