Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Эмэгтэй эх сурвалжийн дата сан” хакатон амжилттай явагдаж өндөрлөлөө


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” хамтран нийгмийн олон талт бүлгийн төлөөллийн дуу хоолойг олон нийтэд таниулах зорилгоор “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” бий болгох аяны хүрээнд эх сурвалжийн хакатоныг Монголд анх удаа зохион байгууллаа. Эх сурвалж сэтгүүлчдийн хувьд хамгийн чухал зүйл байдаг. Хакатоны хугацаанд цугларсан датаг эмхэлж, цэгцлээд сэтгүүлчдэд нээлттэй хэлбэрээр ашиглуулах аж.

Хаалтын үйл ажиллагааны үеэр "Зууны мэдээ" сонины Улс төр, эрэн сурвалжлах албаны дарга С.Уянга "Сэтгүүлчид олон эх сурвалжаас ярилцлага авдаг боловч эргэх холбоо байдаггүй. Тухайн эх сурвалжтайгаа дахин хамтарч ажиллах байдлаар өөрт буй дата мэдээллээ шинэчилж байх нь чухал юм байна гэдгийг ойлголоо. Хоёрдугаарт, манай баг улс төрийн сэдэв сонгосон нь бас онцлогтой. Хүн болгон улс төр яриад байдаггүй, тэгсэн хэрнээ салбар болгон улс төртэй холбогддог. Өдөр тутмын гурван сонины датаг нийлүүлсэн нь урт хугацааны туршид өгөөжөө өгсөөр байх үр дүнтэй үйл явдал юм. Хакатонд зарцуулсан цаг хугацаандаа харамсахааргүй, чухал ажил бүтээлээ" гэсэн юм.

Мөн “Press Center MN”-ий платформын эрхлэгч Б. Анхзаяа хэлэхдээ "Эмэгтэй эх сурвалжийн дата цуглуулахад жаахан хүндрэлтэй байлаа. Манай багийнхан эхний өдөр жагсаалт гаргахдаа анхаарч, улмаар хоёр дахь өдөр нь тухайн хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоох ажлыг хийсэн. Гүйцэд ч, дутуу ч бий. Нэг өдрийн дотор бүх хүнээс хариу авна гэдэг хэцүү юм билээ. Бид мэргэжлийн байгууллагууд, мэргэшсэн хүмүүстэй нь түлхүү харилцаж, тэднээс их дэмжлэг авсан. Технологийн салбарынхан дор дороо өөрсдийн ажлаа хийгээд л даруухан аж төрдөг, тэднийг олон нийт таньдаггүй, хэвлэлээр яриад байх шаардлага ч тэдэнд гардаггүй. Юун түрүүнд цахим хаягуудыг нь цуглуулж чадсан учраас түүндээ тулгуурлан датануудыг нь цуглуулж чадлаа. Технологийн салбарт мэргэжлийн байгууллагууд бий ч нэгдсэн мэдээллийн дата сан байдаггүй юм байна. Мэдээлэл цуглуулж байх явцдаа тухайн мэргэжлийн байгууллагуудтай холбогдоход харин өөдөөс “Дараа нь танайхаас уг мэдээллийг авч болох уу” гэж асууж байлаа. Энэ салбарт олон чадварлаг эмэгтэйчүүд мэддэг зүйлээ ярих хэмжээний өөртөө итгэлгүй, даруухан ажлаа хийгээд л сууж байдаг. “Хэвлэлд ярилцлага өгч байгаарай, энэ салбарын хөгжилд та бүхний оролцоо, дуу хоолой чухал шүү” гэдгийг сануулж, харилцан яриа өрнүүлсэн. Үүний үр дүнд аль алиндаа сэтгэл хангалуун хоцорлоо" гэв.

Үргэлжлүүлэн "Peak.mn" сайтын сэтгүүлч Б.Мөнхчимэг "Бид өөрсдөдөө байгаа датаг эмх цэгцгүй байлгадаг юм байна гэдгийг анзаарсан. Би гэхэд л жилийн өмнө ярилцлага авсан хүнээ санахгүй нэлээд будиллаа /инээв/" хэмээн ярилаа. Харин түүнтэй хамтарч баг болон энэхүү хакатонд оролцсон "Mining insight magazine" сэтгүүлийн сэтгүүлч Б.Баяртогтох "Гэртээ хариад өөрийн архив дахь нэрийн хуудаснуудаа үзэхэд ярилцлага авахаар уулзаж байсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй байх магадлалтай юм байна. Мөн эдийн засгийн асуудлаар ярьдаг эмэгтэйчүүд цөөн. Хакатон зохион байгуулагдсанаар бидэнд архиваа цэгцлэх, эх сурвалжийнхаа дата мэдээллийг шинэчлэх боломжийг олголоо. Тухайлбал, ажлаа сольсон, эсвэл албан тушаал ахисан хүмүүс олон байгаа нь ажиглагдав. Түүнчлэн сэтгүүлчид эх сурвалжийнхаа ярих сэдвийг тодорхой мэдэж байх нь чухал санагдсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

"Шинэ өсөлт" сэтгүүлийн эрхлэгч И.Отгонжаргал "Сэтгүүлчид анх удаа эх сурвалжаа хуваалцаж, нээлттэй дата сан үүсгэлээ. Хөдөө аж ахуйн салбар дахь эх сурвалжуудын дата мэдээллийг цуглуулж байхдаа салбараараа ахин бахархсан. Тэнд ажилладаг эх сурвалжууд бүгд л хөдөлмөрч хүмүүс байдаг. Хөдөө аж ахуй гэхээр л хүмүүс бүрэг байдлаар төсөөлдөг. Гэтэл үнэхээр нээж яриулж чадвал малын эмч л гэхэд нийгмийн хамгааллын маш чухал хэсэг. Тэд өөрсдийгөө үргэлж хөгжүүлж байдаг. Маш чанартай эх сурвалжийн хольц бүрдүүллээ гэж дүгнэж байна. Хэдий таньдаг ч цээжинд утас нь л явдаг юм байна. Иймд яалт ч үгүй утсаар холбогдож бусад тодорхой мэдээллүүдийг нь асуух шаардлагатай болсон" гэлээ.

“Эмэгтэй эх сурвалжийн дата сан” хакатоны төгсгөлд "Хэвлэл мэдээллийн зөвлөл"-ийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг "Уг хакатонд оролцсоноороо та бүхэн түүх бүтээж байна. Сэтгүүл зүйн үйл ажиллагааг илүү чанартай, бас сонирхолтой болгох хөрсийг бий болголоо. Сэтгүүлчид эх сурвалжийнхаа дататай эмх цэгцгүй ханддаг. Утасны дугаарыг заримдаа тэмдэглэлийн дэвтэртээ, заримдаа утсан дээрээ тэмдэглэдэг ч хаягдах, алга болох, эсвэл нэрийг нь мартах тохиолдол зөндөө бий. Нэн ялангуяа цөөн эмэгтэй эх сурвалжууд л нийгэмд ил гарч ярьдаг. Сэтгүүлчдэд сонирхолтой, шинэ эх сурвалжийг нээе гэх хүсэл байдаг ч тэр бүрий эх сурвалж эрж хайгаад явах цаг зав гардаггүй. Тэгэхээр олон сэтгүүлч, редакцуудын хувьд үнэ цэнтэй дата мэдээллийн санг бий болгоход та бүхэн хамтарч ажиллаа. Эцэстээ хакатоныг зохион байгуулсан зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна. Баг тус бүр цуглуулсан эх сурвалжуудаа хэд дахин өсгөж авах боломжтой гэдэг нь хамгийн гоё зүйл. Хуваалцана гэдэг орчин цагийн сэтгүүл зүйн чиг хандлага болоод байна" хэмээн дүгнэн ярив.

Хакатонд улс төр, эдийн засаг, технологи, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэй эх сурвалж, жендэрийн асуудлаар ярих эрэгтэй эх сурвалжийн мэдээлэл бүрдүүлэх зорилгоор нийт зургаан баг оролцсон юм. Мөн "News.mn", "Peak.mn", "Press Center MN"  сайтууд болон "Шинэ өсөлт" сэтгүүлийн баг редакцаараа оролцлоо.

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сард үүсгэн байгуулсан билээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цолмон 2022.05.30 150.129.143.136

Хэвлэлийнхэний түүхэнд эх сурвалжаа хуваалцаж байсан түүх байхгүй байхаа. Үнэхээр шинэлэг хакатон болжээ. Багуудад баяр хүргэе!

0 Хариулах