Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Сэтгэл засалч эмч Т.Мандхай: Сэтгэл хөдлөл, мэдрэмжид хүйс гэж байдаггүй


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Сэтгэл засалч эмч Т.Мандхайтай ярилцлаа. 

-Цэргийн баяр дөхөх тусам эрэгтэйчүүдийн нас, ажил орлого, сахилга хариуцлагын талаар эмэгтэйчүүдтэй харьцуулагдсан бараан тоо баримт түлхүү сонсогдож байлаа. Тэднийг урт настай, архи уудаггүй байлгахын тулд эмэгтэйчүүд нь өөрсдийн хүрсэн боловсрол, амжилтын түвшнээс ухарч сэтгэл санааг нь өргөж өгөх ёстой юм уу?

-Амьдарч буй нийгмээ эрэгтэй хүнд ээлтэй болгохын тулд эмэгтэйчүүд өөрсдийгөө хойш татах биш юм л даа. Эрэгтэйчүүдийнхээ дундаж наслалтыг уртасгах, архинд донтох эмгэгээс сэргийлэх, ажилтай орлоготой байлгахын тулд улс бодлогын түвшинд харах учиртай. Одоогийн байдлаар Монгол Улсад иргэдээ сэтгэл зүйн хувьд сайн сайхан байх орчныг дэмжсэн бодлого бага байна. Хамгийн энгийн жишээ дурдахад, сэтгэл засалчид үйлчлүүлэгчдэдээ стрессээ тайлахыг зөвлөхөд тэд маань гараад хаана очиж стрессээ тайлах вэ? Магадгүй стрессээ эрүүл аргаар тайлъя гэхэд спортын төвүүд өндөр үнэтэй учир хүн болгонд тэр боломж бололцоо нь байгаа билүү? Өнөөдөр бидний цалин орлого, амьдралын өртөг ямар байгаа билээ? Эрүүл мэндийг дэмжсэн орчин, стресс тайлах газрууд хангалтгүй учраас согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудаар үйлчлүүлж, эрүүл бус аргаар стрессээ тайлах, энэ байдал нь алсдаа согтууруулах ундааны хамааралтай болоход нөлөөлж байна. Нийгмийн зүгээс эрэгтэйчүүдэд тавигддаг шаардлага өндөр, нөгөө талаас эрэгтэйчүүд дотоод сэтгэлээ нээх, бусадтай илэн далангүй ярилцах, сэтгэл зүйн тусламж авахдаа өөрийгөө арчаагүй, сул дорой, үнэ цэнгүй гэж мэдрэх нь түгээмэл байдгаас шалтгаалан асуудлаа нуух, шинж тэмдгээ дарж багасгах байдлаар асуудалд хандаж, учир шалтгааныг олох гэхээсээ илүүтэй гал унтраах маягаар стресстэй нүүр тулж байгаа хандлага илүү ажиглагдаж байна. Үүнээс гадна тухайн хүн өөрөө эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх алхмыг хийж гэмээнэ гэр бүлтэйгээ аз жаргалтай, урт удаан амьдарна. Одоо бидний дунд 50 гарсан бэлэвсэн эмэгтэйчүүд, ээжүүд олон байна. Тэд нөхөртэйгөө, хүүхдүүд нь аавтайгаа сайхан амьдрахыг л хүсдэг шүү дээ. 

-Таны үйлчлүүлэгчдийн хэдэн хувь нь эрэгтэйчүүд байдаг бол? Тэдний сэтгэлзүйчид хандах шалтгаан ихэвчлэн юу байдаг вэ? 

-Миний үйлчлүүлэгчдийн хувьд дийлэнх хэсгийг эмэгтэйчүүд эзэлдэг. Сүүлийн үед эрэгтэйчүүд сэтгэл засалчид хандах байдал нэмэгдэж байгаа нь илт анзаарагдаж байна. Өсвөр насны хүүхдүүд, залуус, дунд насныхан сэтгэл зүйн тусламж авахаар илүүтэй ирдэг. Эрэгтэйчүүд сэтгэл зүйн тусламж авах шалтгаан нь насны хувьд ялгаатай байгаа харагддаг. Тухайлбал, өсвөр насны хөвгүүд аав ээжтэйгээ ойлголцож чадахгүй байх, мөн үерхэл нөхөрлөл, хайр дурлалаас үүдсэн асуудлыг даван туулахын тулд, 20-30 насны залуучууд найз бүсгүй, эхнэртэйгээ, мөн ажлын газрын орчинд харилцааны асуудалд орсон шалтгаанаар сэтгэл засалчийн зөвлөгөө, тусламж авдаг бол 30-аас дээш насны эрчүүд гэр бүлийн асуудал, согтууруулах ундаа, мөрийтэй болон цахим тоглоомтой холбоотой асуудлаар хандах нь олонтаа. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлын хувьд нойргүйдэл, айдас түгшүүр, сэтгэл гутрал бидэнд хандах гол шалтгаан болдог. 

-Монгол эрчүүд архи их ууж байна гэх нь шүүмжлэл гэхээсээ бараг л энэ хүйсийнхний мөн чанар, байдаг л зуршил мэт болжээ. Эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү ямар нэг зүйлд автдаг, донтдог гэх судалгаа байдаг уу. Донтох эмгэгийн шалтгаант нөхцлүүд юу байдаг юм бол? 

-Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү донтох эмгэгтэй байдгийг харж болох судалгааны үр дүн Монгол Улсын хувьд олон байна. Тамхи, архи, мансууруулах бодис, тоглоом зэрэг нь донтох эмгэгийн хүрээний сэтгэцийн эмгэг гэж үздэг. Тамхи гэхэд манай улсын хоёр эрэгтэй тутмын нэг нь никотиноос хамааралтай, архи согтууруулах ундааны хамааралтай эрчүүд эмэгтэйчүүдээс 13 дахин олон, цахим болон мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүсийг харахад эрчүүд зонхилж байна. 

-Цар тахлын улмаас анх удаа хөл хоригдож, гэр бүлийн гишүүд бие биетэйгээ нүүр тулах, тэр хэрээр үл ойлголцох, харилцаанд далд байсан бэрхшээлүүдээ илчлэн засаж сайжруулах нөхцөлд орж үзлээ шүү дээ. Ковидын үе, ковидын дараах үед сэтгэлзүйчдийн ажил хэр ачаалалтай байна вэ?

-Гэр бүлийн гишүүд айдас түгшүүртэй, ажил орлогогүйгээс санхүүгийн хүндрэлд орсон, нийгмийн харилцаа багассанаас стресс хуримтлагдаж гэр доторх уур амьсгалд сөргөөр нөлөөлөх тал ажиглагдсан. Гэсэн хэдий ч бид ковидын энэ цаг үед сэтгэцийн эрүүл мэнд ямар чухал болохыг бие сэтгэлээрээ мэдэрч, тэр хэрээрээ ковидын өмнөх үетэй харьцуулахад сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж авахаар ирж байгаа үйлчлүүлэгчдийн тоо эрс өссөн. Мөн хөл хорионы дараа ч хүмүүс өөрийн сэтгэл зүйн байдлаа оношлуулах, би сэтгэцийн хувьд эрүүл үү, асуудалтай байна уу гэдгээ ялгаж салгаж, урьдчилан сэргийлэх зорилгоор бидэнд хандаж байна. Өмнө нь сэтгэл зүйн хямрал гүнзгийрсэн, урт хугацааны эмчилгээ шаардлагатай болсон хойно ирдэг байсан бол, одоо тодорхой хэмжээний айдас түгшүүр, эсвэл ганцаардал мэдэрсэн, нойргүйдсэн үедээ тусламж авахаар ирэх хүмүүс олширч байгаад би сэтгэл засалч эмчийн хувьд олзуурхаж байна. 

-Эрэгтэй хүн сэтгэл зүйн байдал хэвийн бус байх, сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй болсноор гэр бүл, үр хүүхдэдээ үзүүлэх сөрөг тал эмэгтэй хүн ийм нөхцөлд орсноор үүсгэх таагүй байдлаас хэр өөр, ялгаатай байдаг юм бол? 

-Бид хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй гэж ялгадаг ч хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжид хүйс гэж байхгүй, хүн л гэж үзэж, хүн л гэж хандах ёстой. Тиймээс эрэгтэй хүний сэтгэл чанга байх ёстой, уйлдаггүй байх ёстой, зовлон бэрхшээлээ ярьвал сул дорой гэх үзэл хандлага бол эрэгтэй хүмүүсийн хувьд уг чанараараа байж боломгүй дарамт шүү дээ. Тийм ч учраас эрчүүдийн дунд нойргүйдэлд орсон хэрнээ заримдаа унтаж чадахгүй байна, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг ч би хааяа л уудаг гэх мэтээр өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлаа нуух, шинж тэмдгээ дарах байдал түгээмэл байдаг. Гэтэл энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл эрүүл мэнд, насжилтад маш сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын хувьд эрэгтэйчүүдийн нас эмэгтэйчүүдийнхээс есөн жилээр богино, амиа хорлолт эрчүүдэд дөрөв дахин их байгаагаас харж болохоор байна.

-Хөвгүүд өсөж байна, гэтэл тэдний эцэг эхийн төрж өссөн, боловсорч төлөвшсөн нийгэм аль хэдийн хуучирчээ. Эцэг эх орчин цагийн хөвгүүдтэйгээ хэрхэн харилцвал зохистой болж байна вэ?

-Өсвөр насныхан охид, хөвгүүд гэлтгүй аль аль нь өөрийгөө, хорвоо ертөнцийг таньж мэдэхээр хүүхдээс том хүн болохоор шилжилтийн үеэ даван туулж яваа манай нийгмийн том хэсэг. Сэтгэл зүйн хувьд өсвөр үеийнхний дунд өөрийгөө том хүн болсон мэтээр мэдрэх, ганцаараа баймаар санагдах, огцом ууртай болох, асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах, ээж ааваасаа илүүтэй үе тэнгийнхэнтэйгээ дотно байх, ямар мэргэжил эзэмших, ирээдүйд хэн болох вэ зэргээр олон асуудал, асуулттай тулгардаг эмзэг мэдрэмтгий үе байдаг. Энэ байдлаас шалтгаалан эцэг эх хүүхдүүдийн хооронд ойлголцохгүй байх, харилцааны асуудал гарах тохиолдол их байна. Эцэг эхчүүд өөрсдөө энэ үеийг даван туулснаа, нийгэм цаг үе өөр болсныг бодолцож, хүлээцтэй тэвчээртэй хандах хэрэгтэй санагддаг. Миний үед ийм байсан, би ийм хүмүүжлээр өссөн гэдэг хуучинсаг ойлголт, хүмүүжлийн хэв маягаасаа салах хэрэгтэй санагддаг. Үүний оронд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмждэг, сонсдог, ярилцдаг, хэрэгтэй үед нь хэзээд туслахад бэлэн гэдгээ ойлгуулах нь чухал. 

Сүүлийн үед өсвөр насныхны дунд нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг олны танил хүмүүстэй өөрийгөө харьцуулах, өөрийгөө болон өөрийн амьдралаа голох, цаашлаад сэтгэл зүйн хувьд хямарч гутрах явдал ихээр ажиглагдаж байна. Тиймээс томчууд бидний зүгээс нийгмийн сүлжээнд юуг сурталчлах, нийтлэх тал дээр эргээд нэг эргэцүүлэх шаардлагатай гэж хардаг.

-Нийгмийн сэтгэл зүй эмзэг байгааг олон нийтийн сүлжээнээс бид алхам тутамдаа харж, зарим нь сэтгэцийн энгийн бус байдлаараа гайхашруулдаг. Энэ нь соошлд хэвийн харилцаа мөн үү? 

-Бид эерэг сэтгэл хөдлөлд тааламжтай ханддаг. Баяр хөөр, амжилт бүтээлээ хуваалцахад нийтээрээ баяр хүргэн сайшаан магтдаг атлаа хэн нэг нь уур бухимдлаа илэрхийлэхэд тухайн хүнийг шүүмжилдэг, буруутгадаг. Сэтгэл хөдлөл, мэдрэмжид сайн муу, зөв буруу гэж байдаггүй. Тиймээс сөрөг мэдрэмжээ илэрхийлэх, сөрөг сэтгэл хөдлөлөө хуваалцаж байгаа хүнийг сэтгэцийн эмгэгтэй гэж шүүх нь зохисгүй санагддаг. Хүн дотоод сэтгэл хөдлөлөө гадагш байгаа чигээр нь илэрхийлэх тусмаа өөрийгөө сонсдог, илүү ойлгодог. Юунд дургүй, яагаад хямардаг, эмзэглэж уурладаг вэ гэдгээ танин мэдсэнээр асуудлаа шийдэх боломжоо хардаг. Мэдээж хаана, хэнд, хэрхэн илэрхийлэх вэ гэдэг чухал ч гэсэн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх нь түүнээс илүү чухал. 

-Сэтгэл зүйн хувьд эрсдэлтэй, анхаарал хандуулах шаардлагатай хүмүүс гэж байдаг уу?

-Тэтгэвэрт гарсан хүмүүс амьдралын шинэ хэв маягтаа дасан зохицоход нь тодорхой хэмжээний хугацаа шаарддагаас сэтгэл гутралд өртөх, ганцаардах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх байдал түгээмэл ажиглагддаг. Ажилгүй орлогогүй хүмүүс, гэр бүл салж сарниж байгаа, хуулийн болон санхүүгийн асуудалтай, хайртай дотны хүмүүсээ алдсан, эдгэршгүй хүнд өвчтэй, хавдартай гээд хүнд хэцүү үеийг даван туулж байгаа хүмүүст сэтгэл зүйн тусламж зайлшгүй хэрэгтэй. Амиа хорлох тохиолдол эдгээр хүмүүсийн дунд цөөнгүй тохиолддог учраас анхаарахгүй өнгөрч болохгүй гэж хэлмээр байна. Мөн удамд нь хэн нэгэн сэтгэцийн эмгэгтэй байсан бол үр хүүхдүүд нь өөрсдийгөө мөн анхаарах хэрэгтэй.

-Дээрх эрсдэлт бүлэгт хамаарах, эсэхээ ч ойлгоогүй, бас хэнд ч сэтгэлээ уудалдаггүй хэрнээ асуудалтай хүнийг гаднаас нь хараад таньж болох шинж тэмдгүүд байдаг уу? 

-Зан ааш гэнэт өөрчлөгдөх, сэтгэл хөдлөл тогтворгүй, өмнө нь хийдэггүй байсан эрсдэлт зан үйлийг хийх, ажил сургуулиа таслах, орхих, эд хөрөнгөө зарах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, илт ядарч сульдсан, жин хаясан, амьдралын идэвх сонирхолгүй байх зэрэг шинжүүд ажиглагдвал тухайн хүнд тусламж зайлшгүй хэрэгтэй болсны дохио гэж үзэж болноо. Бид ийм хүмүүстэйгээ ярилцаж, туслахыг оролддог, сэтгэл зүйч, сэтгэл засалч гээд мэргэжлийн хүмүүст зуучлаад өгдөг болвол сэтгэл зүйн хувьд эерэг нийгмийг бүтээх боломжтой л гэж боддог доо.

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2022.04.08
UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД | Би ондоо байх тусмаа өөртөө итгэлтэй
2
2022.04.04
ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон: Монголын залуу үе өөрчлөлт шинэчлэл хийж чадна гэдэг...
3
2022.03.30
ТООН МЭДЭЭ | Бид тийм ч ялгаатай биш
санал болгох
1
1 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
1 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.