Холливудаас ирэх жил буюу 2026 онд Холливудын Алдрын гудамжинд одтой болох оддын нэрсийг зарлалаа. Жагсаалтад хуучны алдартнуудаас гадна одоогийн шилдэг залуус ч байгаа юм.
Кино төрөлд Деми Мур, Эмили Блант болон энэ цагийн төлөөлөл Тимоти Шаламе нарын нэр байна. Мөн Оскарын шагналт Рами Малек, Рэйчел Макадамс, Францын жүжигчин Марион Котийяр, Станли Туччи нар багтжээ. Найруулагч Тони Скоттод энэхүү одыг нэхэн олгох болсон байна.
Харин Телевиз төрөлд хоолны нэвтоүүлгээрээ алдаршсан Гордон Рамзи, телевизийн цувралын жүжигчин Сара Мишель Геллар, Ноа Уайли нар одтой болно. Дуучин Майли Сайрус замналаа телевизээс эхэлсэн гэдэг утгаараа бас од авч байгаа юм.

Спортын төрөлд ганцхан Шакил О’Нил нэр дэвшжээ. Зодог тайлсан хойноо ч Америкийн соёлын ертөнцөд нөлөөтэй хэвээр үлдсэн энэ эрхэм теле шоу, зар сурталчилгаа гээд бүх зүйлд оролцдог.
Холливудын Алдрын гудамж нь 2 км урттай, одоогийн байдлаар 2700 алдартан одтоо болоод байгаа.