UBLife Logo
-

Орчин үеийн архитектурын шийдэлтэй, Улаанбаатарын онцлох 5 барилга

UBLife
UBLife
Орчин үеийн архитектурын шийдэлтэй, Улаанбаатарын онцлох 5 барилга

Улаанбаатарт өнгө нэмж, нийслэлийн төрхийг илтгэх өвөрмөц шийдэлтэй барилгуудыг бид энэ удаа онцлохоор бэлтгэлээ. Орчин үеийн архитектурын шийдэлтэй онцох таван барилгатай танилцана уу. 

Нийслэлийн засаг захиргааны IV байр

Гэрэл зургийг Т.Хангарьд

Монголын хамгийн анхны өндөр шилэн барилгуудын нэг болох Нийслэлийн засаг захиргааны IV байр буюу бидний нэрлэж заншсанаар “Улаанбаатар хотын банк” 1998 онд ашиглалтанд оржээ. Ардын банкны захиалгаар баригдаж эхэлсэн энэхүү өвөрмөц шийдэлтэй барилга тухайн үед гадаад явж, галуу шувууны мах идэж үзээгүй монголчуудын анхаарлыг ихэд татаж байсан гэдэг. Тухайн үед Монголд ийм өндөр барилгын дулааны системийн шийдэл хязгаарлагдмал байсан тул дээд давхруудад ус, дулаан хүрдэггүй байжээ. Төсөв, хөрөнгө болоод дулааны асуудалтай байсан болохоор Ардын банкны шилэн барилга улсын мэдэлд орсон юм. Хожим "Улаанбаатар банк" байгуулагдаж тус барилга дотор үйл ажиллагаа явууллах болсноор “Улаанбаатар хотын банкны барилга” гэгдэх болжээ.

“Номон” дэлгүүр

Өрөөтэй ном шиг хэлбэртэй эл барилгийг номын хорхойтнууд андахгүй. Барилгачдын талбайн зүүн хойно байрлах “Номон” номын дэлгүүрийн хоёр давхарт тухтай кафе ч бий. Өнгөрсөн оны гуравдугаар сард ашиглалтад орсон энэ барилгын үүсгэн байгуулагч Т.Хүрэлчимэг болон түүний нөхөр архитектурын санааг гаргасан гэнэ. 

 “Bluesky” цамхаг

Гэрэл зургийг Т.Хангарьд

Улаанбаатар хот гэхэд хамгийн түрүүнд Чингисийн талбай болоод түүний урд талд сүндэрлэн харагдах хагас дугуй хэлбэртэй “Bluesky” барилгын дүр зураг хэн хүний толгойд буудаг. “Заазуур”, “Хуушуур” зэрэг хочтой эл барилга нийслэлийн өнгө төрхийг илтгэх болсноос хойш зургаан жил өнгөрчээ. Энэ барилга нь Барселоны портод байрлах “Vela” зочид буудал болон Дубайд байрлах өндөр зэрэглэлийн “Burj Al Arab” зочид буудлын архитектурын шийдэлтэй тун төстэй юм. Анх тус барилгыг баригдаж байхад эдгээр зочид буудлын салбар нээгдэх гэж байна гэгддэг байлаа. Харин одоо “Хөх тэнгэр” цамхагт таван одтой зочид буудал, оффис, цөөн тооны пентхаусаас гадна худалдаа, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж байна.

“Olympic Residence” барилга

Нийслэлийн зүрхэн тушаа сүндэрлэсэн өвөрмөц загвартай энэ барилгыг хараагүй хүн ховор биз. Орой хэсэгтээ шатны гишгүүр шиг хэлбэртэй “Олимпик Резиденс” барилга нь 99 айлын тансаг зэрэглэлийн орон сууц болон худалдаа үйлчилгээний зориулалттай аж. Тун удахгүй ашиглалтад орох гэж буй энэ сонирхолтой барилгын зураг төслийг Европын “Pöyry Architects” болон Идеал групп нар хамтран зохион бүтээжээ.

БНСУ-ын Элчин сайдын яамны барилга

Махатма Гандигийн гудамжинд нэгэн шинэ өнгө нэмж буй энэ барилга бол БНСУ-ын Элчин сайдын яам юм. Өвөрмөц шийдэлтэй тус барилга нь тун удахгүй ашиглалтад орох юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.