Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бид юунд дурлаж байна вэ? №34


UB.LIFE-ынхан нь уншигч та бүхэнтэйгээ юунд дурлаж, амьдралдаа юу хэрэгжүүлж, ямар зүйлсээс урам зориг авч буйг хүргэж байна.

Ерөнхий редактор Б.Нямзул


Оны төгсгөлд хүмүүс бүгд л энэ онд юу бүтээж, юу амжуулснаа дүгнэдэг байх. “Би энэ жил төлөвлөсөн шигээ сайн байж чадсангүй” гэж сэтгэлээр унаж, өөртөө хатуурхаж суугаа хүмүүс байвал “Hidden Brain” подкастын “Being Kind to Yourself” дугаарыг сонсоорой. Хүмүүс бусдын алдаа дутагдлыг ойлгож, хүнлэг зөөлөн хандаж чаддаг хэрнээ яагаад өөртөө үргэлж хатуурхдаг, энэ нь тухайн хүнд төдийгүй түүний эргэн тойронд буй хүмүүст хэрхэн сөргөөр нөлөөлдөг, өөртөө өгөөмөр хандахын тулд юуг амьдралдаа хэвшүүлэх гээд өгөөжтэй сэдвүүдийг хөнджээ. Өөртөө хатуу хандах нь бидний төсөөлснөөс ч илүү хор нөлөөтэй гэдгийг энэ подкастыг сонсоод ойлгосон. Тухайлбал, аливаа хорт бодист донтох, идэх эмгэгт өртөх, сэтгэл санааны хямралд орох зэрэг сөрөг үр дагаврууд нь заримдаа өөртөө хатуу хандсанаас үүдэлтэй байдаг гэнэ. Түүнчлэн хүмүүс өөртөө өгөөмөр, зөөлөн хандахаас татгалздаг гол шалтгаан нь “Ингэж байж л илүү сайжирна, зорилгодоо хүрнэ” гэж итгэдэгтэй холбоотой байдгийг судалгаагаар баталж. Цаашлаад бид яавал өөртөө өрөвч, энэрэнгүй хандаж сурах тухай зөвлөгөөг ч багтаажээ. Оны төгсгөлд үүнийг сонсоход тохиромжтой болов уу гэж бодлоо.

Тоймч Б.Энхцэцэг - Урлагийн сэрэлт 

Ковидоос болж мартагдаад байсан эрт урьдын амьдрал эргэн ирлээ. Энэ сард драмын хоёр ч томоохон жүжиг тайзнаа шинээр тавигдаж, залгуулан тоглох жүжгийн зар энэ өдрүүдэд нэмэгдэж байна. Мөн кинотеатрууд ойр ойрхон улаан хивс дэлгэж, шинэ кинонууд нээлтээ хийж байна. Би “Гэм зэм” жүжиг, тулаант эпик “Хотулун. Алтан судрын эрэлд” кино үзэж сонирхсон. Үзэгчийн суудлаас өвөрмөц шийдэлтэй тайз, том дэлгэц харж урлагийн гайхамшгийг цөөн хоногийн зайтай хоёронтаа мэдрэв. Хөл хорионоос сэрэмж болгоомжид дадаад байсан амьдралд минь хөхиүн хөөртэй шинэ салхи үлээн итгэл найдвар дорхноо сэргээд л ирэв. Улаанбаатар хот шинэ оноо угтах баярын шидэт уураар амьсгалж, урлаг соёлын тоглолтууд үзэгчдийг өөртөө соронз лугаа татан буй 2021 оны сүүлчийн сар надад аз жаргал авчирлаа. Урлаг хүний амьдралыг жинхэнэ болгохын төлөөнөө бүтээгджээ. Театрын хөшиг зүгээр ч нэг нээгддэггүй аж.  

Сэтгүүлч Г.Сүрэн - Математик ба дурсамж

Саяхан гадуур явж байгаад бага насныхаа хөгжилтэй дурсамжтай таарсан нь "Хошин математик" гэдэг энэ ном. Бүр 1986 оны анхны хэвлэлийг нь 3000 төгрөгөөр авсан гээд бод доо. Арван жилдээ математикт "нугасгүй" хүүхэд байсан ч үг үсэгтэй найзлаад тоогоо мартах дөхсөн болохоор хөгжилтэй бодлогуудаар толгойгоо ажиллуулаад зугаатай байна. IQ таавар, бодлого, сүдокү, үгийн сүлжээ нухан сууж зугаацдаг хүүхэд байснаа бараг мартжээ. Энэ номоос нууц байдалд байгаа хувьсгалч нарын ашигладаг нууц захианы "криптография" гэдэг аргыг сурч байлаа. Цаасаар тусгай тор бэлтгээд нууц захидал нэгэндээ дайдаг энэ аргаар найзууддаа овоо хэдэн захиа бичсэн дээ. 16 нүдэнд 15 тоо дарааллаар нь байрлуулдаг “15-аар тоглох такен” гээд тоглоомыг нь цаасаар хийгээд тоглодог байв. Амьдрал дахь энгийн үйлдлүүдийг хэрхэн математикжуулж болохыг харуулсан жишээнүүд нь их гоё. Дурсамж, математик хоёр зэрэг юүлж орж ирээд, ахин дурлаж байна.

Тоймч П.Номинбилэг - Хөгжим 

Хөгжимд чинхүү хайртай боловч цомгоор нь сонсож дадаагүйдээ өөрийгөө буруушаан зэмлэдэг байсан минь энэ жил өөрчлөгдөж, сонсож буй хөгжмөө илүү цогцоор харж сурч байгаадаа баярлаж, дуу хөгжимд өдрөөс өдөрт улам ихээр дурлаж байна даа. Сайн дуу төрүүлэх баталгаатай арга, дүрэм гэж үгүй ч өөрийнхөө дотоод үнэн, ертөнцийг харж буй нүдний шилнийхээ өнгийг хэр ялгаж харж, нээн шинжиж буйгаас ихээхэн хамааралтай гэдгийг мэдэрч, тэдний (“тэд” гэдэг нь лав энэ мөчид, үүнийг бичин суухуйд утсанд ээлжлэн эгшиглэж байгаа Жой Крүүксийн “Skin”, Энжигийн “Урсгал”, Билли Айлишийн “Happier Than Ever” цомгууд) сонсохуйяа өөрийгөө нүцгэнээр нь хайрлах урам зориг төрөх шиг. Дотроо уудалж буй нь эмэгтэй хүний хүчирхэг хоолой бол бүр ч. 

“And you're crossing lines with your

Crossing lines with your

Power

Come and spend it on me

Power

What it means to be free” Joy Crookes

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
3
2020.09.29
Бид юунд дурлаж байна вэ? №33
санал болгох
1
7 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.