“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн санаачилгаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор “Редакцын буухиа” хамтарсан контентыг бүтээж байна. Та долоо хоног бүр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажилладаг, таны унших, үзэх, сонсох дуртай сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг талаарх контентыг хүлээн авна уу.
-Медиа сэтгүүл зүйн үзэл санааны цахим гүүр “Eguur”-
Монголд мэргэжлийн редакциуд хэрхэн ажилладаг, аж төрдөг бол. Тэд үзэгч, уншигчдын итгэлийг олж авах, тэр үнэ цэнийг алдахгүйн тулд яаж хичээж, “шатаж” бас унаж, босож явдгийг бага ч болов таниулахын тулд “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Редакцын буухиа” хамтарсан контент эхлүүлж байна. Сэтгүүл зүйн үнэ цэн, сэтгүүлчдийн хөдөлмөрийг яг л байгаагаар нь харуулахыг зорьсон энэхүү контентын салхийг “Зууны мэдээ” сонин цахим мэдээллийн eguur.mn сайт хагалж буй юм. Сэтгүүлч сэтгүүлчээ сурвалжилж, бусдаасаа суралцах боломжийг нээж өгч буйгаараа “Редакцын буухиа” энэ цаг үед илүү ач холбогдолтой ч байж мэдэх. Он цагаар нь тоолбол Монголын сэтгүүл зүйн салбарт харьцангуй залуу редакц гэж хэлж болох. Харин мэргэжил, ёс зүй, бүтээл талаас нь харвал аль хэдийн буурь сууж, төлөвшиж “eguur”-ийн ялгарлыг бий болгож чадсан гэдэг нь эргэлзээгүй.
Анх л 2019 оны эхэнд ширээ сандлаа засаад Монголын хэвлэл мэдээллийн салбарт eguur.mn хэмээх шинэ айл өрхөө татаж өргөн үүдээ нээгээд даруй тав дахь оноо угтаж байна. Медиа салбарын галын шугамд түүртэхгүйгээр довтолгож яваа эл редакцын дотоод мөн чанар, амин зүйл рүү нь бага ч гэсэн өнгийхийг хичээлээ.
Эгүүрийн ялгарал: ХӨДӨЛМӨР, “ЗЭВҮҮН” ӨНЦӨГ, БҮТЭЭЛ
Цахим мэдээллийн 300 гаруй сайт бий гэх. Шинэ тутам мэндэлж буй нь ч их. Ийм эрэлтээсээ давсан багтаж ядаж буй зах зээлд хэрхэн ялгарах, уншигчдад “юу” өгөх, ямар үнэ цэн бүтээж буйгаа харуулах сорилтын дунд медиа салбар “хөвж” байна. Тиймээс хамгийн түрүүнд “Eguur”-ийн ялгарлыг сонирхох нь зүйтэй санагдав. Харин эрхлэгч биш ерөнхий редактор М.Тэнгисээс анхлан асуусан нь ч онолоо. Тэрбээр “Шинэ тутам олон сайт байгуулагдаж байхад ялгарна, өрсөлдөнө гээд медиа зах зээл рүү орно гэдэг эрхлэгчийн хувьд их том зориг байсан болов уу гэж боддог. Амжилтад хүрнэ гэж төсөөлөх эсэх нь ч тодорхойгүй нөхцөлд байсан үе. Гэтэл жилийн дотор уншигчдынхаа тоогоор хэдэн зуун сайтаас эхний арав руу ороод ирсэн. Эхэндээ “Eguur”-ээс ярьж байна гэхээр ямар сайт билээ гээд мэддэггүй, гайхдаг байсан бол одоо бараг хүн бүхэн “таньдаг”, эсрэгээрээ манайх руу ханддаг болсон байна. 4-5 жилийн хугацаанд энэ зэргийн амжилтад хүрч танигдсан, уншигчдын итгэлийг олсон байгаа нь бид бусдаас ялгарсан, ондоо байсных гэж боддог.
Үүний нэг нь, манайх улс төрийн хурц, тод мэдээ нийтлэлээрээ ялгардаг. Аль нэг талыг дагаж давхихгүйгээр “зэвүүн” өнцөг гаргаж, тоймлож улстөрчдийг сандаргадаг. Улс төрийн хамгийн шинэ соргог мэдээллийг бусдаас түрүүлж олж түүнийгээ зөвхөн дамжуулах биш дата сэтгүүл зүйгээр баяжуулдаг. Манай өнцөг бусадтай давхцдаггүй. Дээр нь гарчиг засдаггүй. Ямар ч материал устгадаггүй. Үнэхээр гүргэр ажилладаг. Энэ хэв маягийг тогтоох гэж эхний жилдээ нэлээн хичээсэн. Аажимдаа “Eguur” рүү утасдаад ч нэмэргүй юм билээ гэдэг хандлага тогтож байна. Үүгээрээ улс төр, бизнесийн хүрээлэлд “Eguur” шударга, “хөдөлдөггүй” гэсэн шинэ жишиг тогтоож яваа юм болов уу гэж боддог.
Хоёрдугаарт, хөдөлмөр. Уншигчдадаа шинэ мэдээллийг минут, секунд алдахгүй хүргэхийг хичээдэг. Сайтынхаа үнэ цэнтэй талбарыг хов жив, шар мэдээ биш чансаатай мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээл хийхийг зорьж байна. Тухайн өдрийн үйл явдлуудаас гадна шинэ өнцөг харуулсан сурвалжлага, ярилцлага, нийтлэлтэй байя гээд гурван онцлох, зургаан дэд онцлох нийлээд өглөө бүр есөн контент бэлтгэж, тэд нь өглөө бүрийн 07.45 цагаас эхлэн нийтлэгддэг. Тэр болгоныг шинэ, өөр, даацтай байлгах гэж редакц дотроо “шатдаг”. 08:10 цаг гэхэд нүүр бүрэн солигдоогүй, өчигдрийн нэг линк л харагдаж байвал бид дотроо “алаан” болно. Давхар видео хэлбэрээр гаргадаг. Бид текстэд суурилсан уламжлалт сэтгүүл зүйн үнэ цэнийг алдахгүй хадгалахыг хичээдэг. Манай сэтгүүлчдэд тавигдах эхний шаардлага бол сайн бичих. Сайн бичдэг хүн бусад төрөлд төвөггүй “задарна”. Хэдэн нүүр дамнасан ярилцлага бэлтгэж, түүнийг маань хүмүүс хүлээж байгаад уншдаг жишиг тогтсон нь зөвхөн лайв, постер, албан мэдээнд суурилсан ажлын хэмнэлээс их ондоо кайф. Бидний энэ хөдөлмөрийг хүмүүс хардаг учраас урам авч улам их хөдөлмөрлөж байгаа. Бидэнд “Тогтчихлоо”, “Одоо энэ хэв маягаараа л явъя” гэж тайвширсан, шинийг санаачилж зардал тэлэхээс хойш суусан нэг ч долоо хоног байхгүй” гэж байна.
Медиа салбарын нэг онцлог бол өдөржин үйл явдал дагаж мэдээлнэ. Харин орой нь амсхийхдээ маргаашийнхаа онцлох материалыг бэлтгэх боломж гардаг учраас аль болох 00:00 цагаас өмнө, бүр амжихгүй бол шөнийн 01-02:00 цагт ч редактор “шүүс”-ийг нь шахаж, өөр хоорондоо санал солилцсоор байдаг аж. “Маш хурдтай эргэлттэй үед одоохондоо ийм байдлаар ажиллахаас аргагүй. Сэтгүүлчид өдөр урсгал мэдээндээ дарагддаг, 50-70 мэдээ хамтран нийлүүлдэг. Үүнийхээ зэрэгцээ маргаашийн материалаа “хөөнө” гэдэг маш оновчтой менежмент шаарддаг. Иймд редакц дотроо анхан шатан дээр нь хяналтын уншлага хийх хүмүүсийнхээ тоог нэмсэн. Харин агуулгыг процесс дунд нь хянаж, яаж сайжруулах тал дээр ярилцаад явах нь илүү үр дүнтэй. Сэтгүүлчийн материал нэгэнт дууссан үед нь “задлах” биш эхнээс нь саналаа солилцоод зөвлөөд явчихвал цаг алдахгүй. Асуудал тулгарвал гарц шийдлээ хамтдаа хайна. Миний хувьд залуу редактор, давхар сэтгүүлчийн ачааллаа адил үүрдэг тул сэрэмж алдах нь цөөнгүй. Гэвч хичээх, даван туулах л ёстой” гэж М.Тэнгис хэллээ.
Харин сайтын эрхлэгч Ж. Мядагбадам “Олон өрсөлдөгч бий. Тэднээс ялгарах амархан. Жаахан хөдөлмөрлөхөд л ялгарч чадна. Хамгийн наад зах нь медиа дээр хөвж байгаа худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг тодруулаад мэдээлэхэд л ялгарна. Сүүлийн үед жижиг “хөөс”-үүдийн араас явж тодруулах, тайлбарлахад цаг алдаад байгаа мэт санагддаг болсон. Мэдээж хүний нөөцөөс эхлээд олон хүчин зүйл бий учраас өөрсдийнхөө хүссэн хэмжээнд ялгарч чадахгүй байна. Цаашид хүний нөөц, технологи аль алийг нь ахиулж контент талдаа илүү бүтээмжтэй хандах үүндээ төвлөрөхийг зорьж байна. Манайх мэдээллийн сайтууд дундаа эхний 3-7-гийн хооронд хэлбэлзэж байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Сайн дүн авч байснаа муу сураад эхэлчихвэл онцгүй биз дээ. Улам сайн байхаас, хичээхээс аргагүй болсон. Уншигчдаа яаж тогтоон барих, тоогдох вэ гэдгээ л бодож байна. Удирдлагын багийнхны толгой байнга л “яах вэ” гэсэн сорилт, тулаан дунд явна даа. Уншигчдын нүд бидний платформ дээр тогтож байж үйлчилгээ авна. Гол нь уншигч, хэрэглэгчдэдээ тоогдох л хэрэгтэй. Зоригтойгоор ханаа нураахгүй олдсон мөнгөндөө тааруулаад суугаад байх юм бол ахихгүй. Цаашид контентын төрөлжилт, уншигчдад санал болгодог бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ төрлийг, дагаад хүний нөөцөө зоригтой нэмнэ” гэсэн нэлээн хатуухан, шударга байр сууринаас ханддагаа илэрхийллээ.
Эгүүрийн школь: ҮЗЭЛ САНАА ТЭЭГЧ, ҮРГЭЛЖ АЖИЛСАГ БАЙХ, “ЭРҮҮЛ” УХААНААР ХАРАХ
Эрхлэгч Ж. Мядагбадам
Хэвлэл мэдээллийн салбар түүн дотроо редакцын соёл, төлөвшил гэж ондоо “юм” бий. Тэгвэл “Eguur”-ийнхэн үргэлж ажилсаг байя гэдэг уриатай. Энэ чиг шугамаа ч алдаагүй яваа. “Манайд орж ирсэн залуус үнэхээр ажилсаг болдог гэж тодотгов. Тэдний дараагийн багаараа зүтгэж буй хамгийн том зорилго, үнэт зүйл бол үзэл санаа тээгч e-guur буюу цахим гүүр байхсан гэсэн чин хүсэл. Сэтгүүлч үзэл санаа тээгч шүү гэдгийг л ойлгуулж яг ийм төлөвшлөөр цөөн ч хамаагүй сэтгүүлч бэлтгэх. Бүр өөрөө гардаад үзэл санаа тээгч таван сэтгүүлч бэлтгэе гэж зорьдог болсон. Аливаа асуудлыг даван туулдаг, мэдээллийн их шуурганд хөл алдахгүй бат зогсдог. Байх болоод байхгүйн зовлон дундуур чиг шугам, ноён нуруутай цэмцийтэл туулаад гарах хэмжээний хаттай, ёс зүйтэй хүн бэлтгэх юмсан. Танил тал, эдийн засгийн нөлөөнд редакцаа “наачихдаггүй” л байх хэрэгтэй. Үүнээс бусад чадвар бол туршлагажихын хэрээр суух учраас санаа зовдоггүй. Өөрийнхөөрөө хийх эрх чөлөөг нь олгодог. Хэвлэлийн шинэ тутам зах зээл дээр үзэл санаа тээгч сэтгүүлч л ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Тэд ирээдүйд зөвхөн хэвлэл биш аль ч салбарт их зүйл бүтээж, их гоё өөрчлөлт авчирна даа” гэж “Eguur”- ийн эрхлэгч хэллээ. Энэ том зорилгын төлөө явахад залуу редакц, залуу эрхлэгчийн хувьд алдаж, онох үе бий. Тэр болгоныг даван туулж илүү туршлагажиж байгаа талаараа Ж.Мядагбадам эрхлэгч “Өдөр тутмын сонинууд бол сэтгүүлчдээ маш сайн чиглүүлж, төлөвшүүлдэг бат бөх бүтэцтэй. Туршлага, хандлагаас эхлээд хэр баргийн зүйлд сэтгэл хөдлөлдөө автахгүй ноён нуруу, чиг шугамаа барьдаг. Салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай сэтгүүлчдийн дээр ийм сайн “хана”-ууд, чиглүүлэгчид байна. Гэтэл шинэ тутам сайтууд дээр манай үеийнхэн өөрсдөө эрхлэгч, чиглүүлэгчид болоод ирэхээр зарим зүйл дээр эргэлзэх, сэтгэл хөдлөлдөө автах зэргээр алдаа, оноо гарна. Энэ болгонд нуруутай байхыг хичээж хоорондоо маш сайн саналаа солилцож байгаа. Нийтээрээ шуурч байгаа сэдэв болоод ялангуяа хувийн хэвшилтэй холбоотой асуудалд “эрүүл” ухаантай байх гэж хичээж байгаа. Тэр болгонд нөхцөл байдал гэнэт хувирахад “яах вэ” гэдэг асуулттай нүүр тулдаг.
Энэ хүртэл явахад “Eguur”-ийг төлөвшүүлсэн байдлаа харахад “эрүүл” ухаанаа алдахгүй байя гэсэн хувь хүний луужин маань их хэрэг болсон. Бас залуучуудтай ажиллахад их өөр. Надаас огт өөрийг олж харж, “заавал ингэх юм уу” гэдэг үгийг сонсох нь элбэг. Дээрээс нь олон хүн надад зөвлөсөн, бас загнасан. Ер нь нийтлэлийн бодлого, редакцын ёс зүй гэсэн академик мэдлэг ярихаас илүү яг халуун үйл явдалд эрүүл сэтгэлгээгээр хандах л амин сүнс болж байна” гэлээ. “Eguur” уншигчдынхаа итгэлийг олж авахын тулд олон шинэ санал санаачлага туршиж хоногшуулах гэж хичээж байна. Тухайлбал, сүүлийн үед нэг үйл явдлыг онцолж өглөө, өдөр, орой хэрхэн өөрчлөгдөж буйг нэг дороос харуулах агуулгаа хоногшуулахыг зорьж байгаа аж. Мөн жендэрийн мэдрэмжийг өдөр тутамдаа, мэдээ материал бүрдээ онцгойлон анхаарахыг зорьж байгаагийн нэг жишээ нь эх сурвалжуудын хүйсийн харьцааг судлан дата бэлтгэх, үүндээ суурилан шинэ тутам редакцын бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Мэдээнд тавигдах таван шаардлага бий гэж заалгаж ирсэн бол одоо олон улсад зургаа болсон байх жишээтэй. Энэ мэтээр юм бүхэн таахын аргагүй өөрчлөгдөж байна. Хэт стандартад баригдалгүй, чөлөөтэй сэтгэхийг шаардаж байгаа хэрэг. Бидний хийх ажлын гол философи бол уншигчдын хүсэж буй мэдээллийг өгөх, гаргаж тавих. Үүнд хэт ёс зүй ярьж цэцэрхэх нь эсрэгээрээ үйл явдал юу болж хувирахыг зүгээр хараад суухад хүргэх талтай. Салбартаа харьцангуй шинэ залуу хүний хувьд харахад сэтгүүлчдийн нэр хүнд тааруу байгаа энэ цаг үеийг тэвчээртэй туулах ёстой гэж боддог. Мэдээнд гүйж, ярилцлагын зочноо шөнө дөл хүртэл хүлээж сууж ярилцлагаа авчихаад сэтгэл нь хөөрч догдлох мэдрэмжийг мэдрээгүй мөртлөө медиа салбарт хөл тавьчихаад, бүх сэтгүүлч худалдагдсан, боловсролгүй гэж дүгнэхэд дургүй. Нийтээрээ болохгүй бүтэхгүй болчихоод байна гэдэгтэй санал нэгддэггүй. Хөгжлийн шатандаа л яваа. Энэ дунд гутарч, халшрах нь утгагүй хэрэг. Юу хийж байгаа, юу хийхээр зорьсноо ухамсарласан хүн энэ салбарт үйл явдал даган “чанагдахгүй” яваа хүмүүсийн нэг талыг барьсан шүүмжлэлд мохохгүй. Эмоцио дардаг байя, урдах ажлаа сайн хийе, ойр тойрны хүмүүстээ нөлөөлөх боломж байвал сайнаар нөлөөлье л гэж бодож хичээдэг. Тэгээд ч сэтгүүлчийн хөдөлмөр бол хэн хүний дааж авч явж чадахгүй том ачаа” гэж ерөнхий редактор хэлсэн нь анхаарал татлаа.
Нэг тийм “саак” боловсон хүчин орж ирнэ гэж хүлээдэггүй. Харин хувь хүний чадамж, хүн чанар, хүсэл эрмэлзлийг харахыг чухалчилдаг. Хүн чанараас гадна ёс суртахууны хувьд байнга сайжирч байвал тэр сайн сэтгүүлч. Бичиж л чадаж байвал бусад нь аяндаа болно. “Eguur”-ийнхэн одоо хүртэл анхны багаараа ажиллаж байгаа нь санхүүгийн эргэлзээ харахаас илүү үзэл санааны итгэл үнэмшлийг сонгодог юм байна. Цалингийн системээс илүү огт өөр амин зүйл хайж байгааг мэдрүүлдэг аж. Гэхдээ сэтгүүлчдийнхээ цалинг сайжруулъя гэж зорьж, “үзсээр” байгаад боломжийн хэмжээнд хүргэсэн, хөдөлмөрийг үнэлэх шагналын систем бий болгосон гэдгээ удирдлагын баг хэлсэн. Тэдний цалин салбартаа толгой цохих хэмжээнд хүрчээ.
Эгүүрийн амбиц: НЯГТ, ХЭРСҮҮ УНШИГЧДЫГ БЭЛТГЭХ
Ардчилсан улсын нэг сайн тал нь хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн хэрээр дуртай болгон нь лайв хийж, нийгэмд танигдсан бүхэн сэтгүүлчийн дүрд “тоглож” олон нийтийн хандлагыг хааш нь ч хамаагүй эргүүлэх эрсдэл дунд зүг чигээ олох гэж тэмтчин буй энэ цаг үед редакц, сэтгүүлчид хэрхэн мэргэжлийн, ёс зүйтэй байх вэ гэдэг зөвхөн салбарын асуудал биш боллоо. Том зургаар харвал олон нийтийн эрх ашигтай холбогдож таарна. Тиймдээ ч хэвлэл мэдээлэл олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Илүү том амбицаар харвал нийгэмд “гэрэл” асаах, ирээдүйд зөв хандлагатай, ёс зүйтэй Монгол иргэнийг төлөвшүүлэхэд нөлөөлдөг гэчихвэл буруудахгүй биз. Тэгвэл “Eguur”-ийнхэн анхнаасаа соён гэгээрэл чиглэлд тууштай ажиллаж байна. Тиймээс нягт, хэрсүү гэдэг хоёр үгийг логон дээрээ онцолж өгчээ. “Улс төрд хөшигний ард юу болж байгааг тайлбарлаж бичихийг зорьдог. Аажимдаа уншигчид бага багаар ойлгож улс төрийн нарийн “нюанс”-ыг гадарладаг болж эхэлнэ. Үр дүнд нь сонгуулиар мөнгөний амлалтад хууртахдаа наана цаанатай хандах хэрсүү уншигч төлөвшинө гэж итгэдэг. Яг ингэж тайлбарласан улс төрийн боловсролыг медиагаар олгох боломж бий. Үзэл суртал бол биш. Сонгуулиар мөрийн хөтөлбөрийг нь тайлбарлах юмсан, тухайлсан нэр дэвшигчдийг нэг шугам дээр гаргаж ирээд харуулбал яах бол гэсэн зарчмаар ажиллаж байна. “Юмс”-ын мөн чанарыг ойлгуулахад “Eguur” анхнаасаа үүргээ гүйцэтгэхийг хичээж ирсэн гэж бардам хэлнэ. “Яваад байгаа “хөөс”-ийн цаана ийм нюанс бий шүү, ингэж харвал нягт, хэрсүү ойлголт авна шүү” гэсэн тайлбарлах агуулгыг аль болох баримталдаг. Магадгүй улстөрчдөд ч зарим зүйлийг ойлгуулсан гэж боддог. Энэ тал дээр бид “бай”-гаа онож байгаа. Цаашдаа ч гэсэн улс төр болоод геополитикийг ойлгодог, анализ хийдэг сэтгүүлчид илүү олон ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд үзэл санаа тээгч сэтгүүлчдийг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Хүмүүс уншихаа больсон гэдэгтэй санал нийлдэггүй. Хэсэг зуур лайв, видео гэж хөөсөрсөн байж болох ч эргээд маш сайн уншдаг болсон. Уншигчид их хэрсүү, чанартай бүтээл уншдаг болсон” гэж “Eguur”-ийнхэн амбицаа тодотголоо. Тиймээс хэчнээн шүүмжлүүлж баалуулж байгаа ч хэвлэл мэдээллийн үүрэг, нөлөөлөл өндөр байгаа. Удаанаар тайлбарлан таниулсаар байх юм бол хоногшино. Ядаж 10 хүний гуравны нэгд нь ч болтугай нөлөөлсөөр байхад нийгмийн хандлага өөрчлөгдөнө гэсэн “алтан” зарчмаасаа ухрахгүй явна.
Ийнхүү медиа сэтгүүл зүйн салбарт үзэл санааны цахим гүүр болохоор “Eguur”-ийн тохилог, халуун дулаан уур амьсгал дүүрэн редакц хором мөч бүхэнд хичээсээр, өөрсдийн түүхийг бичсээр, компютерын “keyboard” нүдэх чимээ тасрахгүй хангинасаар үлдлээ. Сэтгүүлчдийнхээ ачааллыг хөнгөлөх, ар гэртээ зарцуулах цаг зав, боломжийг олгох эрэл хайгуул хийсний үр дүнд жижүүр сэтгүүлчээс бусад нь өглөө 08:00 цагт цуглаад 16:00 цагт тарах зохион байгуулалтыг хэвшүүлжээ. “16:00 цагт ороод ирэхэд заал хоосон байгааг харах эрүүл үзэгдэл гэж боддог. Залуучууд маань аль болох эрт цүнхээ үүрээд гараад яваасай, магадгүй кофе шопт тухлаад энд тэнд уулзалтын урилгаа битгий “үхүүлээсэй” гэж төсөөлдөг гээд инээмсэглэнгээ “Одоохондоо бид 10 гаруй хүнтэй багаар ажиллаж байна. Хоёр жилийн дараа бид улам “хөөрхөн” болчихоод хүлээж байя” гэснээр бидний яриа өндөрлөлөө.
Сүрнээгийн УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 211 (7196)