Найруулагч Квентин Тарантиногийн кинонуудаар олны танил болсон, Холливудын од Майкл Мэдсен нас барлаа. Тэрээр 67 настай байлаа.

Түүнийг гэртээ ухаангүй байхыг нь олсон бөгөөд үхлийн шалтгаан тодорхойгүй.

Майкл 1957 оны есдүгээр сарын 25-нд Чикагод төрсөн. Аав нь гал сөнөөгч, ээж нь яруу найрагч, кино редактор хүн байжээ.

Мэдсен сургуулиа төгсөөд Steppenwolf театрт элсэж, Жон Малковичийн шавь болсон.

Тарантиногийн “Reservoir Dogs” (1992) кино түүнд жинхэнэ алдар нэр авчирсан юм. Stuck in the Middle with You аялгуу дор тамлаж байгаа дүр түүнийг цаашдаа харгис, хатуу, харизмтай баатрын дүр бүтээнэ гэдгийг нь тодорхойлж өгсөн билээ.

Тэрээр нийт 200 гаруй кинонд тоглосны дотор “Kill Bill”, “Sin City”, “Donnie Brasco”, “The Hateful Eight” зэрэг алдартай бүтээлүүд байлаа.

Мэдсен яруу найрагч байсныг олон хүн мэдэхгүй. Хэд хэдэн шүлгийн түүвэр гаргасан нь ганцаардал, уй гунигаар дүүрэн байв. Яруу найраг л амьдралын бэрхшээлийг даван туулахад нь тус болдог гэж нэг удаа ярьж байжээ.

Тэрээр гурван удаа гэрлэсэн, дөрвөн хүүхэдтэй, нэг нь жүжигчин болсон.
