"Interstellar", "Metropolis", "Blade Runner", "2001: A Space Odyssey" зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүд танд таалагддаг бол дараах ховор "нандин" 9 киног санал болгож байна. Гарцаагүй энэ төрлийн кино шимтэгч нар ч дараах бүтээлүүдийг үзээгүй байж мэдэх юм.
#1 The Face of Another (1966)
Японы найруулагч Хироши Тешигахараг та Оскарын шагнал хүртсэн "Элсний хүүхэн" (Woman in the Dunes) киногоор нь мэдэх бол уг бүтээлээс хоёр жилийн дараах доорх бүтээл яалт ч үгүй таалагдах болно. Найруулагч өөрийн баримталдаг үнэт зүйлийн дагуу бие махбод болоод оюун санааны холбоосыг эл бүтээлдээ нарийн шингээжээ. Гадаад төрх тань таныг хэр их тодорхойлдог вэ? Хүмүүс таныг хэрхэн харахаас хамааран алив юмс өөрчлөгддөг үү? Хэрэв гадаад төрх тань байсхийгээд л өөрчлөгддөг бол таныг гэх өнөөх тодорхойлолт ч даган хувьссаар байх уу? Кино таныг гүн гүнзгий, утга учир бүхий хариултад хөтлөх боловч тийм ч амархан хэлээд өгчихгүй ээ.

2. On the Silver Globe (1988)
Польшийн найруулагч Анжей Зулавскийн эл кино энэхүү жагсаалтын хамгийн сонин содон нь болов уу. Арт хаус кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан боловч "Зулавскийн кинонд шимтэгч нар үзэхдээ хүлээлтээ доогуур байлгавал зохино" гэцгээжээ. Санамсаргүй зүйлс, нүдэндээ ч итгэмээргүй, хаа нэгтээ аяллаар явахдаа хэзээ ч харна гэж төсөөлөөгүй зураглалыг л хүлээгүүштэй.

3. Je t’aime, je t’aime (1968)
Францийн найруулагч Ален Реснайсийн "Би чамд хайртай" хэмээж болохуйц эл бүтээлд цаг хугацааны туршилтад оролцохоор шийдэж буй Клауде гэх залуугийн тухай хүүрнэнэ. Уг аяллаар тэр өөрийн үе үеийн амьдралдаа зочлох бөгөөд урьд өмнө анзаарч байгаагүй зүйлсээ олж харах болно. Та киног олон дахин үзэж, үзэх бүртээ яг л цаг хугацаагаар аялж буй Клауде шиг алавхийн одох бүхнийг анзаарах вий.

4. The Day the Earth Caught Fire (1961)
Дэлхий нийтийн сүйрэл гэхээр таны толгойд ямар кино бууж байна? Харин энэ бүтээлд зөвхөн дэлхийн асуудал бус дүр бүрийн өөр өөр асуудлууд хөндөгдөхөөс гадна дэлхийн сүйрлийн ихэнх кинонуудаас илүү ухаалаг, илүү сэтгэл хөдөлгөм, илүү нөлөө ихтэйг онцлууштай.

5. The Man in the White Suit (1951)
Хэрвээ та нэг л хувцастайгаа, бас огт угаахгүй, оёж нөхөхгүй байвал хэчнээн мөнгө хэмнэхийг төсөөлөөд үз дээ. Киноны гол дүр Сид Страттон угааж арчих ч шаардлагагүй, хэзээ ч чанараа алддаггүй даавуу зохиох бөгөөд үүнээс улбаалан хүмүүсийн аж амьдрал, эдийн засагт өөрчлөлт бий болох болно. АНУ-ын найруулагч Александр Маккендрикын эл бүтээлийг шинжлэх ухааны уран зөгнөлт, комеди төрөлд хамааруулах аж.

6. Demon Seed (1977)
Хиймэл оюун ухааны тухай нэлээд эхний бүтээлүүдийн нэг. Шинжлэх ухааны уран зөгнөлт гэхээсээ илүүтэй аймшгийн төрөлд хамаарах бөгөөд технологийн хэт хөгжлийн тун давгүй зөгнөснийг нь та анзаарах болно.

7. The 10th Victim (1965)
"The Hunger Games", "The Purge"-ээс өмнө нь эл бүтээл үзэгчдийг хуйлруулж байв. Муур хулганы тоглоом. Гэхдээ амь насны бооцоотой! Энэ төрлийн кинонд дуртай бол нэмэлт тайлбар хэрэггүй биз ээ.

8. Dr. Jekyll and Sister Hyde (1971)
Алдарт зохиолч, Нобелийн шагналт Роберт Луис Стивенсоны "Доктор Жекил Хайд хоёрын жигтэй явдал" романаас сэдэвлэсэн хэд хэдэн кино бүтээл байдаг ч найруулагч Рой Уорд Бейкерийн 1971 оны эл бүтээлийг хамгийн шилдэг нь гэх улс цөөнгүй ээ. Адал явдал, шинжлэх ухаан, уран зөгнөл...

9. Trancers (1984)
Олон нийтийн, "уламжлалт" ойлголтоор "Trancers" тийм ч сайн кино биш байж мэднэ. Харин шинжлэх ухааны элементүүдийг дүрсэлснээрээ сайн бүтээлд гарцаагүй тооцогдоно. Тэтгэвэрт гарсан офицер Жак Дет сэтгэцийн содон өөрчлөлттэй хэрэгтнийг баривчлахаар зэхэж буйгаар үйл явдал өрнөнө.

Эх сурвалж: Taste of Cinema