Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Роман


Бидний бичиж байсан дурлалын роман төгслөө. Болж байна, больж үзье, аль болох хурдан нүднээс далд ор. Дуусгаж амарлаа, миний сэтгэл ёстой хөнгөхөн, бүр маш сайхан байна. Би ганцаараа, дураараа чангаар дуулж бүжиглэмээр байна. Чамгүйгээр яаж амьдрахаа үзүүлмээр байна.  

Хаалга савснаас чинь хойш ханан дээр урсаж байсан цаг ч зогсов. Хоёр жилийн өмнө чиний сольсон зай дуусчихлаа. Миний зүрх зогсоогүй. Үгүй, би зөвшөөрөхгүй. Бичигчдийн нэг нь тэгж шийдсэн гэж хэлэхэд над дэндүү харамсалтай байна. Яагаад гэвэл би чамайг хайрлаж дуусаагүй. Хамтдаа бичих хуудсууд хүлээж, уншиж инээлдэх шалтгаанууд үргэлжилсээр байна. Мөрөөдөлд хүрэх тасалбараа захиалаагүй, тоолж бараагүй одод харваагүй атал чи дэргэд алга. Инээмсэглэл чинь үргэлж нүдэнд харагдаж, шуудхан л дагаад инээхэд бэлэн явахад, утсанд үлдэх зургуудаа ч дүүртэл нь авч амжаагүй байхад бидний романд чи цэг тавьчихлаа, хонгор минь. Би нулимсандаа живж байна. 

Энэ ганцхан миний роман байсан юм уу. Зөвхөн миний төсөөллөөр бид энд хүрээд ирэв үү. Ганцхан дүртэй дурлалын роман биччихдэг би ч солиотой амьтан юм даа. Тийм ээ, би галзуурчихсан байж, сая мэдлээ. Гэхдээ... Үүдэнд эзнээ хүлээх 41 размерын шаахай хэнийх юм бол. Би одоо ч төсөөлсөөр, хий юм, хэний ч биш гутал хувцас үзсээр байна уу. Шалдаа буугаад ороод ирэхэд чинь энэ шаахайгаар чинь балбаад өгье л дөө, байз. Хагас жил өнгөрчихөөд байна, тэнэмэл минь!  

Хаалгаар ороод ирэх мөчийг харин би хүлээсээр, хүлээлт минь сүүлдээ хий хоосон төсөөлөлд намайг үйсэн юм. Хайрцаг саванд чиний үнэртэй эд зүйлс дүүрч, цавуутай туузаар амыг нь ороон, шинэ хаягийг чинь бичиж байхдаа би хайрт хүнээсээ уулзаж зугаацдаг амраг болох хямдхан саналтай сэрсэн юм. Ханатлаа харж, ханатлаа тэвэрч, ханатлаа үнсээгүй. Тийм болохоор би гомдолтой байна гэсэн. Чиний бичиж эхэлсэн энэ романд надад оноосон хөөрхий миний дүр ердөө л тэр. Өө, би голсон. Хайр дурлалд тиймхэн дүртэй бичигдэхийг хачин их чамласан. Би амьдралын гол дүр авахаар үлдсэн.  

Харьж явахдаа би хааяа чиний тухай боддог. Хайрлан дурласан гэнэн өдрүүддээ түүртэлгүй хүрдэг. Дурсамжид үлдсэн инээмсэглэл эргэн ирж, би чинийх болон хувирдаг. Гар гараасаа барьж байсандаа итгэх гэж алгаа хий атгадаг. Хачин юм шүү, би одоо ч чамд зориулан өөртөө бүтээсэн дурлалын романаа нандигнан санадаг. Төгсгөл нь надад мөрөөдлийн амьдралд хүрэх тасалбар атгуулсан гэж итгэдэг.  

Тоолж барахгүй олон од түгдэг гудамжнаа гэр минь бий. Үүдэнд нь том жижиг олон шаахай үнэнчээр угтдаг. Тэнд би амьдралын романаа бичдэг юм. Том, жижиг шаахайнуудын эзэд надтай хамт туурвин буй бидний роман. Цаг хугацаа элэх тусам зузаарсаар байх тийм роман. 

Зургийг CaliDoso   

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.30
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
3
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
холбоотой мэдээ
1
2022.11.18
Өнөөдрийн зурвас: Гэрт ээж, гадаа цас
2
2022.05.13
Өнөөдрийн зурвас: Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтах албагүй
3
2022.05.11
Өнөөдрийн зурвас: Инээдэм, ханиадам
санал болгох
1
13 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг
2
20 цагийн өмнө
Турк аав нас барсан охиноо орхиж чадалгүй гараас нь атган удаан суужээ
3
20 цагийн өмнө
17 настай хүү A24 студитэй хамтран "Backrooms" сэдэвт аймшгийн кино хийнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зулаа 2022.05.26 66.181.183.53

Ганцхан дүртэй дурлалын романаа дуусгаад, өөр романы л дүр байсныг чинь хүлээн зөвшөөрье дөө. Тэнд чи дулаанаар инээмсэглэж, хайрлуулж, тайван байгаасай.

0 Хариулах


Зочин 2022.05.25 66.181.161.49

Хайртай шүү, Б.Энхцэцэг

0 Хариулах