UBLife Logo
-

О.Цолмон Н.Энхбаярт суудал авчрах уу

О.Цолмон Н.Энхбаярт суудал авчрах уу

МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан учраас түүний эхнэр О.Цолмон нөхрийнхөө товлосон Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт өрсөлдөхөөр болж байна. Энэ тойрогт АН-аас Ш.Түвдэндорж, МАН-аас Б.Ундармаа дэвшсэн бөгөөд эл хоёр эрхмийн хувьд  МАХН-ын О.Цолмон хамгийн хүчтэй өрсөлдөгч болох юм. 

О.Цолмон өмнө нь УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаагүй, төрийн өндөр, дээд алба хашаагүй. Гэсэн ч Н.Энхбаярыг улс төрд нөлөө бүхий байх бүхий л шалтгааныг ганцхан гэргийтэй нь холбон тайлбарлах явдал газар авч байлаа. Түүний тухай үнэн, худал нь бүү мэд цуу яриа ард түмний дунд ам дамжин тарж “О.Цолмон гэж айхтар авгай байдаг ажээ” гэсэн үлгэр домог хавтгайрсан юм. Ийнхүү Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нөхрөөсөө дутахааргүй алдартай нэгэн болсон. Харин түүний нөхөр Н.Энхбаяр Төрийн тэргүүнээр сонгогдоход О.Цолмон Монгол Улсын Тэргүүн хатагтай хэмээн ард түмэндээ болон дэлхий дахинд албан ёсоор цоллуулсан. Тэрбээр Монголын үе үеийн нэгдүгээр хатагтай нарын дундаас хамгийн алдартай нь байв.

О.Цолмон философич, эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Ардчилсан хувьсгалын он жилүүдэд төвийн томоохон хэвлэлүүдэд нийтлэл бичдэг, маш их уншдаг, хурц сэтгэдэг, нэлээд өндөр боловсролтой, бие даасан үзэл бодолтой, онцгой нэгэн байжээ. Түүний улс төрийн үзэл бодол гэрлэхээс өмнө бий болсон төдийгүй өөрийн нөхөр, орчуулагч Н.Энхбаярыг намын дарга болоход томоохон түшиг тулгуур нь болсон гэдэг. Н.Энхбаяр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болсон хойноо ч хэнээс ч илүү эхнэрээ сонсдог, түүнтэй зөвлөж шийдвэр гаргадаг байсан нь О.Цолмонд зөвхөн гэргийн ёсоор бус, түүний мэдлэг боловсрол, эмэгтэй хүний зөн совин, уран ухаанд ямар их итгэдгийг илтгэнэ. Ийнхүү О.Цолмон эрхээ хасуулсан нөхрийнхөө оронд УИХ-ын гишүүн болох даалгаврыг хайрт хань, итгэлт хүний ёсоор Н.Энхбаяраасаа хүлээн авлаа.

Хэрэв О.Цолмон сонгуульд ялбал УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахгүй байх магадлал бий. О.Цолмон өөрийн хүсэл сонирхлоор бус, эр нөхрийнхөө үйлсийг үргэлжлүүлэхийн тулд нэр дэвшиж байгаа учраас Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусмагц УИХ-ын гишүүнээсээ татгалзаж болзошгүй. Энэ тохиолдолд О.Цолмонгийн тойрог дээр нөхөн сонгууль зарлаж, ялгүй болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр парламентын гишүүний бүрэн эрхээ эдлэх боломж бий.    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
5
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.