Хүүхэд бүрийн амьдралд хайртай тоглоом нь хүндтэй чухал байр суурь эзэлж, хамгийн нандин дурсамжийг нь бүтээлцдэг. "Ub.life-ийн түүхүүд" булангаараа энэ удаа бид хүүхдүүдээс хамгийн хайртай тоглоомынх нь тухай асуун, сайн найзынх нь ертөнцөөр аялсан юм.

Б.НАРАНБОЛОР 6 НАСТАЙ. ДҮҮ БОЛОРЦЭЦЭГ 8 САРТАЙ.

Аав, ээж хоёр маань анх танилцаад Тэнгис кино театрын хажуугаар болзож байхдаа шаар хагалж энэ тоглоомыг хожсон гэсэн. Би энэ mashimaro тоглоомондоо дуртай. Шөнө тэвэрч унтдаг. Аав маань ээжтэй чинь адилхан онигор, бас сэргэлэн цовоо, цагаахан сэтгэлтэй гэж өхөөрддөг.
Би “Миний бяцхан одой морь” хүүхэлдэйн киног үзэх дуртай. Тиймээс Пони морь цуглуулдаг. Бас Пони морьтой хувцас өмсөх дуртай. Саяхан би уншиж сурсан. Одоо Пони морьтой комик ном уншиж байгаа. Бас Пони мориндоо зориулж зурагт ном өөрөө зурсан.
Энэ үнэгийг хоёр настайд маань аав эмэгтэйчүүдийн баяраар надад авч өгсөн гэсэн. Намайг үнэг шиг зальтай гэдэг юм (инээв). Бас үнэг шиг бат бөх унтаж байгаарай гээд авч өгсөн. Би одоо үнэгээрээ дүүгээ тоглуулдаг. Нээрээ дүү маань аавын багадаа хүлхэж, чимээ гаргадаг байсан бөмбөлгөн тоглоомоор тоглодог.
Харин энэ бол аавын багадаа эвлүүлдэг байсан шоо. Аав тоглосоор байгаад салгачихсан гэсэн. Тэгээд цавуугаар наачихсан. Бүр булан нь хүртэл бага зэрэг шатчихсан. Манай ээж оюун ухааны академийн багш болохоор одоо надад шоо эвлүүлэхийг зааж өгч байгаа. Би зөндөө олон төрлийн шоо эвлүүлж сурч байгаа.


Т.ЯРУУ-ЭРДЭМ 2 НАСТАЙ.

Тэдди бамбаруушдаа хайртай. Мөчрөн хүнд хайртай. Тэддитэй хамт хоол иддэг, унтдаг, бас баадаг. Тэддиг аав өгсөн. Мөчрөн хүнийг мөсөн дээрээс олсон. “Бөд” гээд уначихсан байсан. Мөчрөн хүн усан үзэм, бэлэг авчирч өгдөг.
Ээжийн тайлбар: Тэддиг ой таван сар хүрэхэд аав нь бэлэг болгож авч өгснөөс хойш өдийг хүртэлх хамгийн хайртай тоглоом нь болсон. Тэдди бамбаруушаа яг өөр шигээ санаж хооллож, ундалж, бие засуулж, бас тэвэрч унтдаг. Гадаа тоглохдоо ч авч гардаг юм. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард шинээр авч өгсөн “Мөчрөн хүн” номондоо их дуртай байсан юм. Тэгтэл гадаа тоглож яваад яг ийм мөчир мөсөн дээрээс олсон. Тэгээд л хайртай тоглоомуудынх нь нэг болсон доо. Хааяа мартчихсан байснаа гэнэт “Миний мөчрөн хүн хаана байна” гээд л бөөн эрэл болдог.


ЦЭРЭНЛХАГВЫН ХАН-АГЬ 7 НАСТАЙ.

Надад зөндөө олон шагай байгаа. Нясална, морь уралдуулна, тэгээд азаа шалгаж дөрвөн бэрх буух нь уу үздэг. Шагайгаар тоглохыг хэн зааж өгснийг санахгүй байна аа. Гурван настайдаа сурсан юм. Бас шатар мэднэ. Өвөө зааж өгсөн. Одоо шатрын дугуйланд явж байгаа. Шатрын багш маань даам тоглуулдаггүй. Даам тоглохоо болиод бараг жил болж байна. Би ч бас шатартаа донтоод гэртээ ч даам тоглохгүй байгаа.
Нээрээ түшүүргүй дугуй унах дуртай. Гэхдээ надад том дугуй хэрэгтэй байгаа л даа. Аавыг ажлаасаа ирэхээр нь авахуулна. Ээжтэйгээ Сүхбаатарын талбайд очиж дугуй унадаг. Дугуйгаар хурдан давхиж, бас шарвалт хийж болно. Би шарвалт хийж байгаагүй л дээ, гэхдээ нэг дугуйн дээрээ бас тогтож болдог. Манай гэрийн гадаах тоглоомын талбайд нэг ах тэгж байсан.
Харин сургууль дээрээ тоглоом тоглодоггүй. Тэнд үймүүлдэг. Биеийн тамирын хичээл дээр л багш тоглуулдаг. Найзуудтайгаа ихэвчлэн Наруто, тэгээд хааяадаа Squit game тоглоно.


Д.АЛДАРБАДРАХ, 4 НАСТАЙ

Би эмээгийнхээ өгсөн Маккуйн машинаараа уралдаж тоглох дуртай. Миний дуртай хүүхэлдэйн киноны баатар байхгүй юу. Бас би зургийн аппаратаараа гадаа байгаа бүх юмнуудын зургийг авах дуртай. Гурван өнгөтэй, хар өнгөтэйгөөр нь авах хамгийн гоё.
Ээжийн тайлбар:
Хүний зургийг авахдаа “инээгээрэй” гээд наашаа зогс, цаашаа зогс гэж зааж өгөөд зургийг нь авдаг. Камер нь шар, цэнхэр, цагаан гэсэн гурван өнгөтэй. Хар нь урд дурангаа таглаж авдаг. Манай хүүгийн хамгийн анх үзсэн хүүхэлдэйн кино “Сars”. Тагнуултай үйл явдалд нь их дуртай, уралдааныг нь дуурайж, ижилхэн тоглодог. Маккуйнээс бусад машин нь бүгд ижилхэн өнгөтэй, төстэй загвартай болохоор бүгдэд нь тэр киноны дүрүүдийн нэрийг өгөн тоглодог.
