UBLife Logo
Ok to be different

Өөрийгөө хайрладаг КҮҮЛ эрчүүд, хөвгүүдийн хийдэг 8 зүйл

Г.Сүрэн
Г.Сүрэн
Өөрийгөө хайрладаг КҮҮЛ эрчүүд, хөвгүүдийн хийдэг 8 зүйл

Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Күүл залуу ... гэмэгц таны санаанд хар нүдний шилтэй, үнэтэй машин хөлөглөж, хослол өмссөн хэн нэгний төрх бууж байна уу? Тэгвэл хамтдаа "үнэхээр" күүл залууг тодорхойлох гээд үзье. Тэд магадгүй гаднаасаа анзаарагдамгүй ч дараах күүл үг хэл, үйлдэл, хандлагаараа дороо танигдах болно. 

1. Тэр өөрийн гэсэн сонирхол, хувийн амьдралтай

Олонхын жишигт нийцэхийн тулд тэд бүхний хуйларч буй зүйлийг л хийх гэж хичээдэггүй. Үзэх кино, унших ном, очих газраа ч тэр өөрийн сонголтоор шийддэг бөгөөд олон нийтийн хүлээлтээр өөрийгөө хязгаарладаггүй. 

2. Тэд "күүл" байхын тулд заавал "күүл" харагдах албагүйг мэддэг 

Күүл залуус фитнесст явах бүртээ стори хийж, сайхан ресторанд хооллох бүртээ бусдад харуулж, болзоондоо хичнээн төгрөг зарж, хэчнээн орлого олж, бусдад ямар үнэтэй бэлэг өгснөө байн байн яриад байдаггүй. Энэ хандлага нь үнэхээр күүл! 

3. Тэд сэтгэл зүйн эрүүл мэндээ чухалчлан анхаардаг

Тэд сэтгэл зүйгээ ойлгож, мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, асуудал тулгарахад гарах арга замыг эрүүл ухаанаар харж чаддаг. Сэтгэл зүйчтэй уулзаж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь хэвийн бөгөөд харин ч хамгийн күүл хандлага болохыг тэд үлгэрлэн харуулдаг. Өөрийгөө хайрлах нь өөртөө болон эргэн тойрондоо тавьж буй анхаарал юм шүү дээ. 

4. Тэд үнэтэй машин, чамин хувцас, гоё цаг хүнийг "күүл" болгодоггүйг мэддэг

Үнэтэй зүйл хэрэглэх эсэх нь хүний сонголт. Гэлээ гээд үнэтэй чамин зүйл хэрэглээд бусдаас дээгүүр үнэлэгдэнэ гэж сэтгэх нь утгагүй. Тиймээс ч күүл залуус гадаад үзэмждээ анхаардаг ч үнэтэй зүйлсээр өөрийгөө илэрхийлэх гэж улайрдаггүй. Тэд эв энгийн цэвэрхэн хувцаслаад л дулаахан энергиэрээ эргэн тойрондоо таатай уур амьсгал төрүүлж чаддаг. 

5. Тэр найз охин/ эхнэрийнхээ дэргэд уйлахаас ичдэггүй

Тэд эрчүүд уйлах нь, ягаан өнгийн хувцас өмсөх нь "хэвийн" гэдэгтэй санал нэгддэг. Нийгмийн хэвшмэл ойлголтуудыг тэд мэддэг учир ягаан өнгийн хувцас өмслөө гээд "эмэгтэйлэг", "сул дорой" болчихгүйг күүл залуус сайн мэднэ. "Эр хүн уйлдаггүй" гэх хэвшмэл ойлголт ч цагаа өнгөрөөсөн тул сэтгэл зүйгээ ойлгож, мэдрэмжээ илэрхийлэх нь хэвийн зүйл гэдгийг та тэднээс харах болно. 

6. Тэд муу зуршилтай байж магадгүй. Гэхдээ л гарах арга замаа эрэлхийлсээр байдаг.

Күүл залуус тамхи татлаа ч зориулалтын хэсэгт татаад, ишээ заавал хогийн саванд хийдэг. Мөн тамхиа багасгаж, хэрхэн бага багаар муу зуршлаа хаяж болох талаар судалсаар байдаг. Тэд найз нөхөдтэйгөө уулзаж шар айраг уулаа ч хэзээ зогсох ёстойгоо, уусан үедээ жолоо барьж болохгүйгээ ч сайн мэддэг. Энэ нь хамгийн күүл! 

7. Тэд ирээдүйгээ "том зургаар" хардаг

5,10 жилийн дараах амьдралаа тэд төлөвлөж, сэтгэлдээ аль хэдийн зураглачихсан байх вий. Күүл залуус зөвхөн өнөө маргаашаа л аргацаах бус ирээдүйгээ томоор харж, зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр бага багаар урагшилсаар байдаг. Нэг үгээр, хоосон мөрөөдлөөс илүү өдөр тутмын хичээл зүтгэлд тэд итгэдэг. 

8. Тэд амьтанд, байгальд, найз нөхдөдөө, хайртдаа, гэр бүлдээ, ажилдаа... Ер нь бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг

Өөрийгөө хайрладаг хүн эргэн тойрондоо ч хайртай байдаг. Та тэднийг хаа нэгтээ хэрүүл маргаан дэгдээж, замын түгжрэлд ундууцаж байгааг барагтай л харахгүй. Тэд асуудлыг "эрүүл" ухаанаар шийдэж болохыг сайн мэднэ. 

Та ч бас эргэн тойрондоо чин сэтгэлээсээ хандан, өөртөө ч анхаардаг күүл залуу байгаарай   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
14
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.