UBLife Logo
ХОБО ЖИБЭ

ХОБО ЖИБЭ | Лана Дел Рей арьс өнгөөр ялгаварлагч уу? Тээгч эхээс хүүхэдтэй болсон Приянка, Ник хоёр шүүмжлэлд өртөв, “Супер Боул”-ын тайзнаа чуулах супер одод

ХОБО ЖИБЭ | Лана Дел Рей арьс өнгөөр ялгаварлагч уу? Тээгч эхээс хүүхэдтэй болсон Приянка, Ник хоёр шүүмжлэлд өртөв, “Супер Боул”-ын тайзнаа чуулах супер одод

Лана Дел Рейд юу тохиолдсон бэ?#Пиарменежерхэрэгтэйбайна2010 онд анхны цомгоо гаргаснаасаа хойш ретро, инди попын хатан хааны суудалд сууж, бидний зүрх сэтгэлийг эзэгнэсэн дуучин Лана Дел Рей сүүлийн хоёр, гурван жил карьер нь уналтанд орж, нэр хүнд нь муудаж, хэл аманд ихээр өртөөд байна. Сүүлд гаргасан BLUE BANISTER цомог нь ч санасан шиг амжилттай байсангүй ээ. Түүнийг “old hollywood glamour” буюу хуучны холливудын увдист гүнж, зүүд мөрөөдөл шиг л сайхан дуулдаг эмэгтэй гэж шүтэгсэд байхад токсик үгтэй дуунууд дуулдаг гэж шүүмжлэх хүмүүс ч бий. “Чамгүй бол би хэн ч биш, би чиний хүүхэлдэй болъё, намайг битгий орхиоч гэж дуулдаг нь залуу охидын хувьд эрүүл бус үлгэр дуурайл” гэж зарим хүмүүс үздэг. Нээрэн л түүний дуунууд уянгалаг мөртлөө бараан, өнгө зураглалын хувьд драматик, үг нь дандаа хортой харилцаа, нөхцөл болзол тавьсан хайр, хэн нэгнийг гуйсан гувшсан утгатай байдаг нь үнэн юм. Мөн Дел Рей нэгэнтээ эмэгтэйчүүдэд хандан “өөрсдийн эмзэг, сул дорой байдал, эр хүнийг дээдлэн тахих, тэдэнд үйлчлэх хүсэл, зохилдлогоосоо хүчээр нүүр буруулах хэрэггүй” гэж хэлж байсан удаатай. Гэхдээ үүнийг шүүнэ гэдэг хэцүү л дээ. Хүний дотроос урган гарч буй мэдрэмжийг, түүхийг, бүтээж буй урлагийг шүүнэ гэдэг маааш хэцүү. Бараг л боломжгүй.

За тэр ч яахав. Түүнийг сүүлийн үед хөгжим урлагаас нь илүү, зан авир, хэлсэн үгсээр нь шүүмжлэн хүлээж авах болсон. Үүнээсээ болж дуучин маань “асуудалтай цагаан эмэгтэй” нэр зүүх болов. Энэ явдал хоёр жилийн өмнөх тавдугаар сарын тэр нэгэн өдөр түүний бичсэн уртаа гэгчийн ил захидлаас эхэлсэн юм. Энэхүү захидалдаа тэр өөрийн урлагт оруулж буй хувь нэмрээ асар өндөр хэмээн үнэлж, хөгжим шүүмжлэгч мэргэжилтнүүдийг сул дорой, мэдрэмжгүй гэсэн байлаа. Ингэхдээ тэрээр өнгөт арьст эмэгтэй дуучид болох Бейонсе, Дожа Кат, Карди Би, Ариана Гранде, Камила Кабелло нарыг нэр цохон онцолж, нүцгэн шалдан дуулж, бүжиглэж, бие хаагаа гайхуулж, хэнтэй унтсан, хэнд араараа тавиулснаа дуулахаас цаашгүй гэсэн байлаа. Үргэлжлүүлээд, “Харин би бол хайр дурлалтай учрахын гоо үзэсгэлэн, таашаал, зовлон шаналлыг бодит амьдрал дээр байгаагаар нь дуулдаг. Намайг хүмүүс хүчирхийллийн харилцааг гоё сайхан болгож харуулж байна гэж шүүмжилдэг ч үнэн чанартаа би бодит амьдрал дээр л байгаа хүчирхийллийг дуулдаг гоё сайхан эмэгтэй юм.” гэжээ.Түүний мэдэгдлийг уншсан хүмүүс be like:

Хүмүүс юунд дургүйцсэн гэвэл түүний өөрийгөө өмөөрөх гээд өөр бусдыг доош нь хийсэнд дургүйцсэн юм. Түүний мэдэгдлийг уншсан алдартай хүмүүс хүртэл урам хугарч буйгаа ил тод илэрхийлэв. Жишээ нь дуучин Харри Стайлс “Лана ингэж хэлсэнд би итгэж чадахгүй нь. Түүнийг хүндэлж байсан хүндлэл үгүй боллоо. Өөрийгөө өрөвдүүлэх гэсэндээ бусад хүчирхэг эмэгтэйчүүдийг доош чирэх эрх түүнд байхгүй. Тэдний дуу чартыг тэргүүлж, өөрийнх нь чадахгүй байгаад уурсаж буй мэт.” гэжээ.

Дурдсан бүх эмэгтэйчүүд нь өнгөт арьстан байсан тул Ланаг арьс өнгөөр ялгаварлагч юм байна гэж хүмүүс дүгнэв. Түүнээс гадна “Би эмэгтэйчүүдийн үнэн дүр төрхийг уран бүтээлдээ илэрхийлснийхээ төлөө анти-феминист гэж нэрлэгддэг. Гэтэл та нарын наад феминизм чинь үнэн хэрэгтээ над шиг эмэгтэйчүүдийг ялгаварлаж байна”  гэж бичсэн нь хүмүүсийн уурыг бүр ч хүргэв. Цагаан арьст эмэгтэй хар арьст эмэгтэйчүүдээс илүү ялгаварлан гадуурхалтад өртсөн гэж гомдол мэдүүлэх нь эгдүү хүргэсэн юм даг уу даа. Олон арванаар эрхийнхээ төлөө, хүн шиг үнэлэгдэхийн төлөө, урлагийн ертөнцөд авьяас чадвараа шударгаар харуулахын төлөө тэмцэж яваа хар арьст уран бүтээлчдээс илүү ялгаварлан гадуурхалтад өртсөн гэдэг нь хүмүүст инээдтэй сонсогдсон юм.

Үүний хариуд Лана дахиад л өөрийгөө өмөөрсөн, хохирогч мэт ойлгуулах гэж хичээсэн пост олноор бичиж, бичих тусмаа хэлсэн үгстээ ороогдож, үзэн ядагдаж байв. Ийм үед олон нийтийг яаж тайвшруулах, бас өөрийн нэр хүндээ хэрхэн аврахыг зааж зөвлөх хүн хажууд нь байдаггүй лүд юм аа тээ. Би байсан бол “За энэ нэг л биш болоод явчихлаа шүү, яг Никитоны Баачка, Сэлли хоёрын араас орлоо шүү, одооо зүгэээээр л уучлал гуйчих” гээд хэлээд өгөх байсан юм. Ингээд энэ явдлаас хойш түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн санаатай санаагүй мушгигдаж, хэвлэлүүд ч аль болох хэрүүл шуугианыг нь онцолсноор хүмүүсийн ундууцлыг төрүүлж өдий хүрлээ. Салбартаа ч, сонсогчиддоо ч нэр хүндээ алдаж, алдрын оргилоос навс унаж орхисон нь эргэж сэхэх үү үгүй юу гэдэг дээрээ байгаа. PR мэнэжэр зэнэжэр гэж байна уу? Хүнээ авраач ээ гэмээр. Гэвч HBO сувгийн "Euphoria" цувралын хэдхэн хоногийн өмнө цацагдсан дуу болох "Watercolor eyes"-ыг сонссон бол яах аргагүй л тэр онцгой дуучин мөн. 

Приянкаг хүүхдээ өөрөө тээгээгүйд хүмүүс уурлав#Шүүгчдийнбүрэлдэхүүнажиллажбайна

“Хэрэв чи хүүхдээ өөрөө тээгээгүй бол эх хүн байх эрх байхгүй”, “Баячууд өөрсдийнхөө биеийг хайрлаад ядууст мөнгө төлж хүүхдээ тээлгэдэг болсон. Энэ бол бусдын бие махбодыг ашиглаж буй ёс суртахуунгүй үйлдэл” гэх мэт сэтгэгдлүүд Ник Жонас, Приянка Чопра хоёрын шинэхэн эцэг эх болсон мэдээний дор хөвөрч байна. Нэг хүн бүүр “Хүүхэд чинь бэлэн боллоо ирж аваарай гэхээр нь очоод авдаг түргэн хоол шиг л байх шив дээ, тэр хүүхдийн амьдрал ч хэцүүдлээ дээ” гэжээ. Кк. Жигтэйхэн токсик хүмүүс вэ.Холливудын хамгийн жаргалтай хосуудын нэг гэгдэж буй тэд тээгч эхээр тээлгэсэн хүүхэд нь мэндэлж, эцэг эх болсноо амралтын өдрүүдэд зарласан юм. Нөхрөөсөө 10 насаар эгч Чопра энэ жил 39 настай учраас хүүхэд тээж төрүүлэхэд эрсдэлтэй гэж үзсэн байж болох юм. Эсвэл эрүүл мэндийн шалтгаан, сэтгэл зүйн шалтгаан гэхчлэн юу ч байж болно. Тийм биз дээ? Эмэгтэй хүн бүхэн л хүүхэд тээж төрүүлэхээр заяагдаагүй. Хобо жибэ буландаа үргэлж бичдэгчлэн энэхэн биеэ хэрхэн эдлэх нь тухайн хүний л хэрэг билээ. Боломжтой байгаад, харилцан зөвшилцөж чадвал хэн нь ч тээж, хэн нь ч өсгөсөн яах вэ дээ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр яваандаа эр хүн ч хүүхэд тээдэг болох юм бил үү, хэн мэдэх вэ. Аав нь чамайг төрүүлэх гээд эмнэлэг явах замдаа ус гараад, тэгээд зургаан цаг өвдсөн юм гэнгүүт хүүхдүүд нь аавынхаа ачийг хариулах гэж шүүдрийн дуслаар цай чанаад л...Нөгөөтээгүүр өөрөө төрүүлээгүй гэхээр хүний хүүхэд шиг хөндий санагдаад хайрлаж чадахгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Тээж төрүүлэх байтугай огтоос таньж мэдэхгүй хүний нялх үрсийг өргөж тэтгэж аваад сайн сайхан хүмүүжүүлсэн жишээ олон л байдаг шүү дээ. Мөн өөрөө төрүүлсэн ч гэлээ үр хүүхдээ хайрлаж чадахгүй эцэг эхчүүд байж л байна. Тэгэхээр эцэг эх болно гэдэг ухамсар, хичээл зүтгэлийн асуудал байх нь ээ гэж дүгнэвэл болох уу? Даян дэлхийн эмэгтэйчүүд, ээжүүдийг өөрөө тээгээгүй эх, хойд эх, өргөж авсан эх, ганц бие эх, хөгширсөн хойноо хүүхэд төрүүлсэн эх, ижил хүйстэн эх гэхчлэн цоллож, шошго наах нь шударга бус юм. ХАЙРЛАЖ ӨСГӨЖ БАЙВАЛ ээж бүхэн ээж. Энэ тухай уншигчид минь ямар бодолтой байгаагаа хуваалцана биз ээ.“Супер Боул”-ын тайзыг эзэгнэх супер оддын тухай#Амьдралдганцтохиохшоу1990-2000-аад оны хөгжим сонсож өссөнүүд нь наашаа. Өсвөр насандаа өргөн өмд өмсөж, рэп хип хоп сонсож явснууд нь бас наашаа. Wu Tang Clan, Tupac, Dr.Dre ах нарын нэрийг ханан дээр шүршиж явсан нь наашаа. Дарарарара дан дан дан, дан дан дан гэж “Next Episode” дууг дагаж аялдгууд нь наашаа. Эргэн дурсахуй, Иривэр саундс орох насан дээрээ ирсэн мэт мэдэрдэг бол наашаа. Хоёрдугаар сарын 13-ны орой Лос-Анжелес хотын “SoFi” цэнгэлдэх хүрээлэнд Америкийн үндэсний хөлбөмбөгийн 56 дахь удаагийн лигийн аварга шалгаруулах “Супер Боул” тэмцээн болж, хагас цагийн шоу үзүүлбэрийг Доктор Дре тэргүүтэй рэп, хип хопын домог болсон уран бүтээлчид толилуулах гэж байгааг мэдсэн л биз дээ?

Снүүп дог, Эминем, Мэри Жэй Блайж, Кэндрик Ламар ба Доктор Дре гэх цагийг эзэлсэн таван уран бүтээлч шоуны тайзыг эзэгнэх гэж буйг тэмдэглэн ХОБО ЖИБЭ- дээ бичьюү. Энэ жилийн шоуг бүх цаг үеийн хамгийн супер, амьдралд ганц тохиох шоу болно гэж хүмүүс ярьж байна. Тэмцээний үеэр зар сурталчилгаагаа байршуулах газруудын тоо эрс нэмэгдэж, энэ жил 100 компани, бараа бүтээгдэхүүн сурталчилгааны цаг аваад буй юм. Өнгөрсөн жил 30 секундын сурталчилгаа 1 сая долларын ханштай байсан бол энэ жил 6.5 сая доллар хүрч байна.Ийм өндөр хүлээлт үүсгээд буй эдгээр уран бүтээлчдийг нэр алдарт хүртэл нь продюсерлаж, од болгосон хүн бол Доктор Дре учраас тэдний хоорондоо учирсан түүхээс бяцхан хуучлая. Дре анх продюсерын гараагаа эхлээд удаагүй байхдаа нэгэн үдэшлэг дээр санаандгүй Снүүп Догийн дууг сонсчээ. Түүний ах Warren G үдэшлэг дээр DJ хийж байхдаа өөрийн анд Снүүпийн дуунаас тавьсан нь Дрегийн анхаарлыг татаж, тэд хоорондоо утсаар ярин уулзаад, шууд шинэ альбомны ажилдаа орсон байна. Тэр үед Снүүп гудманд хар тамхи зарж, буруу зам руу халтирахад ойрхон явсан ч аз болж Дре түүнийг олж, гудамжны амьдралаас нь татаж авсан түүхтэй. Ингээд хамтран ажилласан анхны цомог нь төсөөлөөгүй их амжилтанд хүрч, хоёр уран бүтээлчийн хэн хэнийх нь амьдралыг өөрчилсөн юм. 

Снүүп ах маань Дрегийн тухай ярихдаа “Гудамжинд хэвтэж байсан чулууг алмааз болгон хувиргасан хүн дээ. Тэр намайг залж чиглүүлж, өөрийгөө олох замыг заасан. Би түүнийг орхиод гарлаа гэхэд өөрөө өөрийгөө аваад явах, хөгжих боломжтой болтол маань тэр намайг дэмжсэн. Бид хоёр хэзээ ч ам муруйж үзээгүй, тэр бол миний гэр бүл.” гэсэн байна. Харин Дре энэ талаар ярихдаа “Яг Снүүптэй танилцах үед би идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, гэр орондоо ганц тавилга ч үгүй, амьдралынхаа хамгийн хэцүү үе дээрээ байж таарсан. Тэгээд Снүүпийг олоод хамтарч ажиллахдаа бид нэг бол амжилтанд хүрнэ, нэг бол гудамжинд гарна гэдгээ мэдэж байсан. Аз болж бид амжилтанд хүрсэн. Снүүп бол миний зүрхний анд’ гэжээ.

Амжилттай продюсер болсон Дре 90 оны сүүлээр Эминемийн дууг өөр нэг продюсераар дамжуулан сонсоод шууд таалагдаж, дуудаж уулзаад, хэдхэн цагийн дотор бичлэгийн студид туршилтын дуу бичээд сууж байв. Тэдний хамтран ажилласан анхны сингл хэн ч танихгүй 19 настай, цагаан арьст хүүг шууд олны танил болгосон.

“Hi my name is (сhicka chicka) Slim Shady” бол 90-ээд оны хип хопын хамгийн сайн цээжлэгдсэн дууны үг юм. Ингээд дараагийн 10 жилд Эминем манай гарагийн “ultimate success story” буюу байж болшгүй их амжилтанд хүрсэн рэппер болсон түүхтэй. Хип хопын Боб Дилан гэгддэг түүний дууны үг, мөрүүдийг судалдаг бүхэл бүтэн хичээл Америкийн их сургуулиудад ордог гээ бод. Авьяастай байхаас гадна авьяасыг олж хараад, усалж тордоно гэдэг нь бас агуу зүйл бололтой.Хип хоп, соул хөгжмийн хатан хаан Мэри Жэй Блайжийн хувьд карьер нь яг унаж явах 2000 онд Дре мөн л цомгийг нь продюсерлаж, амжилтынх нь оргил өөд хөтөлж өгсөн билээ. За тэгээд Кэндрик Ламар бол Дрегийн нутгийн дүү, Комптоны авьяаслаг рэппер учраас харж хандаж, хамтран ажиллалгүй л яахав. Бүх студийн цомгийг нь хийж өгсөн. Бас л нэг эпик одыг төрүүлсэн. Ингээд 30 жилийн дараа Лос Анжелест эргэн ирж буй хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд домог болсон одууд хэрхэн чуулахыг харах үлдэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
4
2
0
0
0
0
12

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.