Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Би нэгдье: Хэрхэн нийгмийн идэвхтэй байх вэ?


Залуусын оролцоо аль ч улсын хөгжилд амин чухал үүрэгтэй. Гэхдээ яг яаж оролцох вэ? 

Улс төр, нийгмийн оролцоо гэдэг энгийн зүйлээс ч эхэлдэг гэдгийг энэ дугаарын дөрвөн оролцогч маань хэлж байлаа. Дээрх асуултын хариуг олоход тань маргааш буюу зургаадугаар сарын 11-нд “White Rock” төвд болох “B1D-БиНэгдий” залуусын өдөрлөг тус болох болов уу. 

18-40 насны залууст зориулсан "B1D-БиНэгдий" өдөрлөг нь сонирхолтой сэдвүүдээр чөлөөтэй ярилцах, бүрэн нээлттэй орчин байх тул зорьж очоод, дуу хоолой, үзэл бодлоо заавал хуваалцаарай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс


“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын гүйцэтгэх захирал А.Анударь 
Уулзах, хэлэлцэх орон зай нь л байвал залуус "уйтгартай, улиг болсон" гэгддэг, ардчилал, оролцоо, бодлого зэрэг сэдвээр нухацтай ярилцахаас цааргалдаггүй гэж боддог. Яаж ярилцах арга нь л чухал, бас нэмээд ямар зарчим барьдаг, ямар дүрэм мөрддөг, ямар үнэт зүйл эрхэмлэдэг газар тэдэнтэй ярих вэ гэдэг чухал. Гэтэл Монголд насаар нь, статусаар нь, хүйсээр нь гэх мэт ялгаатай байдлаар нь гадуурхаж, ярьсныг нь үгүйсгэж, үнэгүйдүүлдэггүй орчин маш ховор. B1D өдөрлөг чөлөөтэй, олон өнгөтэй, хүндэтгэлтэй, итгэлцэлтэй орон зай байна байх. Манай байгууллага тийм байлгахын төлөө хувь нэмрээ оруулж, залуу эмэгтэйчүүдийн дуу хоолойг онцлон, түрэн дэмжих зорилготой "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой" хэсгийг зохион байгуулж байна. 

Залуучууд өөрсдөө нийгэм, улс төрийн амьдралд оролцохоос зайлсхийдэг, зугтдаг гэхээсээ илүү тэднийг түлхдэг, айлгадаг шүү дээ. "Цүнх баригч, долоогч, годгоносон, хэнхэг" гэх мэтээр хэлж байхад хэн оролцохыг хүсэх вэ, тийм биз? Улс төржиж байхаар хайрла дурла, болз, зугаац гэж даапаалах нь ч байна. Улс төрөөр явах нь "күүл" биш байна. Гэхдээ ингэлээ гээд зугтсаар байвал бүр л бид үл ойшоогдож, орон зай маань хумигдаж, дуу хоолойгүй болно. 

Өөрчлөлтийн төлөөх идэвхтэй, санаачилгатай, стратегитай үйл ажиллагаа байвал сайн. Гэхдээ өөрчилнө гэдэг нь заавал идэвхтэй үйлдэл, бүтээл, амжилт байх албагүй. Хүний эрхэм чанарт халддаг, тэгш бус, шударга бусыг бий болгож буй тогтолцоог үгээр, үйлдлээр шүүмжлэх, сөргөлдөх, эсэргүүцэх нь, мөн бурангуй тогтолцоог бэхжүүлэх санаа зорилготой үг, үйлдэлд нэгдэхгүй байх эс үйлдэл ч өөрчлөлтийн төлөөх үйл хэрэг мөн. 


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Төрбадрах
Нийгмийн оролцоо, эрх, үүргийн талаар гаднын их сурвалж дээрх мэдээллийн хүртээмж сайн байдаг бол монголоор хайхад хуулийн мэргэжлийн бус хүнд тэр бүр ойлгогдохооргүй мэдээлэл л харагдаад байдаг. Иймд залууст энэ мэдээллийг илүү хүртээмжтэй болгох, хуулийн суурь мэдлэгийг энгийнээр хүргэхийн тулд “Орлоо” хэмээх төсөл эхлүүлээд, удахгүй хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд МУИС-ийн судлаач багш, оюутнуудын зохион байгуулсан "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ" онлайн хакатонд манай баг 48.1 заалтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тайлбарласан хип хоп дуугаараа түрүүлсэн. Нийгмийн оролцооны хэлбэр мэдээж олон янз байж болно. Хуулинд тусгагдсан эрх, үүргээ уншин судалж, нийгэм, улс төрийн суурь ойлголтуудыг мэдэх нь түүнийг хэрэгжүүлэх чухал алхам гэдгийг онцолж, уриалмаар байна. Тэрхүү ойлголтуудыг мэдэхгүйгээр язгуур эрхээ хамгаалж чадахгүй шүү дээ. 

Маргааш “White Rock”-д болох “B1D-БиНэгдий” өдөрлөгт очиж, нэг өдрийг зугаатай, үр өгөөжтэй өнгөрүүлж, сайхан зүйлс хийж бүтээх эрмэлзэлтэй залуустай танилцаарай, урам аваарай. Гадаад болон дотоодын байгууллагууд нэгдсэн, нийгмийн олон судалгаанд суурилсан, залуусын төлөөх энэхүү арга хэмжээнээс олон сонирхолтой зүйлсийг олж мэдэх болов уу. Дуучин Маралжингоо, "San Juniper" хамтлагийнхан ая дуугаа хүргэх юм байна лээ шүү. 


“ЛИЙД төгсөгчдийн холбоо” ТББ-ын гишүүн Г.Ганбат 

Бидний сонгож авсан хөгжлийн зам болох ардчилал иргэдийн идэвхтэй оролцоо, хяналтад суурилж байж хөгждөг, эрүүлждэг. Ардчилал хүрэх үр дүн биш, тасралтгүй үргэлжилдэг процесс гэдэг шүү дээ. Залуус бидний хувьд оролцооны хамгийн энгийн хэлбэр бол сонгууль. Бүгдийн маань амьдрал бидний сонгож байгуулсан төр, улстөрчдийн гаргасан шийдвэрээс тодорхой хэмжээгээр хамаарч байгаа. Залуусыг сонгуульд зөвхөн саналаа өгөхөөс гадна сонгуулийн тухай сэдэвт анхаарлаа хандуулаасай, сонгуулийн маань тогтолцоо бидний сонголтыг бүрэн төлөөлөхүйц төрийг байгуулах суурь болж чадаж байна уу, сонгуульд саналаа өгөхөөс эхлээд нэр дэвших, өрсөлдөх хүртэлх бүх шат хөрөнгө чинээ, нийгмийн байдал үл хамааран бүгдэд тэгш хүртээмжтэй байгаа билүү гэдгийг ч бас бодож байгаасай гэж хүсдэг. B1D үйл ажиллагаа олон залууст энэ тухай бодох сэдэл, санаа өгөх арга хэмжээ болно гэж итгэж байгаа. 

Манай “ЛИЙД төгсөгчдийн холбоо” ТББ 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Азийн сан, USAID-ийн дэмжлэгтэйгээр Сонгуулийн дата хакатоныг зохион байгуулж байлаа. Өмнөх сонгуулиудтай холбоотой өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой хакатон маань амжилттай болж, сонирхолтой шийдлүүд гарч ирсэн шүү. Хакатоноос гарсан нэг санаа болох, сонгуулийн ирцийн мэдээг насны дэлгэрэнгүй ангилалтайгаар дүрсжүүлэн нийтэд мэдээлэх ажлыг бид СЕХ-той хамтран 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэрэгжүүлсэн. Ирцийн мэдээ хүлээн авч, нэгтгэх үйл явц нүсэр байсныг хөнгөвчилж, гар утасны аппликэйшн боловсруулан, өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр ирцийн мэдээллийг 12 насны ангиллаар цаг тутам мэдээлсэн. 2020 оны сонгуулиас өмнө ирцийн мэдээг насны дөрвөн ангиллаар нийтэд танилцуулдаг байсан нь хэт цөөн учир залуусын оролцоог тодорхой дүгнэх боломжгүй байсан юм. 


МУИС-ийн утга зохиол судлалын ангийн оюутан М.Анухатан 

Бага байхад эргэн тойрны хүн болгон л нийгмээ муулдаг, буруутгадаг байсан тул угаасаа л бүтэхгүй, ерөөс засрахгүй, өөрчлөлт гэдэг холын зүйл юм шиг л боддог байсан. Харин одоо бол ердөө ч холын зүйл биш, харин ч улс төр, нийгмийнхээ зүй тогтлыг ойлгож, ямар шийдвэрийг бид шаардах ёстой, хэдий хугацаанд тэр нь биелэх ёстой зэргийг мэдэж, зөв шаардлага тавьж чадах нь чухал гэдгийг ойлгосон шүү. Бүгдийг биелүүлж чадах бирд гэж байдаггүйгээс хойш зөв хүсэлт шаардлага тавьж, хий хоосон, сэтгэл хөөрлөөр хүсэлт гаргалгүйгээр, зохих хэмжээнд судалж мэдэх, улс төрийн талаар ойлголт сайтай байх нь ард иргэдийн гаргаж чадах идэвх болов уу. 

Залуусын улс төр, нийгмийн оролцоо маш сайн байгаа шиг санагддаг. Тавьж буй шаардлага болон илэрхийлж буй хандлагыг нь харахад хэтдээ өөрчлөлт заавал ирнэ ээ гэж боддог. Эерэг өөрчлөлт авчрахын төлөө хэзээд нэгдэнэ, хамт хичээнэ гэдэг гэгээлэг хандлагатай байгаасай. 

Нийгмийн амьдралд хэрхэн идэвхтэй оролцох талаар бодоод үзэхэд салбар бүрээс өөрсдийнх нь онцлог бүхий хариулт, арга хэмжээний санаа гарч ирэх байх. Өөрсдийнхөө мэргэжлийг сайн эзэмшиж, сонгосон чиглэлээрээ үр бүтээлтэй ажиллаж, үр дүнг нь нийгэмдээ хүргэж чаддаг бол "Опозит" хамтлагийн "Нэрийг чинь бичье" дуунд гардаг шиг, "дэлхийн од" болох нь тэр. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.