UBLife Logo
Өнөөдрийн зурвас

Өнөөдрийн зурвас | Маргааш “амралтын” өдөр

Өнөөдрийн зурвас | Маргааш “амралтын” өдөр

Маргааш ажлын өдөр. Гэхдээ “амралтын” өдөр. Хүүхдүүд цэцэрлэгтээ явахгүй боллоо. Бас харах хүнгүй. Аав ээж хоёр нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ хаана, хэнийд аваачих вэ, хэнээр харуулах вэ гэсэн асуулттай өдрийг өнгөрүүлж байна. “За тэгээд учир нь олдоно биз” гэж нөхөр хэлсэн. Энэ үгэнд нь би ч тайвшраад амжлаа. Маргааш болтол учир нь олдох биз.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэх шийдвэр гаргасныг салбарын сайд хэлсэн. “Сүүлийн жилүүдэд байгаагүй нэмэгдэл” гэсэн. Сүүлийн жилүүдэд байгаагүй их нэмэгдэл юм уу, бага юм уу бүү мэд. Сэтгүүлчдийн асуултад “дарагдан” зогсохдоо П.Наранбаяр сайд сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллахыг багш нартаа хандаж уриалсан.

УИХ нь цагтаа төсвөө баталж амжвал ирэх оны нэгдүгээр сараас багш нарын үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж, 1.8 сая орчим төгрөг болох юм билээ. Шат дараатайгаар нэмэгдүүлж ойрын гурван жилийн дотор 3.5 сая төгрийн цалинд хүргэхээр амалж буй нь багш нар ажил хаях төдий хугацаа үлдэж байгаа мэт тодорхойгүй санагдах юм. Жил бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тодорхой хувиар өсдөг. Инфляц өслөө, тогтоон барих арга хэмжээ авлаа, цалин тэтгэвэр нэмэгдлээ гэдэг ч нэгэнт өсөн нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ эргээд буурсан тоо баримтыг би лав олж харсан удаагүй.

Хэрвээ гурван жилийн дараа багш нар хүссэн 3.5 сая төгрөгийн цалиндаа хүрэх үед амжиргааны зардал өссөөр 7 сая төгрөгийн цалинтай байх хүсэлтэй болсон бол яах вэ? Байн байн ажил хаялт зарласаар байтал Монгол “боловсролгүй” орон болчих юм биш биз, бурхан минь. Ёстой нөхрийн хэлдгээр “За тэгээд учир нь олдоно биз” үү? Төр засаг нэг юм бодно байгаа.

Өглөө охины багшаас маргаашийн шийдвэр хэвэндээ, эсэхийг асуухад “Тийм ээ” гэсэн. Нэмээд “Танайх хүүхдүүдээ яана” гэж санаа зовонгуй асууна лээ. Багш ч бас хүүхдүүдтэй, хүүхэд нь багштай. Багш өөрөө бас яах болж байна?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.