Жүжиг үзэхийн сайхан нь "амьд". Амьдрал хүнээр, хүний үйлээр, үйлийн мэдрэмжээр баян шиг жүжиг ч бас өдөр бүр шинээр амьдарна. Нэг л зохиолын дагуу, олон өдрийн бэлтгэл сургуулилалтын дүнд тоглох ч тэр өдрийн “тэнгэр” мэднэ. Жүжигчдийн нэгнийх нь од гийж, харин нэгнийх хаяж болно. Ер юу ч болвол болог. Амьдрал баян, жүжиг амьд шүү дээ.
Эхний өдрүүдэд алдсаныг дараа дараагийнхад залруулж, тоглолт “халж”, улам чамбайрдаг л гэлцдэг. Гэсэн ч анхны тоглолтуудын шуугиан дэгдэх мөчийг чанх дэргэдээс нь өлгөн үзэх ч бас гоё. Өө сэвгүй төгс гүйцэтгэлд хүрэх өдөр ирэхийг хүлээнэ, тэр ч бас гоё. Тэгэхээр жүжиг гэгч “төсөл” өдөр өдрийн мэдрэмж, цаг хугацааны хэмжүүр, үйл явцын үр дүн юм. Яг л амьдрал шиг.
Үзэгдэл солигдох бүрт таны өмнө нэг жүжигчин бусдаасаа илүү тодрох боломжоо хэрхэн ашиглаж чадаж буйг тухтай гэгч харах жүжиг гэвэл Мягмарнарангийн Батболдын найруулсан “Амьдрахуй”-г нэрлэж болохоор боллоо. Өчигдөр "Амьдрахуй"-н анхны тоглолтыг үзлээ. Үхэж үзэв. Хэд хоногоос дахиад ч үзнэ. Дараагийн удаа үзэхэд дахиад нэг үхэж, дахиад амьдарч эхлэхээр гарах юм хуна.
Энэ жүжигт тэгээд хэн нь дүр бүтээв? Гэж өөрөөсөө асууж үзэх, олж харах хамгийн чухал. Үүнд гол, туслах дүр, гавьяат цолтой, үгүй байх чухал биш. Гол дүрд зарлагдсан Д.Баттөмөрийг түүний жингээс болоод өлсгөлөн гуйранчлал хийгээд үхэл хагацалд таарах, таарахгүйн тухай яриа үзэгчдийн дунд урьдчилаад гарчихсан байсан л даа. Жүжиг дуусахад яруухан нэгэнтэй л үлдлээ. Баттөмөр дүрээ бүтээсэн. Түүний амьдрахуй цөхрөл болсон, амьдрах ухаан болсон. Д.Ганцэцэг “Амьдрахуй”-н дорнын аязыг удирдаж, энэ жүжигт гол дүрийг нь бүтээлээ. Амьдрах гэдэг чинь хайрлах л юм байна гэж түүний дүр ойлгуулаад үхсэн. Эмэгтэй хүний амьдрахуй гэж эсвэл ийм тусдаа байна уу? Хайрлахгүйгээр тэвчиж амьдрах, тэвчээртэйгээр хайрлах гэж л лав байдаггүй. Хайр сохор ч гэлээ амьдралын нүд нь юм байна, яая гэх вэ дээ.
"Амьдрахуй"-г жүжиг болгох тухай зар өнгөрсөн зун анх түгэхэд үзнэ гэхээс яарч, бас айж байсан. Үзэгчид яах вэ, үзнэ, олно, жаргана л гэж явдаг улс. Харин хийх талын өмнөөс төсөөлөхөд яаж ард нь гарна даа гэмээр том ажил байв. Тэд үүнийг эх зохиолыг нь уншсан, ижил нэрт киног нь үзсэн, өөрөөр хэлбэл “нүд тайлсан” хүмүүст үзүүлэх гэж байгаа нь зориг шаардсан хэрэг байсан биз. Өгнө гэж гарсан тэд урлахуйдаа жаргасан ч байж мэднэ.
Жүжгийн зохиолыг уг туужийг хятад хэлнээс орчуулж монголчуудад уншуулсан Мө.Батбаяр бичсэн. Өвгөний дурсамжид өөриймсөг гэгч “гар хүрэх” боломжоо тэр сайн ашиглажээ. Үйл явдлын дэс дараалалд баригдалгүй сонин байх талаас өрсөн хэсгүүдэд үзэгч бодож сатаарах агшнуудыг уран олгосон таатай байлаа. Найруулагч М.Батболдтой анх “Фауст”-аар танилцахад тэр тайзан дээр шоо байснаа шат, шат байснаа хайрцгууд болж хувирах геометрийн хэлбэр дүрсүүдийг тайзнаа хөдөлгөн үзүүлж байсан. Эмх замбараагүйгээс эмх цэгцийг эрэлхийлдэг хүний оюун санааны дадал, дасгалыг тэр хэлбэр дүрсийн хөдөлгөөнөөр өгөв гэж тэгэхэд анзаарсан. М.Батболд “Амьдрахуй”-н үзэгчдэд харин бөмбөлөг, чулуу зэхжээ. Найруулагчийн олны хэсэгтэй ажилладаг арга барил “Амьдрахуй”-н тайзан дээр ч бас “нүдээ” олов. Олон хүн эмх замбараагүйг, эмх цэгцийг нэгэн зэрэг гүйцэтгэх сахилга бат чинь урлаг юмсанж. Хурлын урт ширээ дэглэмийг, дарангуйллыг илтгэж байгаад амьдрахуйн явцад хумигдаж, дүрүүд дээр нь хуримлаж, бас үхэцгээнэ.
Хэрвээ одоо ингээд үхчихвэл... гэж бодож үзсэн л биз дээ? Амьдрал чамайг сорьсон, амьдрал чамд өгсөн, чамайг гундаасан нь хангалттай санагдаж байна уу? Өчигдөр "Амьдрахуй" жүжгийг үзлээ. Үхэж ч үзлээ. Энэ асуултынхаа хариуг ч сонслоо.