Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Т.Ундаръяа : Өөрийнхөө явцуу туршлагаар л нийгмийг бүхэлд нь төсөөлдөг хүмүүс их байна


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “OK TO BE DIFFERENT” аян өрнөж байна. Аяны хүрээнд “МОНФЕМНЕТ” Үндэсний сүлжээний зөвлөх Т.Ундаръяаг урьж ярилцлаа. Нийгэмд оршдог олон талт ялгаатай бүлгүүд гэж хэн болох, тэднийг хэрхэн нийгмийн амьдралд татан оруулж, тэгш оролцоог дэмжин ялгаварлал, алагчлалгүй нийгмийг бүтээх вэ гэсэн асуултад хариулт авахыг зорьсон юм.

- “Social diversity & inclusion” буюу нийгмийн олон талт бүлгүүдийн оролцоо, тэгш байдлыг дэмжих тухай сүүлийн үед нэлээд ярих болжээ. Энэ нь чухам ямар нийгмийг хэлээд байна вэ? Та тайлбарлаж өгөхгүй юу.

- Аливаа нийгэм, бүлэг хүмүүс бүгд хоорондоо ялгаатай, өвөрмөц онцлогтой байдаг. Inclusion бол тэдгээр ялгаа онцлогийг бүгдийг нь хүндэтгэж, үнэлэх тухай асуудал юм. Ялгаатай хүмүүсийг дэмжихгүй, ижилхэн байлгах эрмэлзэл нь албадлага эсвэл хүчирхийлэл болно. Эсвэл ялгааг харгалзахгүйгээр нэг л бүлэг хүмүүст зориулсан бодлого явуулбал гадуурхал болно. Тэгэхээр шударга нийгэм оршин тогтнохын маш чухал хэсэг нь ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, жам ёсны гэж үзээд түүнд үнэ цэн өгөх явдал юм.

Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгмийн үйл ажиллагаанд тэгш хамруулахын тулд бид юу хийдэг билээ? Ихэвчлэн зориулалтын шат, хаалга, ариун цэврийн өрөө л ярьдаг. Тэр мэдээж чухал. Гэхдээ хөгжлийн бэрхшээл их олон янз шүү дээ. Харааны бэрхшээл гэхэд л дотроо олон янз. Түүнээсээ шалтгаалаад хэрэгцээ нь ч өөр өөр. Ядахнаа төрийн байгууллагууд ийм бэрхшээлтэй хүмүүст зориулж том үсгээр, том зай талбайд албан мэдэгдэл, маягт, зарлал зэргээ бичиж хэвлэдэг үү? Тэдгээр байгууллагаар хэл ярианы бэрхшээлтэй хүн үйлчлүүлбэл яах вэ, хэн туслах вэ гэх мэт үйлчилгээгээ хүн бүрт хүргэхийн тулд ялгаатай байдлыг нь урьдчилаад бодчих нь inclusive байх наад захын соёл болно.

- Энэ тийм хэрэгжүүлэхэд хэцүү зүйл үү?

- Уг нь маш энгийн л дээ. Жаахан бодоход л болчих зүйл. Миний ойлгож буйгаар үүнд тээг болдог хоёр зүйл бий. Нэгдүгээрт, мөнгө төгрөгөөр гачигдаж зовж үзээгүй хүн ядуурал байхгүй, хаана байна гэж ярьдаг. Гадуурхал мэдэрч үзээгүй хүн ялгаварлан гадуурхалт байхгүй гэж ойлгодог. Бэлгийн цөөнх биш байж бэлгийн олон янзын чиг баримжааг үгүйсгэдэг. Эсвэл зарим эмэгтэйчүүд жендэрийн тэгш бус байдал газар авсныг гайхаж, ор тас үгүйсгэдэг. Үнэхээр жендэрийн тэгш эрх хангагдчихсан юм бол өнөөдөр гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл гэж байх ёсгүй, шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо эн тэнцүү байх ёстой. Надад тохиолдож байгаагүй, миний эргэн тойронд байхгүй гэхээр л огт байхгүй гэсэн үг биш шүү дээ. Хамгийн аюултай нь ингэж боддог, ярьдаг улсууд нийгэмдээ тодорхой хэмжээний давуу байр суурьтай, боломжоор хангагдсан хүмүүс байдаг. Энэ мэтчилэн өөрийнхөө л явцуу амьдралын туршлага болон өөр шигээ хүмүүсийн нөхцөл байдлаар нийгмээ төсөөлөх хандлага маш их.

Нүдээ нээгээд харвал надад байгаа боломж маш олон хүнд байдаггүй. Зарим хүнд байгаа боломж надад ч байхгүй. Энэ нь зөвхөн ялгаатай байдлаас гадна тэгш бус байдлын илрэл шүү дээ. Тэгэхээр ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, тэгш эрхийг хангах, тэгш бус байдлаас үүдэх ялгаануудыг арилгах асуудлууд үргэлж хамтдаа яригдах учиртай. Мөн таны харж байгаа зүйл бол маш том зүйлийн өчүүхнээс өчүүхэн хэсэг нь гэдгийг хэзээ ямагт санаж яваасай.

Хоёрдугаарт, тодорхой нийгмийн давхаргад харьяалагдах улсууд ихэвчлэн тэр нийгмийн давхаргадаа л эргэлдэж байдаг. Бүх харилцаа нь тэрүүхэнд тэндээ л өрнөнө гэсэн үг. Тэгэхээр нийгэмд давуу талтай давхарга нь ерөнхийдөө бүх зүйл дээр давамгайлаад явчихдаг. Шийдвэр гарахад тэдний нүдээр харсан шийдвэр гарна. Жишээлбэл, эрчүүд давамгай бодлого боловсруулж байгаа үед эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, бэлгийн цөөнх, хүйсийн цөөнх, орон нутгийн иргэдэд ээлтэй бодлого тэр бүр гарахгүй байгааг харж болохоор.



Бас нэг жишээ, дээгүүр давхаргынхан юу гэж ярьдаг гэхээр хүмүүс залхуу болохоор ядуу байна гэж ярьдаг. Монголчууд залхуугаасаа болж ядуу байна гэдэг дүгнэлт нь дээгүүр давхаргын нүдээр харсан дүгнэлт байхгүй юу. Тэд тэгж төсөөлөөд байна гэсэн үг. Өөрсдийгөө аягүй мундаг сурч боловсроод, ажил хөдөлмөр хийсний үр дүнд сайхан байна гэж боджээ. Харамсалтай нь тийм биш. Тэдний дунд төрийг буюу иргэдийг шулж баяжсан хүмүүс байгаа. Наад захын жишээ нь л энэ олон сангийн асуудал, Хөгжлийн банкны асуудал байна. Нөгөөтээгүүр үнэхээр ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдарч буй хүмүүс мэдээж бий, гэхдээ тэр хүмүүсийн анхны гарааны нөхцөл боломжгүй хүмүүсийнхтэй адилхан байсан уу гэдэг асуулт бас гарч ирнэ.


- Ийм мэдрэмжгүй, тэгш бус хандлагын хамгийн ил тод жишээ юу байна вэ?

- Улаанбаатарт миний санааг хамгийн их зовоодог нэг асуудал бол хөдөө орон нутгийн хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, доромжилсон хандлага. “Оркууд” гэдэг үгийг шилжин суурьшсан хүмүүс дээр ашиглаад байх шиг харагддаг. Тэр хүмүүсийг хотын соёлгүй гэж хэлэх нь илт ялгаварлан гадуурхалт юм. Өөрсдийгөө тэр хүмүүсийн дээгүүр тавьж, мундаг соёлтой учраас бид л энэ хотод амьдрах ёстой гэх гээд байна шүү дээ.  Энэ бол жинхэнэ утгаараа ялгаварлан гадуурхалт.

Нөөцийг хуваалцахыг хүсэхгүй байна гэсэн үг. Би энийг чамд өгөхгүй, эсвэл иймхэнийг л өгнө гэсэн хандлага. Тэр нь эрх мэдэл байна уу, орон зай байна уу, ялгаагүй. Inclusion гэдэг маань тэр ялгаатай улсууд тэгш эрхтэй байх, түүхэн хугацаанд бүтцийн ялгаварлан гадуурхалд өртсөн, боломж бага эдэлж байсан хүмүүст илүү орон зай, дэмжлэг өгөх, эрх мэдлээ хуваалцах, шаардлагатай бол илүү нөөц хуваарилж байж хүн бүхнийг ижил түвшинд хүргэх гэсэн үг юм.  

- Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүн хэн юу хийх вэ, хаанаас эхлэх вэ?

- Нийгмийн түвшинд бол оролцооноос эхлэх нь зөв. Олон янзын хүмүүсийг жинхэнэ утгаар нь оролцуулаад явбал хамтдаа хөгжинө. Оролцуулахдаа өнгөн төдий биш. Юун түрүүн оролцож байгаагүй бүлгүүдийн оролцооны чадвар хөгжөөгүй байдгийг ойлгож, хүлээцтэй хандах шаардлагатай. Монголчууд 90-ээд онд бүгдээрээ л оролцооны чадвар сул байсан. Яагаад гэвэл нээлттэй, нийтийн хэлэлцүүлэг гэдэг зүйл байгаагүй учраас. Өнөөдөр манай нийгэмд мундаг боловсролтой гэсэн улсууд бүх зүйлийг мэднэ гэж хэт бардаад өөрсдөөс нь маш өөр, ялгаатай хүмүүсийн амьдралыг шийдэх гээд байдаг. Би илүү боловсролтой учраас би мэднэ, миний бодож байгаагаар явбал бүгдээрээ гоё болно гэж ярьдаг. Тэр хүмүүс даруухан байгаасай гэж би хүсдэг юм. Хэчнээн мундаг, юу ч төгссөн бай хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг мэднэ гэсэн үг биш. Өөрийн өнцгөөс харж, өөрийнхөө хүрээнд л ойлгож байгаа. 

Бидний харах өнцөг угаасаа ч хязгаарлагдмал, тэр нь ч жам ёсных. Тэгэхээр ялгаатай туршлагууд, өөр үзэл бодол, харах өнцөг, дуу хоолойнууд орж ирэх зайлшгүй шаардлагатай.  Асуудлыг олон талаас нь харж байж дундаасаа шийдэл, бүтээл гаргах нь ардчилсан, тэгш гэдгийн гол утга учир. Ингэхийн тулд бусад хүмүүсийг илүү анхааралтай сонсож сурах хэрэгтэй байх. Ялангуяа та давамгайлсан бүлэгт харьяалагддаг, хотод төрсөн, боловсролтой, амьдралын боломжтой, бүрэн бүтэн гэр бүлд өссөн, хүчирхийллээс хол аж төрсөн бол бусдыгаа илүү их сонсох ёстой. Яагаад гэвэл таныг бусад нь үргэлж сонссоор ирсэн, таны харьяалагддаг бүлгийн шийдвэрийг дагасаар ирсэн. Одоо таны сонсох ээлж. Ямар нэг байдлаар давуу л бол та бусдыгаа илүү сонсох хэрэгтэй. Ингэснээр цөөнхийн дуу хоолой чанга болно, нийгмээрээ аливааг харах өнцөг тэлнэ. Эцсийн бүлэгт, гадуурхагдсан, эрх мэдэл багатай бүлгүүдийг хүчирхэгжүүлж байж л оролцоо боломжтой болно.

- Хувь хүний түвшинд?

- Өөрөөсөө ялгаатай хүмүүстэй танилцаж, уулзаж харилцаж байх хэрэгтэй болов уу. Нэг л бөмбөлөг дотроо байгаад байвал юмыг олон талаас харж, мэдэж чадахгүй. Хэрвээ өөрөөсөө ялгаатай хүнтэй уулзаж, учрах боломжгүй бол юм уншдаг байх хэрэгтэй байх даа.

- Энэ бүх тэгш бус байдал биеллээ олдог эхний цэг нийгмийн хэвшмэл ойлголтууд юм болов уу гэж бодлоо.

- Монголд жишээ нь телевизийн зар сурталчилгаанаас маш хортой хэвшмэл ойлголтууд харагддаг. Хамаг л гоё сайхан мисс эмэгтэйчүүд, гэрийн эзэгтэй нар нь гал зуухандаа хоол хийгээд л гараад байна. Бүгд л нэг хэвийн, нөхөр хүүхдээ хооллож ундлаад л гараад байна. Бизнесүүд бүтээгдэхүүнээ хэнд зориулж сурталчлаад байгаа нь тун бүрхэг. Тэр телевизээр над шиг хүн гарахгүй болохоор надад зориулаагүй юм байна л гэж би бодно шүү дээ. Бизнес хүртэл ийм явцуу, хэвшмэл. Жендэрийн болон нийгмийн давхарга, бие мах бод, харагдах байдлын хэвшмэл ойлголтыг эвдсэн сурталчилгаа хийж яагаад болдоггүй юм бол?

Нийгэмд хүмүүсийг хэвшмэл ойлголт дээр тулгуурлан секси, секси биш, мөнгөтэй мөнгөгүй, хотын хөдөөний гээд улайм цайм ялгаварлана, сүүлдээ тэр нь даамжраад хүмүүсийг сайн, муу удамтай гэж ялгаж ч байх шиг. Баян айлын хүүхэд бол удам сайтай байх нь. Энэ бол байж болшгүй зүйл.

- Аливаа ялгаатай байдлыг, тэр дундаа бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, арьс өнгө, гарал үүсэл гэх мэт хүний хамгийн дотоод нандин ялгаатай байдал, эрхэм чанарыг гадуурхахаас гадна үзэн ядах, фобиа түвшинд хүлээж авах хүмүүс байдаг. Энэ ямар шалтгаантай байдаг юм бол оо?



Хоорондоо холбоотой олон шалтгаан бий л дээ. Хувь хүний сэтгэхүйн түвшинд аваад үзвэл миний бодлоор өөртөө итгэл муутай хүн ер нь бусдыг өөрөөсөө дор гэж үзэх юмуу тэгж харагдуулах замаар өөрийгөө өргөх хандлагатай айдаг. Бусдыг ялгаварлаж буй хүнийг би хувьдаа дотоод ертөнцдөө сэтгэл хангалуун биш хүн байна даа гэж боддог. Жишээлбэл, хүний биеэ тоосон байдал гэхэд наанаа мундаг харагдаж байгаа боловч цаанаа тэр хүний дотоод зөрчил, комплекстой холбоотой байдаг шүү дээ.

Яагаад тэр хүмүүс сэтгэл зүйн зөрчилтэй байгаа нь дахиад л янз бүрийн шалтгаантай. Өнөө л нийгмийн тэгш бус байдал эсвэл гэр бүлийн дэмжлэг аваагүй, сэтгэл санааны хэрэгцээ нь хангагдаагүй гэх мэт. Ямар нэг гадны хүчин зүйлээс дэмжлэг авч байж сэтгэл хангалуун амьдрах гээд байдаг.

Тиймээс бид хүүхдүүдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, сэтгэл санааны хүчирхийлэлгүй өсгөх хэрэгтэй. Тухайлбал, таны хүүхэд жендэрийн болон бэлгийн өөр баримжаатай байж болно. Тэрэн дээр эцэг эхчүүд нээлттэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь хүүхдээ байгаагаар нь хайрлана гэж үүрэг амлалт авч байж эцэг эх болох ёстой, тэр нь хөгжлийн бэрхшээл байна уу, бэлгийн өөр чиг баримжаа байна уу хамаагүй, хүүхдээ дэмжихэд бид суралцах ёстой байх.

Sexuality буюу бэлгийн байдал олон янз гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй, ойлгохгүй байна. Үүнийг буруутгах аргагүй л дээ. Өсөж төрсөн нийгэм, эцгийн эрхт ёс нь тэр хүнд эрэгтэй эмэгтэй хүмүүс л хоорондоо бэлгийн харилцаанд орно, өөр байдлаар бол болохгүй гэж зааж, тийм итгэл үнэмшилтэй бүтээсэн учраас. Гэтэл бэлгийн олон янзын чиг баримжааг гаж гэж ойлгуулах атлаа хүчирхийллийн бэлгийн харилцааг гаж гэж үзэн яддаггүй байх жишээний. Тэгэхээр гаж гэж юу юм гэдгийг бид дахин тодорхойлох шаардлагатай. Хамгийн гол нь цаад хүний үйлдэл хэн нэгэнд гэм хор учруулаагүй бол ерөөсөө миний асуудал биш юм гэдгийг үргэлж санаж яваасай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.04.08
UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД | Би ондоо байх тусмаа өөртөө итгэлтэй
2
2022.04.04
ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон: Монголын залуу үе өөрчлөлт шинэчлэл хийж чадна гэдэг...
3
2022.03.30
ТООН МЭДЭЭ | Бид тийм ч ялгаатай биш
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ss 2022.02.20 202.9.46.1

ene huniig mongold ajilluulj ur chadvar medleg bolovsrolii ni ashiglah yumsan daa.

0 Хариулах


Зочин 2022.02.20 202.179.25.232

Харин ч хүмүүсийн түгээмэл хандлагыг маш энгийнээр гаргаж хэлжээ.

0 Хариулах


Зочин 2022.02.20 59.153.115.45

uuruu bas yawcuu turshlagaaraa um yariad bnu

0 Хариулах