Маргааш машингүй өдөр. Гэхдээ энэ өдрийг та зүгээр л замаар машин явахгүй өдөр гэж бодоод өнгөрөөхийн оронд гадуур зугаалж, хүүхэд насаа дурсах олон сонирхолтой зүйл хийж болох юм. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-Марафон 2016” олон улсын гүйлтийг маргааш буюу зургаадугаар сарын 4-нд зохион байгуулж байгаатай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлах юм. Тэгэхээр та бидэнд авто зам дээр чөлөөтэй алхах 10 цаг байна гэсэн үг. Энэ хооронд доорх сонирхолтой зүйлсийг туршаад үзээрэй.
![](http://www.ub.life/uploads/images/1%28122%29.jpg)
Дугуй унах
![](http://www.ub.life/uploads/images/1%28121%29.jpg)
Мэдээж Автомашингүй өдрийн албан бус нэр нь Дугуйтай өдөр байдаг билээ. Дугуйн замаар хомс улаанбаатарчууд энэ өдөр л хүссэнээрээ дугуйгаа унаж авдаг гэхэд хилсдэхгүй. Та гэр бүл, найз нөхөдтэйгөө, бүр ганцаараа ч хотын төвөөр дугуйтай зугаалж болох юм.
![](http://www.ub.life/uploads/images/2%28131%29.jpg)
Марафонд гүйх
![](http://www.ub.life/uploads/images/2%28132%29.jpg)
Маргааш болох “Улаанбаатар-Марафон 2016”-ийн бүртэл өнөөдөр дуусна. Хэрэв та өөрийгөө хангалттай бэлтгэлтэй гэж үзэж байгаа бол тус олон нийтийн гүйлтэд оролцож болох юм. Анги, ажлын хамт олон, гэр бүл дундаа жижиг хэмжээний марафон зохиож ч болно шүү дээ.
![](http://www.ub.life/uploads/images/3%28115%29.jpg)
Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох
![](http://www.ub.life/uploads/images/3%28116%29.jpg)
Энэ өдрийг олон нийтийн төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож, үр бүтээлтэй өнгөрүүлж болно. Жил бүрийн Машингүй өдрөөр олон уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ болдог билээ. Сонирхуулахад, “Орчин үеийн монгол гэр бүл” болон “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ууд хамтран маргааш “Найрсаг хотын жаргалтай хүүхдүүд” нэртэй тэрэгтэй парадыг зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээний үеэр эцэг эхчүүд эрүүл, аюулгүй, тухтай орчинд хүүхдээ өсгөх эрхээ хамгаалж, тайван алхалт зохион байгуулах юм. Хүссэн хүн бүр хүүхдээ тэрэгтэй нь түрээд юм уу гараас нь хөтөлж, үүрэх зэргээр оролцож болно.
![](http://www.ub.life/uploads/images/4%2895%29.jpg)
Гэрэл зураг авах
![](http://www.ub.life/uploads/images/4%2896%29.jpg)
Автомашингүй зам дээр Та тоглон гүйлдэх аз жаргалтай хүүхдүүдээс эхлээд зугаалж яваа иргэдийн олон сонирхолтой зургийг дуранд буулгах боломжтой. Тиймээс маргаашийг гэрэл зурагт мөнхлөн үлдээхийг зөвлөж байна. Үүний тулд та заавал том аппараттай, мэргэжлийн гэрэл зурагчин байх шаардлагагүй шүү дээ.
![](http://www.ub.life/uploads/images/5%28104%29.jpg)
Тоглоом тоглох
![](http://www.ub.life/uploads/images/7%2889%29.jpg)
Бүх нийт, бүр машин хүртэл амрах энэ өдөр яагаад найзууд, гэр бүлийнхэнтэйгээ тоглоом тоглож болохгүй гэж? Хүүхэд насаа дурсан зам дээр шохойгоор черта, эсвэл баавгайн чих зураад тогловол янзтай биш гэж үү?
![](http://www.ub.life/uploads/images/6%28100%29.jpg)
Флэшмоб зохион байгуулах
![](http://www.ub.life/uploads/images/6%28101%29.jpg)
Машингүй өдөр машин зам дээр найз нөхөд болон байгууллага хамт олноороо флэшмоб зохион байгуулахыг санал болгож байна. Энэ өдөр олон нийтийн флэшмоб зохион байгуулахад хамгийн тохиромжтой өдөр байж мэдэх юм.