Зохиолч, орчуулагч Ж.Лхагвын 1974 онд анх хэвлүүлсэн “Японы яруу найраг” шүлгийн түүвэр ном 2022 онд дахин хэвлэгдсэн билээ. Тус номонд япон шүлгийн гол гурван төрөл болох танка, хайку, гэндайсигийн төлөөлөгч 85 яруу найрагчийн бүтээл багтсан нь онцгой юм.
Үгийн цөөн, утгын гүнзгийг уншигч бидэнд хүргэх тус номноос 17 шүлгийг онцолж хүргэж байна.
***
Наран шингэхэд
Надад учиртай.
Сайхан түүнийг мөч ч болов
Саатууланхан харуулах гэж
Үүл ярагдаж байнам.
Накано Кикуо
***
Бүсгүйн тэвэрт
“Тэнцэж чамтай зүйрлэмээр нь үгүй ээ.
Тэнгист бол чи цагаан цахлай болох сон
Тэнгэрт бол чи улаан далбаа байх сан”
Тэгж хэлээд бүсгүйг наашаа харахад нь
Тэвэрт нь би шувуухай шиг унав аа.
Ёсона Тэккан
***
Уяхан эхнэр минь
Утсаар бээлий нэхчхээд
Урамшинхан баясна.
Эм хүнийг баярлуулахад
Ээ дээ! Бага юм хэрэгтэй аж.
Морикава Хейхати
***
Жаахан хүүхдүүд
Талбай дээр тоглохдоо
Заавал хашхиралдахыг
Мэдсээр мөртөө
Дандаа би цочих юм даа.
Усида Томажи
***
Хонгорхон охин минь
Хуримын аяллаас эргэж ирлээ
Өмссөн гутлын нь
Өндөр өсгий
Өрөөсөн тийшээ налсан байна.
Тадокаро Таэко
***
Хайрт ээж минь, таныхаа
Хархан үсэнд унасан хярууг
Халуун нулимсаараа хайлуулах сан.
***
Намрын анхны борооноор
Нарсан ойн сармагчин хүртэл
Цув нөмрөх санаа бий.
***
Өвлийн өглөө анхны цасан дээр
Өөдгүй хэрээ ч
Өнгө засжээ.
Мацуо Башё
***
Сарны саруулыг хэлээд яахав!
Надтай мөргөлдсөн сохор хүн хүртэл
Найр тавин инээж байна шүү…
***
Намрын орой даарч суунам.
Магадгүй энэ орой дулаан байсан шиг
Маргаашийн өдөр санагдах ч юун.
Ёса Бусон
***
Амьдрал гэгч тэмцэл юм
Аальхан болжмор нохойг хуураад
Идүүртэй хоолыг нь тоншиж байна.
Исида Хакё
***
Хавар сайхан гэвч
Хайртай хүүхэн минь
Хавар шиг сайхан, өвөл шиг цагаан.
Кадокава Минаёси
***
Царцаахай минь битгий гунь
Хагацал үгүй дурлал гэж
Хан тэнгэрийн одонд ч үгүй.
***
Бузар манай ертөнцөд
Буух газаргүйгээ мэдээд
Бушуу арилжээ, шүүдэр.
Кобаяси Иса
***
Ажиллаад ажиллаад
Амьдрал дэгжсэн юмгүй байна
Алаг нүд л харин гараа горьдон ширтсээр байна.
Кобаяси Фумио
***
Эргийн ногоо сайхан ч
Баригдсан загасанд
Замгийг нь орлож чадахаар биш
Мибаси Такажио
***
Миний мөрөөдөл
Нэгэн цагт
Хаврын зүүд шиг байлаа.
Минаёси Соу
Нийтэлсэн: М.Анухатан