Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Айнтрахт Франкфурт" 42 жилийн дараа Европа лигт ахин түрүүллээ


Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараагаар ордог Европа лигийн шигшээ тоглолт өнгөрсөн шөнө Севиллийн "Рамон Санчес Пизжуан" цэнгэлдэх хүрээлэнд Германы "Айнтрахт Франкфурт" болон Шотландын "Рейнжерс" клубуудын хооронд явагдлаа. Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад Английн "Арсенал" клубт 11 жилийн туршид хүчин зүтгэхдээ 369 тоглолтод 64 гоолыг оруулан гялалзаж явсан Аарон Рамси торгуулийн цохилт алдаж "Франкфурт" Европа лигт хоёр дахь удаагаа түрүүлэв. Рамси тоглолтын нэмэлт цаг өндөрлөхөд гуравхан минут дутуу үед торгуулийн цохилт гүйцэтгэхээр талбайд сэлгэгдэн орсон юм.

"Франкфурт" клубээс хожлын цохилтыг амжилттай гүйцэтгэсэн Колумб довтлогч Рафаэль Борре тоглолтын дараа "Клубын хувьд түүхэн тоглолт боллоо. Би энэ үдшийг мөрөөддөг байсан. Энэ дурсамжаа үүрд хадгална" гэлээ.

Харин "Франкфурт"-ын дасгалжуулагч Оливер Гласнер "Итгэмээргүй. Энэ улиралд бидний Европа лигт хийсэн 13 дахь тоглолт байлаа. Бид ганц ч хожигдоогүй. Гайхамшигтай аялал. Бидний баяр хөөр өнөөдөр Севильд дуусахгүй, ойрын хэдэн өдрийн туршид аваргын баяраа тэмдэглэнэ" гэв.

"Франкфурт" клубынхны хувьд аваргын цом өргөх хүртэлх аялал тийм ч амар байгаагүй. Тэд хасагдах шатанд "Реал Бетис", "Барселона", "Вест Хэм" багуудыг хожсон юм. 

43,000 хүрэхгүй хүний багтаамжтай Севильягийн "Рамон Санчес Пизжуан" цэнгэлдэх хүрээлэнд хоёр багийн бүх хөгжөөн дэмжигчдийг нэвтрүүлэх боломжгүй байсан бөгөөд "Рейнжерс" ойролцоогоор 100,000 гаруй хүн авчирсан бол 60,000 орчим хүн "Франкфурт"-ыг дэмжихээр Испанид очжээ. Ултра нарын олонх нь томоотой байсан ч "Лхагва гаригт өдрийн цагаар хотын төвд мөргөлдөөн гарч, мөн мягмар гарагийн орой "Франкфурт"-ын 200 хөгжөөн дэмжигч "Рейнжерс"-ийн дэмжигчид рүү халдсан" гэж цагдаа нар мэдэгдсэнийхээ дараагаар Германы таван хөгжөөн дэмжигчийг баривчилжээ.

Шигшээ тоглолтын шилдгээр хаалгач Кевин Трап нэрлэгдэв. Тэрбээр тоглолтын 118 дахь минутад "Рейнжерс"-ийн аюултай довтолгоог эцсийн мөчид хаасан юм. Тоглолтын дараа Кевин Трап "Бид бүгд баатрууд. Хэрэв хөгжөөн дэмжигчид байгаагүй бол энэ амжилтанд хүрэхгүй байсан" гэв.

Мөн "Франкфурт"-ын ахлагч Себастьян Роде тоглолтын эхний минутад толгойдоо гэмтэл авсан ч үргэлжлүүлэн 90 минут тоглож, зүсэгдсэн толгойтой аваргын цом өргөсөн билээ. Тэрбээр багийнхаа мандан бадарлын он жилүүдэд ч, уналтын үед ч хамт байв. Тухайлбал, 10 жилийн өмнө карьерийнхаа ид үед багтаа үнэнч үлдэж Бундес лиг 2-т тоглож байсан юм. 

"Рейнжерс" клуб Европа лигийн финалд хоёр удаа хүрсэн ч цомыг өргөж чадсангүй. Тэд 2008 онд Европа лигийн финалд шалгаран Манчестер хотод тоглоход 200,000 орчим хүн дэмжихээр очиж байв. Шотландын хөлбөмбөгийн анхны 11 багийн нэг "Рейнжерс" лигтээ 55 удаа түрүүлсэн бөгөөд "Селтик"-тэй хийх тэдний дерби тоглолт дэлхийн шилдэг өрсөлдөөнд тооцогддог. Харин 2011-12 оны улиралд тус клуб санхүүгийн хямралын улмаас уналтад орсон юм. Гэхдээ тэд дараагийн улирлаас нь санхүүгийн хувьд цоо шинэ бүтцээр ажиллах болж, дөрөвдүгээр дивизоноос аялалаа эхлүүлэхэд хүрсэн. Улмаар 2016-17 оны улиралд Премьер лигтээ эргэн ирсэн юм. Удалгүй 2020-21 оны улиралд Премьер лигийн аварга болов. Энэ бол тэдний адармаатай түүхийг даван туулсаны дараах буюу 10 жилийн дараагаар Премьер лигт ахин түрүүлсэн сэтгэл хөдөлгөм үйл явдал байсан бөгөөд "Рейнжерс"-ийг ахин дээд түвшинд очсоныг харуулсан хэрэг байв. Сонирхуулахад, "Рейнжерс"-ийн уналтын он жилүүдэд зөвхөн "Селтик" л Премьер лигт дараалан түрүүлсэн байдаг. Ер нь Шотландын хөлбөмбөгийн лигт аваргын өрсөлдөөн энэ хоёр багийн хооронд бүх цаг үеийн турш өрнөсөөр өдийг хүрсэн. "Рейнжерс" лигтээ 55 удаа, "Селтик" 52 удаа түрүүлсэн бөгөөд Шотландын лигийн цомыг өргөсөн тоогоороо тэдний ард жагсдаг багуудаас хамгийн олон түрүүлсэн тохиолдол нь дөрвөн удаа л байдаг.
 "Франкфурт" ирэх намар Европын Супер цомд "Реал Мадрид" болон "Ливерпүүл" клубуудын хожсонтой нь тоглоно. Мөн ирэх улирлын аваргуудын лигийн хэсгийн шатанд өрсөлдөхөөр боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
19 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
Өчигдөр
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.