Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB.LIFE-ийн түүхүүд | Тэд бэрхшээлийг яаж давсан бэ?


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Хүн бүрийн амьдрал өөрийн онцгой түүхтэй билээ. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгмийн хүчин зүйлс, хүмүүсийн хандлага, зан үйлээс шалтгаалсан олон саад янз бүрийн байдлаар тулгарч, түүнийг зайлшгүй даван туулах шаардлагатай болох нь бий. Байзаарай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хангалттай ойлголт, мэдлэггүйгээс болоод бид ч тэдэнд бэрхшээл бий болгоод байгаа юм биш биз? Тэдний түүхээс та өмнө нь анзаардаггүй байсан, өөрт тань ойлгомжгүй санагддаг зүйлсийн талаар мэдэх болно. 

Ажилд оръё гэж хүсдэг байсан ч ярилцлагын үеэр өөрийгөө хангалттай илэрхийлж чаддаггүй байлаа. Ээжийн маань таньдаг эмч бариа заслын дамжаанд суулгаж, удалгүй нэг эмнэлэгт ажилд оруулж өгөв. Тэнд 20-иод хоног л ажилласан. Үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамж сайтай байсан. Их сайхан бариа хийж байна гээд л. Гэтэл нэг удаа нэгэн эмч орж ирэнгүүтээ л шууд загнаад эхэлсэн. Ийм хүүхдийг хэн ажилд авсан юм, ийм хүүхдээр ажил хийлгэнэ гэж юу байсан юм, ийм хүүхэд яаж ажиллаж чаддаг юм гээд л. Тэгснээ “Буруу бариад асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ” гэлээ. Өмнө нь надаар бариа хийлгэж байсан хүмүүс эмнэлгийн удирдлагуудад өргөх бичиг өгснөөр үргэлжлүүлэн ажиллах боломжтой болсон ч ээж маань намайг ахин тэр ажилд явуулаагүй. Даунтай хүүхдүүд юманд үнэн сэтгэлээр ханддаг болохыг хүмүүс мэддэггүй, ойлгодоггүй. Уг нь ингэж хийгээрэй гээд заагаад өгчихвөл яг л тэгж хийдэг. Харин одоо намайг ойлгож, дэмждэг гоё хамт олонтой газар ажиллаж байгаа. Энэ газар ажилд орсондоо их баярладаг. 

- Даунтай иргэн/ эрэгтэй

Осолд орсны дараа сэтгэл зүй маань хүнд байсан учраас бусдаас сонин сонсож, гадуур юу болж байгааг мэдэхийг их хүсдэг байлаа. Ямар үйл явдал өрнөж байна, юу нээлтээ хийв, шинээр ямар кино гарсан, тэр нь ямархуу кино байна гээд эргэн тойрноосоо мэдээлэл авахыг хичээдэг байсан. Харин найз нөхөд, танилууд маань намайг юм гуйна, эсвэл зовлонгоо ярьж уйлж унжаад төвөг удна гэж бодоод надаас зайгаа барьж эхэлсэн. Гэрээсээ гарах гэхээр хүмүүсийн харцнаас их айна. Зам тавьж өгөхдөө хүртэл аймаар харж, хоорондоо шивнэлдэх нь чихэнд тод сонсогддог. Ялангуяа гэмтээд удаагүй байхдаа бүх зүйлд хэт мэдрэг болчихсон. Хүмүүс юу гэж бодож байгаа бол, юу гэж хэлэх бол гэж санаа зовно. Гэмтсэний дараа хүмүүстэй шууд ярилцаж чаддаггүй юм билээ. Дотроо бухимдаад шокноосоо гарч чадалгүй өчнөөн удсан. Юу ч хийхгүй байвал сэтгэл санаа тавгүйтээд, сэтгэл гутрал улам л нэмэгддэг байсан. Харин ажилд орсноос хойш мэдрэг байдал, сэтгэл зүйн гэмтэл маань бага багаар эдгэж эхэлсэн дээ. 

- Тэргэнцэртэй иргэн/ эмэгтэй

Эхнэр маань надтай адилхан харааны бэрхшээлтэй. Хадмууд маань манай эхнэрт “Чи харахгүй юм чинь чадахгүй, болохгүй” гэдэг сэтгэлгээг 30 нас хүртэл нь бат суулгасан байв. Бараг 20 жил гэрээс нь гаргаагүй. Аз болоход нэг удаа гадуур явж байхад нь бид хоёр танилцсан юм. Хадмынхаа гэрт амьдарч байхад “Та хоёр гадуур гарч яах юм бэ. Дулаан орон байр, хоол унд байна. Өөр юм та хоёрт шаардлагагүй. Хоол, цайг чинь бэлдээд өгнө, ажил хийх хэрэггүй” гэсээр байгаад намайг ажлаас маань гаргасан. Гэрээ цэвэрлэе, хоол хийе гэхээр “Яах юм бэ” гэдэг. Гэхдээ тэд насаараа миний хоол, цайг бэлдэж өгөхгүй шүү дээ. Эхнэр маань олон эгчтэй болохоор багаас нь тэд бүгдийг нь хийж өгдөг байсан. Ямар сайндаа гутлаа ч үдэж үзээгүй, энгийн зүйлсийг хийлгүй явсаар 30 нас хүрсэн байсан. Тийм болохоор бүхнийг анхнаас нь зааж сургах хэрэгтэй болсон. Хувцсаа өөрөө угаавал гарын булчин чинь чангарна гэх эмт уйгагүй тайлбарлаж, сургахыг хичээсээр долоон жилийн дараа тодорхой үйлдлүүдэд дадуулсан. Харин одоо ганцаараа таягтай явахад нь сургаж байгаа. Ядаж л хүнсний дэлгүүр, эмийн сан ороод хэрэгтэй зүйлсээ авч чаддаг болчихвол өөрт нь хэрэгтэй юм даа. 

- Харааны бэрхшээлтэй иргэн/ эрэгтэй

Өсвөр насандаа эхнэр, хүүхэдтэй болж чадна гэдэгтээ нэг л итгэдэггүй байлаа. Би ерөнхийдөө сахилгагүй талдаа болохоор шинэ зүйл туршиж үзэхийг хүснэ. Эхнэртэйгээ танилцахаас өмнө биеэ үнэлэгчтэй уулздаг байсан. Хоёр, гурван сардаа нэг удаа л ийм явдал болдог байв. Тэд намайг харангуутаа чадах болов уу, ямар байдаг бол гэж сонирхдог. Зарим нь айна. Нэг удаа биеэ үнэлэгч эмэгтэйтэй тохиролцоод манайд хамт хэдэн пиво уув. Бие засчихаад гараад иртэл нөүтбүүк, түрийвчийг маань аваад явчихсан байсан. Цагдаа дуудаад юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг гайхсан л даа. Тэгээд үнэн учраа тайлбарлаад асуудлаа шийдүүлсэн. Хожим би гэр бүл зохиож тусдаа гарсан юм. Одоо хоёр хүүхэдтэй. 

- Тархины саажилттай иргэн/ эрэгтэй

Бие бялдраа хөгжүүлье, фитнесст явъя гэхээр булчингуудаа нэг бүрчлэн хөгжүүлэх боломж хомс л доо. Надад тохирсон фитнессийн төхөөрөмж Монголд байдаггүй, багш нар нь ийм хүнтэй ажиллах арга барилыг мэддэггүй. Тэгээд би бусадтай хамтарч дасгал хийдэг байсан. Өөрөөр хэлбэл, фитнесс төхөөрөмжөө өөр хүнтэй хамтарч өргөнө гэсэн үг. Заавал бусдын тусламжтайгаар дасгал хийдэг учраас байнга санаа зовдог. Үүнээс гадна пара спортоор хичээллэхэд эдийн засгийн хувьд асар их зардалтай. Жилд 1-2 удаа олон улсын тэмцээнд явна. Санхүүгийн дэмжлэг муугаас үүдэн шантрах үе зөндөө байлаа. Ихэнхдээ өөрөө зардлаа дааж, заримдаа хүмүүсээс санхүүгийн тусламж гуйх хэрэг гарна. Харин одоо ажил хийх боломжтой болж, спортоосоо түр завсарлаад байна. Тэмцээний зардлаа хангалттай олдог болчхоод үргэлжлүүлж хичээллэнэ ээ. 

- Тулгуур эрхтний бэрхшээлтэй/ эмэгтэй

Санаа зовж, ичихгүйгээр хүмүүстэй харилцмаар байдаг ч сонсголын бэрхшээлтэйгээс үүдээд зөндөө л бэрхшээл тулгардаг. Гэрийнхэн маань хүртэл чөлөөтэй харилцдаггүй. Хэдийгээр дохионы хэл мэддэг, алдаатай ч гэсэн зурвас бичдэг атлаа сэтгэлээ хуваалцах, хэцүү мэдрэмжээ бусдад ярих надад хүндрэлтэй байдаг. Мэдрэмжээ хуваалцаж чадахгүй байна гэдэг маш муухай. Саяхан би сошиалаар нэг хүнтэй танилцаж, сэтгэл дотроо юу болоод байгаагаа хуваалцдаг болсон. Хэдийгээр би хуурамч хаяг нээж хүмүүстэй харилцаж байгаа ч санаа зовох, ичих мэдрэмж маань багасаж байгааг анзаарсан. 

- Сонсголын бэрхшээлтэй/ эрэгтэй

Тэргэнцэр дээр суух болсноос хойш “Хичээлд явж яах юм, угаасаа сургуулиа төгссөн ч ажилд авахгүй юм чинь” гэж бодогдоод хэсэг хугацаанд "эсэргүүцэл" зарлалаа. Гэрийнхэн ч тоохоо болиод ирэхээр “Өөрөө л хичээхгүй бол амьдрахгүй юм байна” гэж бодогдсон. Ингээд л хичээлдээ үргэлжлүүлж явсан даа. Өглөө ээж хүргэж өгнө, орой ангийнхан маань ээлжлэн гэрт хүргэж өгдөг байсан. Нэг удаа ангийнхаа охинтой хамт таксинд суутал жолооч өвөө “Чи энд юу хийж яваа юм” гэлээ. “Хичээлээ тарчхаад харьж явна” гэхэд “Чам шиг хүмүүс өөрийгөө ч өрөөлийг ч зовоогоод ингэж явахын оронд гэртээ байхад яадаг юм” гээд баахан загнасан. “Нээрэн л ангийн охин минь намайг Баянхошуунд хүргэж өгчхөөд, хаа хол 21-р хороолол руу харихаар явдаг. Ингэж дүн өвөл хөлдөж үхэх шахам өөрийгөө зовоох хэрэг байна уу гэж бодогдоод сэтгэлээр их унасан. Гэхдээ л тэргэнцэртэй хүмүүс яагаад сурч, хөдөлмөрлөж болохгүй гэж гэсэн тэрслүү зан хөдлөөд өмнөхөөсөө ч илүү мэрийж эхэлсэн. Одоо би эзэмшсэн мэргэжилтэй, ажилтай.

- Тэргэнцэртэй иргэн/ эмэгтэй


Халамж авъя гэхээр “Та эрүүл” гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд уг нь жилд нэг удаа түлээ, нүүрсний мөнгө олгодог ч тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст өгдөггүй. Ажилд оръё гээд очихоор хаана ч ялгаагүй, эрс татгалздаг. Би уг нь комьпютерийн вэб мастер мэргэжлээр төгссөн. Ажлын ярилцлагад очиход бусад хүмүүсийг компьютер дээр суулгаад ур чадварыг нь шалгадаг ч, намайг ер шалгадаггүй. “Анкетаа бүрэн бөглөсөн үү, дараа ярина аа” гэж хэлээд гаргачихдаг. Уг нь ангидаа хамгийн сайн оюутан нь байсан юм. Камер хянагч хийе гэсэн ч татгалзсан хариу авсан. “Яагаад чадахгүй гэж, камер хараад л сууж байна шүү дээ” гэхээр “Чи гаргүй юм чинь хулгайчийг барьж чадахгүй” гэдэг. Дөнгөж гараа тайруулаад байхдаа бусдын бүрэн асрамжид байлаа. Тэгээд өөрийгөө ялан дийлэхийн тулд комьпютерийн сургалтад сууж, суугаа волейболоор хичээллэж эхэлсэн. Одоо марафон гүйлтээр хичээллэж байгаа. Гүйлт стрессээ ялан дийлэх эрч хүчийг өгдөг юм. 

- Тулгуур эрхтний бэрхшээлтэй/ эрэгтэй

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.04.08
UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД | Би ондоо байх тусмаа өөртөө итгэлтэй
2
2022.04.04
ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон: Монголын залуу үе өөрчлөлт шинэчлэл хийж чадна гэдэг...
3
2022.03.30
ТООН МЭДЭЭ | Бид тийм ч ялгаатай биш
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.